Номхон далайн доор асар том супер галт уул байж болзошгүй

Соёл урлаг, Спорт

Алеутын арлуудын зарим жижиг арал болон тэдгээрт байрлах зурган том галт уул үнэн хэрэгтээ нэгэн асар том супер галт уулын хэсэг нь байж болзошгүй гэж геологичид таамаглаж байна.

Аляскийн баруун эрэг орчим байрладаг Алеутын арлын нум дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулын бүсүүдийн нэг юм. Эрдэмтдийн тооцоолсноор, энэ бүсэд 70 гаруй идэвхтэй галт уул 2.5 мянган км үргэлжилсэн зурвасын дагуу байрладаг байна. Хамгийн “тайван бус” галт уул Кливлэнд сүүлийн жилүүдэд эрс идэвхжиж байна. Сүүлийн 200 жилд эл галт уул 22 удаа дэлбэрснээс сүүлийн найман удаагийн дэлбэрэлт 2009-2017 оны хооронд бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Карнегийн нэрэмжит Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд Алеутын арлын нумыг судалжээ. Судалгааны дүнд Кливлэнд, Карлайл, Герберт, Кагамил, Тана  болон Ульяга зэрэг зургаан галт уул нь Номхон далайн усан доор нуугдаж буй асар том супер галт уулын нэгэн хэсэг гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Эдгээр галт уулсын байрлаж буй арлуудын доор супер галт уулын хоолой бий гэж эрдэмтэд үзэж байна. Эл супер галт уулын хэмжээг Йеллоустоны супер галт уултай харьцуулам асар том гэсэн таамаг дэвшүүлжээ. Эрдэмтэд ойрын үед далайн ёроолын бүтэц, чулуулгийн бүтцийг шинжилж мөн бусад шаардлагатай мэдээллийг баяжуулснаар энэ таамгийг батжуулна гэж найдаж байна.