"Ideree’s Home Party" нэвтрүүлгийнхэн УОК-иос уучлал хүсэв

Соёл урлаг, Спорт

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Нэг зүйлийг хатуу анхааруулъя. Олон нийтийн сүлжээнд марзан хошин зүйл яриад байдаг олны танил хэсэг хүмүүс Улсын онцгой комиссын нэр барьж, найз нөхөдтэйгөө утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашиглаж, буруу хэрэглэж, марзаганаж байгаа бичлэг тавигдсан. Өвчин бол тоглоом биш. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ийм хүнд үед олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, ийм тоглоом шоглоом хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр зургаан нөхрийг шалгуулна. Хуулийн хатуу хариуцлагатай шүү. Олон хүний хөдөлмөр, өвчин зовлон туулж яваа хүмүүсээр даажигнах эрх хэнд ч байхгүй. Тэд амны хаалтгүй, тойроод суучихсан, их сонин үйлдэл гаргаж байна лээ. Дэг журамтай байна шүү" гэж анхааруулсан билээ.

Түүний хэлсэн нэвтрүүлэг нь "Ideree’s Home Party" нэвтрүүлэг байсан бөгөөд тус нэвтрүүлгийн оролцогчид дээрх мэдээллийн дараа Улсын Онцгой комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн, чирэгдэл учруулсандаа уучлал хүсжээ.

Энэ талаар тус нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсандаа "Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна" гэжээ.