Цагаан сар нь Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Цагаан сарын баярыг Монголын Буддын шашин, Шарын шашны Төгсбуянтын зурхайн билгийн тооллын дагуу хаврын эхэн сард тэмдэглэдэг. Монголын Цагаан сарын баярыг Монгол Улсаас гадна ОХУ-ын Буддын шашинт Буриад, Тува, Алтай, Халимагийн ард түмэн тэмдэглэн өнгөрүүлдэг.
"ХОТОЛ ТӨГС” хэмээх "ТӨМӨР ХУЛГАНА" жилийн өвлийн адаг сарын битүүн 2021 оны хоёрдугаар сарын 11-ний Пүрэв гарагт болно.
17-р жарны 35 он буюу Зургаан цагаан мэнгэтэй Цагаагчин үхэр жилийн Цагаан сарын ШИНИЙН НЭГЭН 2021 оны хоёрдугаар сарын 12-ны Баасан гарагт тохиож байна. Энэ нь ердийн (илүү саргүй) жил тул 12 сартай.
Төгс буянтын зурхайг 1747 онд Хөхнуурын Монголын түүхч, гүн ухаантан, шашны ухаан, анагаах ухаан, уран зохиол, одон орон судлал, зурхайч Сүмбэ хамба лам Ишбалжир Монгол орныхоо газрын хуваарьт тохируулан "Төгс буянт шинэ зурхай" хэмээх Монгол одон орон зурхайг зохиож сургууль байгуулсан түүхтэй. Төгсбуянт зурхай бол нар сарны тооллын дагуу Монгол орны цаг агаар уур амьсгалд тохируулж бүтээсэн Монгол зурхай юм. Тус зурхайн дагуу жил бүрийн Цагаан сарын баяр хэзээ болохыг товлодог.
Монголчууд 200 гаруй жил Манж Чин гүрний харьяанд явахдаа Хятадын Шар зурхайгаар Цагаан сарын баяр тэмдэглэдэг байв. Улмаар 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, 8-р Богд Жавзандамба хутагтын зарлигаар Төгс буянтын зурхайг эргэн сэргээжээ. Цагаан сар бол шинэ жилийн баяр төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолын билэгдэл юм.
0 Сэтгэгдэл