O2 аппликейшнаар агаарын бохирдол ямар байгааг мэдэх боломжтой

Нийгэм, Эдийн засаг

“Агаарын бохирдол алга болжээ”, “Үгүй ээ, хот руу орж ирэхэд битүү утаа л харагддаг”, “Шахмал түлшинд шилжсэнээс хойш утаагүй болсон”, “Үнэндээ шахмал түлш нүдэнд харагдахгүй ямар бохирдол үүсгэдгийг хэн мэдэх вэ дээ” гэх мэтээр агаарын бохирдолтой холбоотой хардлага, таамаг, эргэлзээ бидний дунд үргэлж маргааны сэдэв байсаар ирсэн.

Үүнтэй зэрэгцээд Улаанбаатарын аль хэсэгт байр авбал агаар нь цэнгэг байдаг бол, хүүхдээ хэдэн цагт салхилуулах хэрэгтэй бол гэх мэт асуултууд ч өдөр тутамд бидэнд тулгардаг.

Энэ бүх асуултад хариулт өгөх аппликейшнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийжээ.
 

O2 аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад, хүссэн цагтаа агаарын бохирдол хаана, ямар хэмжээнд байгааг хялбархан мэдэх боломж бүрджээ.

Аппликейшнийг нээмэгц Агаарын чанарын хяналт шинжилгээний багаж бүхий харуулуудаас  нэгтгэгдэж ирсэн  мэдээлэл нь таны ойр байгаа бүсэд агаар бохирдолтой байна уу, таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байна уу гэдэг мэдээлэл нь гараад ирнэ.

Мөн агаар дахь PM, CO, SO2, NO2 зэрэг бодисуудын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их, бага байгаа эсэхийг мэдэхийн тулд бид элдэв сайт ухаж, эрж хайх шаардлагагүй болжээ. Харин энэ аппликейшнээс л бүгдийг харчихна гэсэн үг.

Магадгүй та PM, CO, SO2, NO2 гэдэг нь юу юм бол? Хэмжээ нь хэтрэхээр ямар аюултай эд вэ гэж асууж болох юм. Тэгвэл эдгээр асуултуудад тань хариулах платформыг ч БОАЖЯ-ныхан шийдэж, энэ чиглэлийн бүх мэдээллийг нэгтгэжээ.

Тухайлбал, SO2 бол нүүрс түлэх, бензин ашиглах явцад ялгардаг хүхэрлэг хий, амьсгалын замын элдэв өвчин, толгой өвдөх, тархины цусан хангамжийн дутагдлын шалтгаан болдог. СО нь нүүрс төрөгчийн дутуу исэл, шатахууны дутуу шаталтаас үүддэг. Энэ исэл нь тархины цусан хангамжийн дутагдлаас гадна төрөлхийн гажиг, дутуу төрөлт, үргүйдэл үүсгэх эрсдэлтэй гэх мэт тов тодорхой мэдээллүүд дурайж байна.

Тэгэхээр та агаарын чанарын үзүүлэлтээс энэ бүхнийг мэдэх боломжтой гэсэн үг. Хэрвээ агаарын чанар муу байвал өөрийн санал хүсэлтээ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо руу гар утсаараа шууд илгээчихэж ч болж байна. Agaar.mn аппликейшнтэй болсны давуу тал энэ дээ.

Энэ аппликейшний “Мэдээ мэдээлэл” гэсэн цонхноос Улаанбаатар хотын агаарын чанарын долоо хоног тутмын мэдээллийг цаг алдалгүй авч болох бол “Зөвлөгөө” цонхноос агаарын чанартай холбоотой төрөл бүрийн зөвлөгөө мэдээлэлтэй танилцах боломжтой.

Харин “Тайлбар” гэсэн цонхонд иргэдэд өгөөжтэй мэдээллүүд буюу агаар бохирдуулагч бодисууд, агаарын чанарын индексийн тайлбарууд гээд өдөр тутмын амьдрал, эрүүл мэндээ хамгаалахад тустай мэдээллийг энгийн, ойлгомжтойгоор байршуулжээ.
Улаанбаатарын агаарын чанарыг гар утаснаасаа хянаж хараад, санал шүүмжлэлээ холбогдох албаны хүмүүст нь хүргэх эрхийг танд олгож буй юм.