ТАНИЛЦ: Ерөнхий сайд А.Амарын бичгийн ширээ

Соёл урлаг, Спорт

Үзмэрийн бүртгэлд “Дээд талдаа гүйдэг таг бүхий, мод зангидаж хийсэн. Улаан, ногоон будагтай жижиг ширээ. 1936-1938 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Анандын Амар хэрэглэж байсан” хэмээн бичжээ. Өнгөц ажихад энэ нь улаан, ногоон өнгө ердийн нэг бичгийн ширээ аж. Лавшруулан үзэхэд гадна өнгө будаг нь ихэд халцарч, нилээд элэгдсэн маягтай. Улаан ба ногоон өнгийн суурин дээр шар боронзоор цэцэг хийгээд түмэн насан хээ дүрсэлсэн. Хийцийн хувьд хавьгүй нарийн буюу дээд талын тавцанг нэг тал руу нь гүйлгэж онгойлгодог, мөн доод ёроол нь нэг тал руугаа тэвхдэж онгойх зориулалттай аж.

Ширээний дотор талын хөндийд бийр янтайнаас эхлээд бичгийн холбогдолтой олон зүйл хийх боломжтой. Мөн ширээний доод ёроолын нэг буланд галаар төөнөж цонон харлуулсан мөр харагдана. Эл ширээ нь харьцангуй жижиг буюу урт нь 28 см, өргөн нь 14 см, өндөр нь 13 см байна. Эл ширээний эзэн А.Амар нь харь гүрний дарамт шахалтаар дүүрэн он жилүүдэд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг 2 ч удаа хашиж (1928-1930, 1936-1939) шинэ тулгар улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө амь биеэ огоорон зүтгэж ирсэн төрийн зүтгэлтэн байлаа.

Монголын Үндэсний музейн Куратор-Сан хөмрөгч Б.Ууганбаяр