СҮЛД МОДНЫ НААДМЫН ГОЛ ЧИМЭГЛЭЛ ЧИНЬ ДЭВТРИЙН ЦААС, ХӨВӨН Л БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ

Соёл урлаг, Спорт
Энд өөр зуураа 15-16 жилийн зайтай, нэг нь хөдөө суманд, нөгөө нь аймгийн төвд болсон хоёр сүлд модны наадмын тухай дурсах гэж байна. 1950-60-аад он шүү дээ.....Өнөөгийн зарим хүүхэд үнэмшихгүй ч байж мэдэх.
СҮЛД МОДОО ШАТААСАН ААВЫН МИНЬ ШИНЭ ЖИЛ
Миний аав 1947 оноос Багшийн сургуульд суралцаж бага ангийн багш болоод 1950 оноос цэргийн албыг нийслэлд хаасан хүн. Нэг үгээр хэлэхэд улсын нийслэлд зургаан жил амьдарч дайны гамшгаас салж ядаж байсан юм ховор зэвэр, бүдүүлэгдүүхэн тэр цагт төв газрын соёлтой бага зэрэг танилцаж л дээ.
Ингээд 1953 онд халагдаад нутагтаа багш, бага сургуулийн хичээлийн эрхлэгчээр очиж. Тэр цагийн сумын төв айл, хүн цөөтэй, барилга байшин ховор. Бага сургууль нь дээр цагийн цементэн шалтай хөх саарал туйпуун барилгад, сумын улаан булан өмнөө гонхтой жижиг дөрвөлжин, түүхий тоосгон байшин.
Соёл түгсэн нийслэлээс очсон залуу боловсон хүчин юун түрүү сумандаа ёлк хийхээр шийдэж. Сумын улаан булангийн эрхлэгчид ярьж тайлбарлаад хоёул бэлтгэж эхэлж дээ. Ихээхэн мөчир салмайтай заг олж авчраад гацуурын төрхөнд оруулан тайрч янзлаад дэвтрийн цаас будан гинж, хэл хийн, хөвөнгөөр чимэв. Энээхэн зуур ч суманд анх удаагаа “ёойлк болох гэж байна” гэсэн чимээ тэр дорхноо тархаж том том сэгсүүргэн дээл, эсгий гуталтай хүмүүс ирж сонирхоцгоож байж. Таазаар бас утас татан түүнээсээ утас унжуулаад, хөвөн имхэрдэж цасан ширхэг хийсэн гэж байгаа. Ингээд л улаан булангийн эрхлэгч өвлийн өвгөн болох, сургуулийн хэдэн хүүхэд дуулж хуурдаж авьяас үзүүлэх, бас ч гэж шинэ хуучин он бэлтгээд, онц сурлагатнууддаа дэвтэр харандаахнаар бэлэг бэлтгээд он солигдох мөчийг хүлээж.
31-ний орой улаан булангийн жижиг танхим пиг дүүрэн. Тайзны наад ирмэг, гурав дөрөвхөн цонхны тавцан дээр олон лаа зээглүүлэн асаасныг ч хэлэх билүү, гэрэл гэгээ ч янзтай. Ингээд хөдөө нутаг соёлын үрийг тарьсан цоо шинэ үзвэр, Ёойлк ид дундаа явж байтал томцуулан урдуур зээглэн суусан үстэй дээлтэй хүүхдүүдийн нэг нь босч явж байгаад өнөөх олон лааны нэгийг хормойгоороо татчих нь тэр. Ингээд л юу байхав дээ, ёолкны гол чимэглэл, цасан ширхэг хөвөнд гал дүрсхийгээд, хамаг хүмүүс хашгиралдаад л хаалга руу чихэлдэж, Шаварт унасан шарын эзэн улаан булангийн эрхлэгч, аав хоёр ганц нэг хүнтэй элбэн байж улаан булангаа шатаачхалгүй авч үлдэж. Ёлк ч бүр хуйхлуулчихсан.
