"Ковид-19" халдвар 11 хүнээс нэмж илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 20240 хүнд шинжилгээ хийхэд  11 хүнээс  "Ковид-19" халдвар илэрлээ. Үлдсэн хүмүүсийн шинжилгээнд халдвар илрээгүй. Улаанбаатарт шинээр илэрсэн  гурван тохиолдлын хоёр нь өмнөх тохиолдлын давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Харин үлдсэн нэг тохиолдол нь автобусны жолоочийн  ойрын хавьтал байсан.  Автобус баазын нийт 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бусад  хүмүүсийн шинжилгээнд халдвар илрээгүй. Ингээд Улаанбаатарт батлагдсан халдварын нийт тохиолдол гурваар нэмэгдэж,  99 болсон бол  Дорноговьд 4, Сэлэнгэд 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн. 

"Ковид-19"  халдвар нийслэлдбатлагдсан нийт тохиолдол:

  • Баянгол дүүрэгт 26
  • Баянзүрх дүүрэгт 24
  • Сүхбаатар дүүрэгт 16
  • Сонгинохайрхан дүүрэгт 15,
  • Хан-Уул дүүрэгт 16
  • Чингэлтэй дүүрэгт 1
  • Багануур дүүрэгт 1 халдвар батлагджээ.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын гэр бүлийн болон ойрын хавьтлын 4 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ойрын хавьтлын 4 хүнээс халдвар илэрсэн. Ингээд

  • Сэлэнгэ аймагт батлагдсан халдварын нийт тохиолдол 197
  • Дорноговь аймагт батлагдсан тохиолдол 25 боллоо.

Харин Орхон, Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул аймгуудад сүүлийн 24 цагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд зургаан аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд багц өвчлөлийн голомтод нийтдээ  397 тохиолдол бүртгэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан  халдварын тохиолдол 842, үүнээс эдгэрсэн 368, эмчлэгдэж байгаа 461 хүн байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хөнгөн 377, хүндэвтэр 76, хүнд 6, маш хүнд хоёр хүн байна.