Хулан мэт хурдан БУДЖА

Соёл урлаг, Спорт

Э.БАТ-ЭРДЭНЭ

Уншигч та хэр удаан гүйж чадах вэ. Ихэнх нь “Хэдхэн цаг магадгүй цөөхөн минут л гүйнэ” гэж хариулах байх. Тэгвэл та бүхэн монгол тамирчин 10 өдөр буюу 240 цагийн хугацаанд 1189.3 км гүйн тэр ч бүү хэл “Self-transcendence USA open” тэмцээнд түрүүлсэн тухай сонссон биз ээ. Уг амжилтын эзэн бол Бямбаагийн Буджаргал. Түүний туулсан зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүрэхтэй тэнцэнэ гээд бодохоор туршиж үзэх нь байтугай төсөөлөхөд ч тун бэрх. Б.Буджаргал “Selftran-scendence USA open”-д 2017 онд дөрөв дэх удаагаа хурд сорихдоо дээрх амжилтыг гарган, дэлхийн аварга болсон юм. Тэрбээр тус тэмцээнд түрүүлсэн төдийгүй медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Хөнгөн атлетикийн спортоор 25, хэт холын зайн марафон гүйлтээр 12 дахь жилдээ хичээллэж буй Б.Буджаргал бэлтгэл хийхээр өнгөрсөн жил Тайландад очсон. Гэвч коронавирусийн халдварын улмаас оролцохоор төлөвлөсөн тэмцээн, уралдаанууд нь цуцлагдан, хүний нутагт гацаад байгаа билээ. Ингэлээ гээд тэрбээр бууж өгөөгүй. Зорилгодоо хүрэхээр тэмүүлж, өдгөө АНУ-д үргэлжилсэн “Зургаан өдөр, зургаан шөнө”-ийн олон улсын тэмцээнд хурд сорьж Монгол хүний тэсвэр тэвчээр, хурд хүчийг тод харуулж чадсан.