Галын аюулаас сэрэмжлээгүй, анхаарал болгоомжгүй байсан хэмээн сумын даргаас дараа нь зэмлүүлээд өнгөрсөн гэдэг.
ХОЁР БЭЛЭГТЭЙ СУРГУУЛИЙН ШИНЭ ЖИЛ
Миний шинэ жил бол энэ явдлаас 15, 16 жилийн дараах л даа. Аавын минь загаар сүлд мод засч байсныг бодвол юм элбэгшсэн үе, тэгээд ч аймгийн төвийн 10 жилийн сургууль шүү дээ. Манай сургууль өнөөгийн аймгийн Засаг даргын тамгын газар байгаа хоёр давхар байшинд, нэг их өргөн сайхан коридортой. Жирийн цагт эргэн тойронд нарийн хивсэнцэр дэвсээд түүн дээгүүр багш сурагчид явдаг, голын хэсгийг нь цэвэрлэгч нар шил толь шиг зүлгэж өнгөлсөн, хивсэнцэр дээгүүр яваа хүн шаланд яг нууранд юм шиг харагдаж байдаг тийм байлаа.
Сүлд модны наадам хоёрдугаар давхрын хонгилд болно. Урлаг соёлынхон, өвлийн өвгөн, цасан охид, өвгөний дагуул амьтад хонгилын дагуух анги ангид бэлтгээд байж байна.
Сургуулийн шинэ жилд бэлтгэнэ гэдэг бүх нийтийн үйлс. Хүүхэд бүр хэцэн дээр тохох цаасан хэл тус бүр 10-ыг хийнэ, дэвтрийн гол цаас голоор нь зүсээд, усан будгаар өнгө өнгөөр будаад үзүүр гарган хайчилна. Цаасан тууз хэдэн алдыг хийнэ дээ. 1965-66 он юм болов уудаа, тэр болтол цаасан гинж хийдэг байлаа. Тэгээд гинж бол колончлолын бэлгэ тэмдэг гээд болиулсан юм гэдэг. Тэгээд л зүгээр л 1-2 см өргөнтэй цаасан тууз хэдэн алдыг хийж өнгө өнгөөр будаж бөмбөрдөөд тушаана даа.
Дөрөвдүгээр ангид байсан юм уу даа, тэр жилийн сүлд модны наадмаар намайг өвлийн өвгөний дагуул ан амьтдын сармагчинд тоглох үүрэг хүлээлгэв. Амьтдын баг бол тэр амьтны өнгөөр хийсэн даалибан комбинзон, цаасан шуумал баг. Баавгайн хувцас бол дах, дэгтий. Мэдээж амьтан бүр өөр өөрийн хэлдэг үг, богино шүлэгтэй. Бас ч гэж хөдөлгөөнийг нь дуурайн алхаж, гүйж харайна. Сармагчин бол хүн амьтныг дууран гүйж харайж, хамраа ухаж байх жишээний.
Хамгийн сайхан нь амьтанд тоглосны төлөө өвлийн өвгөний бэлэг авна. Дээр нь онц сурсныхаа төлөө бас бэлгээ авна. Ингээд л хоёр бэлэгтэй харьдаг байсан даа.
Өвлийн өвгөний бэлэг бол гоё, ёстой ховрын юм байна шүү дээ. Тэр нь нэг хөлдүү алим, бас нэг мандарин, 60 мөнгөний жигнэмэг, хэдэн чихэр шүү дээ...Уут нь бичгийн цаасны хэмжээтэй, нүүүрэн дээрээ шинэ жилийн мэнд хүргэе гэсэн уриа, өвлийн өвгөний зурагтай цаасан уут.
Сүлд модны наадам бага анги, дунд анги, ахлах анги, онцчуудын гээд хэд хэдэн удаа тоглоно. Тоглолт бүрийн дараа сургуулиар л нэг мандарины үнэр хамар цоргиод л......Ай даа хүүхэд насны минь шинэ жилээ гэж...