Шинэ он гарахаас өмнө амжиж үзэх 8 кино

Соёл урлаг, Спорт

The Photograph

Энэ оны 2-р сарын 14-нд нээлтээ хийсэн, Universal pictures-ийн романтик, драма кино. Өнгөрсөн болон одоо цагт өрнөж буй хайрын түүхүүд хоорондоо зургаар холбогдож, музейн эрхлэгч Mae, сурвалжлагч Michael хоёр бие биедээ татагдана. Романтик, сэтгэл догдлом хайрын элементүүдийг та энэ киноноос мэдрэх болно.

Алдар+Жерри (New year special)

Инээд бэлэглэх өхөөрдөм төрхөөрөө олныг татдаг Алдар, Жерри хоёрын маань түүх үргэлжилсээр. Тэрээр хүүхэдтэй болсноо мэдэж, бүл нэмсэн анхны шинэ жилээ хөл хорионд угтахаар болдог. Шинэ жилээр хайртаа хүндээ барих бэлгээ хэрхэн сонгох нь хосын хувьд сонирхолтой. Мөн залуу хосын хайр дүүрэн нандин сэтгэлийг энэ киноны төгсгөлд өгүүлэх болно.

Eternal beauty

Гэрлэхийн өмнө салж, нэг ёсондоо амьдралд “хаягдсан” Jane бүсгүйн сэтгэл санааны байдал зогсолтгүй уруудан шизофрени өвчинд нэрвэгдэнэ. Бодитоор болсон, өөрийн ургуулан бодсон бүх зүйлс нь түүний толгойд холилдож эхлэх мөчид тэрээр Mike гэх бүтэл муутай уран бүтээлчтэй таарна. Хоёр “ижилхэн” хүмүүс бие биедээ ямар нөлөө үзүүлэх бол?

Christmas on Ice

Нийтийн гулгах талбайг хаах хотын захирагчийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүйн тулд уран гулгалтын багш Courtney болон хоккейн тамирчин Noah нар нэгдэн, хамтдаа ажиллаж эхэлнэ. Тэдний төлөвлөгөө юу байх бол?

Фракц-2


Нэгэн зочид буудлын захирал гэнэтийн байдлаар ажлаасаа халагдахаар болно. Толгой компанийн зүгээс цаашид удирдах хүнийг бүх ажилчдын санал асуулгаар сонгох шийдвэр гаргана. Шинэ захирлын албаны төлөөх өрсөлдөөнд хайр дурлал, гэр бүл, найз нөхөд, нэг хамт олон хэрхэх талаарх хөгжилтэй үйл явдлуудыг энэхүү киноноос үзээрэй.

Deliver us from evil

Энэхүү кино нь Өмнөд Солонгос улсын шилдэг киноны тоог нэгээр нэмсэн бүтээл яалт ч үгүй мөн. Хөлсний алуурчин In Nam хамгийн сүүлийн захиалгаа гүйцэтгэж дуусгах үед Тайландад байгаа хуучны танил нь хулгайлагдсан охиныг нь олж өгөхийг гуйна. Эхэндээ татгалзсан хэдий ч уг хэрэг өөртэй нь нэгэн сэжмээр холбоотойг мэдээд Тайландыг зорьдог. Гэвч хэрэг явдал түүний хувьд тийм ч амар байсангүй. In Nam охиныг аврахын зэрэгцээ өөрөөс нь өшөөгөө авах гэж улайран нэхэх нэгэн эрийн учрыг олох хэрэгтэй болно.

Shaft


MIT-ийн төгсөгч, цахим орчны аюулгүй байдлын мэргэжилтэн JJ Shaft-ийн хамгийн дотно найз нь цаг бусаар амиа алджээ. Энэ хэргийн ард ямар нууц байгааг олж илрүүлэхийн тулд JJ Shaft гэр бүлийнхэнтэйгээ нэгдэн, мөрдөж эхэлнэ.

Incredibles 2


Супер гэр бүлийн болон супер баатрууд Underminer-тэй хийсэн тулаанаас багагүй хохирол авснаас болоод тэдний нэр хүнд нийгмийн дунд унаад байлаа. Азаар нэгэн саятан супер хүмүүсийн нэр хүндийг дахин сэргээхийн тулд сунадаг бүсгүй Хеленийг ашигладаг.