The Hu хамтлаг Америкийн Metallica хамтлагийн “Sad but True” дууг дахин амилуулжээ

Соёл урлаг, Спорт

Монголын Хүннү рок  буюу The Hu хамтлаг Америкийн Metallica хамтлагийн уран бүтээл болох “Sad but True” дууг дахин амилуулжээ. “Sad but True” дууг Metallica трэш метал хамтлаг 1993 онд өөрийн 5 дахь цомогт оруулан, сүүлийн сингл дуугаа болгон гаргаж байсан юм. Тэгвэл тэдний энэ дууг The Hu хамтлаг албан ёсны эрхтэйгээр дахин амьдруулж, кавер дууг нь гарган клип хийлгэсэн байна.

Монголын Хүннү рок хамтлаг Metallica хамтлагийн дууг өөрийн хэв маягт оруулан, хөөмий, морин хуур, товшуур хөгжмийн ая эгшгээр дахин амьдруулжээ. Түүнчлэн The Hu хамтлаг дууны үгийг монгол хэл дээр хөрвүүлж, Metallica хамтлагийн дуучин Жеймс Хетфилдын хүргэсэн дууг шинээр үзэгч, сонсогчдод хүргэж байна. Хөгжмийн шүүмжлэгчдийн үзэж байгаагаар The Hu хамтлаг Metallica-ийн дууг эх хэлээрээ хөрвүүлэн дуулсан төдийгүй, уламжлалт хөгжмийн зэмсгээрээ тоглосон нь илүү дайчин, илүү шинэлэг болжээ.

The Hu хамтлагийн дуучин Галбадрах буюу Галаа:

-Бид Metallica хамтлагийг сонсдог үнэнч фенүүдийнх нь нэгэн адил энэ хамтлагийн 40 жилийн уран бүтээлийг гайхан биширч, хүндэтгэдэг. Бидэнд өнөөдөр энэ хамтлагийн дууг өөрийн хэв маягаар дахин амьдруулах боломж олдсон нь маш ховор аз тохиол, нэр хүндийн хэрэг гэжээ.