“The Hu” хамтлаг ‘Golden play button’ шагналын эзэн болжээ

Соёл урлаг, Спорт

Монгол уран бүтээлчдээс анх удаа “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, "Golden play button" шагналын эзэн болжээ. “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж буй талаар өмнө нь мэдээлсэн. Мөн шилдэг хүнд металл дууны чартыг цацагдсан өдрөөсөө тэргүүлж байна.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудастаа онцолжээ.

“The Hu" хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu" хамтлагийн "Gereg" цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан билээ. Тухайн үед монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв. Энэ удаа хамтлагийн залуус дахин түүхэн амжилт тогтоохыг үгүйсгэхгүй.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог өөрийн цахим хуудсаар дамжуулан уран бүтээлийнхээ тухай ярихдаа “Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин Америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан" хэмээн хэлсэн юм.