Хөвсгөл, Булган, Орхоноос ирэх иргэдийг Дарханд хүлээж авахгүй

Нийгэм, Эдийн засаг

Хөвсгөл аймгийн шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр:

-Одоогоор аймгийн хэмжээнд 2006 иргэн гэрийн тусгаарлалтанд байна. Өнгөрсөн шөнө  400 гаруй иргэн ирсэн. Ингээд нийтдээ 2400 гаруй иргэн гаднаас аймагт ирж тусгаарлалтанд байгаа. Нийтдээ 3810 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Маргааш шинжилгээний үр дүнг танилцуулна. Улаанбаатар болон бусад хөдөө орон нутгаас ирэх хүмүүсийг ирсэн хойно нь давтан шинжилгээнд хамруулах болно.

Хөвсгөл аймгийн онцгой комиссын орлогч дарга Ё.Пүрэвсүрэн:

-Дархан-Уул аймгийн онцгой комиссын зүгээс Хөвсгөл, Булган, Орхон аймгаас ирэх иргэдийг 12-р сарын 2-ны өдрийн 09:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хүлээн авахгүйгээ мэдэгдсэн. Хөвсгөл аймагт халдвар хамгааллын дэглэмээ сахисан цайны газар, ресторан, дугуй засвар, авто угаалга, халуун ус, такси, бараа, барилгын материалын дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нээгдэж байгаа. Харин ил задгай худалдааг хүлээн зөвшөөрөхгүй хориглож байна.