Дүрд тоглож үгээ мартсан “аауу аауу” гэж орилсон шинэ жил

Соёл урлаг, Спорт

Шинэ жил болгон сайхан. Гэхдээ адал явдалтай шинэ жил  бүр ч дурсамжтай. Энд нэг зүйлийг онцлохгүй бол болохгүй. Шинэ жилээр л алим, мандарины бараа харж амттан хүртдэг байв. Хөлдүү байсан ч гэсэн үнэр нь хамраас салахгүй, амт нь араанд уусах нь тансаг. Өнөө ч сэтгэлд дотно дурсамж сэдрээдэг нь гайхалтай.  Арга ч үгүй биз улсын нийслэл Улаанбаатарыг  зурагтай ил захидлаас нь хардаг буйдхан сумын төвийн хүүхдэд. Үүнээс гадна шинэ жил болгоноор  “С Новым Годом”, “Шинэ жил” гэсэн ил захидал сумын шууданд “түгжирдэг” байсныг дурдах нь илүүц байх.

Буйдхан ч гэлээ манай сумын төв  надад хөл ихтэй санагдаж хөгжөөнтэй сэтгэлд дотно дурсамж дүүрэн амьдрал бэлэглэсэн юм даг. Ингээд тээр жил Монгол Улсад хуучин нийгэм халагдахаас өмнө 1987 оны шинэ жилийн дурсамжаа хуваалцаж байна. Учир нь тэр жилийн Шинэ жил их дурсамжтай хөгтэй, ухааралтай болж билээ.  Одоогоос 33 жилийн өмнөх үйл явдал л даа. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын арван жилийн дунд сургуулийн гуравдугаар ангийн сахилгагүй бацаан байх үе. Тухайн үед “Сэхээтний хүүхэд байж, чи яаж байгаа юм” гээд загнуулж билээ. Учир нь сургуулийн онц, сайчуудын хөрөг зурагтай самбарыг сүйтгэсэн хэрэг тарьсан “хувьсгалын эсэргүү”  болсон удаатай.

Энэ хүнд бөгөөд дурсамжтай түүхээ одоо өгүүлье.

Миний аав М.Тэгшээ гэж сум нэгдлийн түүхий эдийн эрхлэгч гэсэн ажил хийдэг хүн байлаа. Өөрөөр хэлбэл манай сумын мал аж ахуйн бүхий л бүтээгдэхүүн ноос, ноолуур, арьс, шир, мах бэлтгэл зэрэг ажлыг хариуцсан хүн. Ээж маань бага ангийн багш Н.Магсаржав. Тэр жил манай ангийн ханын сонины гол зургийг аав минь зурж билээ. Түүний зурсан зургийг дүрсэлбэл “Хос цагаан морьтой өвлийн өвгөн чарга дүүрэн бэлэгтэй, зарим нь хальж асгарчихна. Цасан охин нь хос бугатай чарга хөлөглөөд ая дууны эгшиг хөглөрүүлж дэлхий рүү ирж яваа” харагдана. Мэдээж ард нь өвлийн өнгийг илтгэх тунамал цэнхэр өнгө ууссан, од мичид цасан ширхэг хаяласан байв. Хажуугаар нь цасан ширхэг өгөхөө мартаагүй л дээ. Ингээд манай ангийн ханын сонин сургуульдаа гуравдугаар байрт шалгарч “Өргөмжлөл үнэ бүхий зүйл”-ээр шагнуулсан.

                                                         Өргөмжлөл

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 1987-1988 оны Шинэ жилийн баярын ханын сонины уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Ерөнхий боловсролын арван жилийн дунд  сургуулийн ...3...-ын А ангийн хамт олонд шинэ жилийн халуун баяр хүргэе. 

                Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдэл. Тэгш.

Гээд сум нэгдлийн даргын гарын үсэг тамгатай өргөмжлөлөөр шагнуулсан байдаг.  Үнэ бүхий зүйлд нь манай ангийнханд 24-ын чихэр,  алим, мандарин болон дугтуйтай 10 төгрөгтэй өгч байсан санагдана. Үүнээс гадна сургуулийн шинэ жилийн баяраар манай ангийнхан Монгол ардын  “Шарга даага” үлгэрээр дүр тоглолт хийж байв. Би энэ дүр тоглолтод чонын дүр бүтээж билээ. Гэвч үгээ мартаж аауу  аауу аауу гээл орилоод зогсч байсан дамшиг даа. Хүмүүс инээлдэж,  би ичсэндээ хөшигний  араар гүйгээд орчихсон юм даг. Манай ангийн дүр тоглолт ингээд алиагаа алдаж би буруутан болсон дурсамжтай. Миний паян ингээд дуусахгүй. Өнөө “хувьсгалын эсэргүү” хэрэг мандана шүү дээ. Ямар хэрэг хуучрах биш. Дүр тоглолтод бэлтгэж байхдаа тарьсан хэрэг байгаа. Ангидаа дүрээ бэлтгэж байхдаа бие засах гэж гараад явж байхдаа тракторын “шаариг” хаглаж олж авсан төмөр бөмбөлгөөр баахан шил хагалаж хэрэг түйвээсэн хүн шүү дээ. Гэхдээ би үүнд ганцаараа буруугүй шүү. Манай ангийн Б.Даваажамж гэж найз хамт байсан. Тэр дүрд тоглоогүй ч намайг дэмжиж байсан фэн л дээ.

Бид “Ардын хувьсгал,  Улсын өмч, Онц сайчуудад атаархаагүй” зөвхөн хэн нь мэргэн бэ гэдгээ үзэж тоглосон төдий. Шааригаа шидэж шил онох болгонд баярлаж хэн хэнээсээ илүү л гарах гэж мэрийсэн байдаг.

Аав, найз Даваажамцын аав Батсайхан ах хоёр  бидэнд  “Та нар хэзээ хүн болно доо, очиж очиж ийм олон шил хагалаад байх даа яахав дээ” хэмээн үглээд бидний тарьсан хэргийг  өдрийн турш ажиллаж байж  бүтэн болгож  билээ. Тэр үед “Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурууд”  болсон бидэн хоёр нусаа татаад,  шилээ маажаад гарын үзүүрт нь бөндөгнөөд гүйж өнжсөн дөө.  Миний жүжигчин болох гараа ийнхүү эхлээд л төгссөн шинэ жил болж өнгөрсөн байдаг. Үүнээс хойш ангийн урлагийн үзлэг, шинэ жилийн дүр тоглолт гэсэн яриа гарвал бараг л сурагчийн ширээн доогуур шургаад холуур явж ирсэн. Өнөө ч гэсэн иймэрхүү зүйл ярьвал чив чимээгүй, чихний хажуугаар өнгөрөөдөг болсон доо. Хүүхэд насны шинэ жилийн хүндхэн бөгөөд хөгжилтэй, хамгийн их дурсамжтай шинэ жил минь ийм түүхтэй. Чиш чимээгүй. Би өөрөө сургуулийн урлагийн үзлэгээс хол хөндий болсон, харин  хүүхдүүдээ түүнд оролцуулж, дүрд тоглуулахыг хүсдэг. Бас түүн рүү түлхдэг гэмтэй хүн шүү.

Т.Жанцан