"ГУРВАН НАЙЗ" БҮЖСЭН БАГТ НААДМЫН ДУРСАМЖ

Соёл урлаг, Спорт

Сэтгүүлч Ж.Жаргал

Хүүхэд насны шинэ жилийн баяр бүхэн гэгээн, сайхан дурсамжаар дүүрэн. Миний багад Шинэ жилийн баяр гэхээсээ илүүтэй “Ёолк болно” хэмээн арванхоёрдугаар сарын 31-нийг догдлон, догдлон хүлээдэг байлаа.

1973 он. Гуравдугаар ангид байлаа. Манай анги 31 хүүхэдтэй. Бараг сар шахмын өмнөөс сургуулийн ёолконд бэлтгэх гээд анги бүрээс хэдэн сурагч шалгаруулж авдаг уламжлал ёсоор манай ангиас сургуулийн бага ангийн наадамд тавуулаа оролцохоор болов. Миний хувьд бол урлагийн авьяастайдаа ч энэ сонголтонд багтаж, ёолкны концертонд орох эрх аваагүй. Урлагийн авьяастай хэдэн хүүхдээ дагуулаад, хичээлээс чөлөөлөхөд сурлагаар нэг их хоцрохгүй гэсэн үүднээс ангийн багшийн минь л  хийсэн сонголт. Ёолкноос бараг долоо хоногийн өмнө биднийг хичээлээс чөлөөлөн,сургуулийн дуу хөгжмийн багш О.Лхамсүрэнгийн мэдэлд очлоо. Дээд ангийн буюу дөрвийн А-гийн Ш.Мядагмаа, гурвын Б-гийн К.Болдхаан хоёртой хамт “Гурван найз” бүжиг бүжиглэхээр орой бүхэн давтана. Бүжгээ овоо сайн сураад, Лхамка багшид зандруулах нь арай цөөрсөн үед нөгөө портнёр Мядагмаа “Би ийм муухай найздаа гологддог бүжгэнд орохгүй” гээд нэг орой енгэтэл уйлаад суучихлаа. Тэгтэл Лхамка багш намайг сэмээрхэн дуудсанаа заалны буланд очоод “Миний охин Мядагмаагийн оронд бүжиглэчих. Тэр чинь гологдож байгаа биш, хамгийн мундаг найз нь шүү дээ, тийм ээ гэхэд нь би ч толгой дохиж орхилоо. Заал руу орж Лхамка багш Мядагмааг бас аргадаад “Манай Жаргал тэр охин болно. Одоо та хоёр хөдөлгөөнөө сольж хурдан сур...”гэлээ. Тэр оройжингоо шинэ хөдөлгөөнөө давтав. Ёолк дөхсөөр. Сургуулийн концертонд нийтийн хоор дуунд ганц зогссон бас нэг удаа АСТ хөтөлснөөс өөр тайзан дээр гарч үзээгүй болохоор намайг сургуулийнхаа ёолконд бүжиглэнэ гэхээр манай гэрийнхэн бас бөөн баяр. Тэр тусмаа миний өвөө “Миний охин бүжиж чадаж байгаа юу. Сайн сурсан уу” гээд байн байн асууна аа. Аминдаа ач охиноо их гоё бүжүүлэх гээд санаа тавьж байгаа нь тэр. Миний ах намайг огт тоохгүй ээ, “Чиний бүжиг ч...” гээд дооглох маягтай. Хоёр дүү минь бөөн баяр. Хамгийн бага нь учир мэдэхгүй жаахан байсан.

За, ингээд хэд хоногийн дараа хүсэн хүлээсэн арванхоёр дугаар сарын 31-ний өдөр болж, бага ангийнхны ёолк сумын клубт 11.00 цагаас эхэллээ. Тэр ёолкыг хамгийн их хүлээсэн миний өвөө хамгийн урд талын суудалд суусныг би хөшигний завсраар харж амжив.  Ингээд өвөөдөө гоё бүжиж харагдах гээд илүү их догдолж байлаа...

Хөтлөгч зарлав. Хөгжим хүчтэй эгшиглэхэд, Лхамка багш дохилоо. “Гурван найз” бүжгийг үнэхээр алдаагүй сайн хийв, бид гурав. Цаг гаруй үргэлжилсэн бага ангийнхны багт наадмын дараа онц гарсан сурагчид дунд би ч Өвлийн өвгөн ааваас хатсан яавлаг, хар чавга, хачин том улаан алим... гээд амттан бүхий цаасан ууттай бэлгээ гардав. Багт наадам дуусаад гэртээ ирэхэд өвөө минь  “Миний охин шагнуулсан. Ёстой мундаг” гээд духан дээр үнэрлэснээ:

-Тэр уйлаад хоцорсон нь миний хүү мөн үү... Яагаад уйлав? гээд бараг л хоолой нь зангирах нь тэр...

 Найз Мядагмаа минь тэр дүрээс зугтаж, өвөөгийн минь урмыг хугалсан тэр бүжиг бол хоёр эмэгтэй, нэг эрэгтэй гурван найз. Хачин лотно сайхан үерхэж тоглоно. Харин миний дүр буюу хөдөлгөөн нь жаахан дээрэлхүү, нөгөө охиноосоо тоглоомоо булааж зугтаад, хөвгүүнээ дуудаж хамтдаа тоглож, бүжиглэдэг дүр. Хамгийн гол нь бүжиг маань “Нэгэндээ дээрэлхэж болохгүй. Тэгвэл ингэж ганцаардаж найзгүй хоцорно” гэсэн агуулгатай. Бүжиг төгсөхдөө нөгөө хоёр маань хөтлөлцөж гүйгээд явахад би суугаад, уйлаад хоцордог юм. “Гурван найз” бүжиг бүжиж өвөөгийнхөө хоолойг зангируулан, гуравдугаар ангид байхдаа оролцсон багт наадам, бага ангийнхны ёолк санаанд минь хамгийн тодхон.

 Дараа жилийнхээ багт наадамд “Ботго” бүжгэнд бас орж бүжсэн л дээ...