ХУВЬ ЗАЯАНЫ ЭРГҮҮЛЭГ ...” КИНОНЫ БААТРУУД ӨНӨӨДӨР

Соёл урлаг, Спорт
Тэр цагт Зөвлөлт холбоот улсад байшин үйлдвэрлэх комбинатууд нэг л загварын угсармал байшингууд барьж, хороолол, гудамжийг нэг ижил коммунизмын үеийн нэрээр нэрлэдэг нь хот бүрт ижил шахам байсныг шоглосон найруулагч Эльдар Рязановын “Хувь заяаны эргүүлэг буюу ууранд орсон паян” гэдэг кино 1975 онд дэлгэцэнд гарснаас хойш жил бүрийн шинэ жилийн сюрприз болон телевизээр гардаг ч үзэгчид өнөө болтол уйдаагүй л байна. Мэс засалч Женя Лукашин сүйт бүсгүйтэйгээ шинэ жилээ тэмдэглэхээр тохироод найзуудтайгаа ууранд орсон ч нөхөд нь ташаараад нөгөө нэгийнхээ оронд Ленинград руу явуулчихдаг. Тэнд нь яг өөрийн нь хотынх шиг Барилгачдын гуравдугаар гудамж, 25 дугаар байрны 12 тоотод хаалганы цоож нь хүртэл таардгаас хамаг будлиан эхэлдэг энэ киноны баатрууд энэ.
Андрей Мягков бол инээдмийн киноны, тэгэхдээ Рязановын дуртай жүжигчин. “Ийм нэгэн явдал”, “Гарааж” зэрэг киног нь бид мэднэ дээ. Энэ жил энэ жүжигчин 82 нас хүрнэ.
Польшийн жүжигчин Барбара Брыльска энэ киноны Надягийн дүр өөрийг нь алдаршуулсныг хэзээ ч нуудаггүй. Энэ жүжигчин өнөөдөр 79 настай.
Надягийн сүйт хархүү Ипполит болох Юрий Яковлевыг бид “Иван Василевич мэргэжлээ сольсон нь” киногоор инээдмийн дүрүүдийг нь мэднэ дээ. Жүжигчин 2013 онд өөд болсон.
Лукашины сүйт бүсгүй Галяд тоглосон Ольга Науменко энэ киноноос хойш нэг их амжилт олоогүй. Өнгөрсөн жил тэрбээр 70 насныхаа ойг тэмдэглэсэн.
Лукашины “ертөнцийн хамгийн сайн ээж” Любовь Добржанская бол Зөвлөлтийн армийн төв театрын жүжигчин. Олон кинонд тоглосон ч “Хувь заяаны эргүүлэг...”сүүлийн дүрийн нь нэг. Энэ жүжигчин 1980 онд өөд болсон.
Надягийн ажлын багшийн нэг, гэнэтийн зочин Лия Ахеджаковаг зөвлөлт орос төдийгүй манай үзэгчид андахгүй. “Ийм нэгэн явдал”....гээд хоёрдугаар дүрд гайхамшигтай тоглож сэтгэлд үлддэг жүжигчин. Жүжигчин өнөөдөр 82 нас зооглож, кинонд тоглосоор байгаа. байгаа.
Бас нэг багш найз нь болох Валентина Талызина энэ кинонд зүгээр ч нэг найзындаа зочлон ирдэг төдийгүй польш жүжигчин Брыльскаягийн аялгатай яриаг өөрчилж гол дүрд дуу оруулсан хүн. Талызина өнөөдөр 85 нас зооглож, театртаа тоглосоор байгаа.