"Цуст Барон" хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Барон Унгерн фон Штернбергт зориулсан хөшөөг Эстонид босгохоор болжээ.

Соёл урлаг, Спорт

Эстонийн “Ungern Khaan” олон нийтийн байгууллагаас гаргасан тус саналыг дэмжин, орон нутгийн төсвөөс 45 мянган евро гаргах болсон ч тус улсад Барон Унгерний талаар маргаан гарч эхэлжээ. Нэг хэсэг нь түүнийг цуст яргачин, нөгөө хэсэг нь баатар хэмээн үзэж байгаа юм.

“Ungern Khaan” байгууллагын гишүүн Федор Стомахин “Роман фон Унгерн-Штернберг бол агуу түүхэн хүн байлаа. Коммунизм, Хятадын түрэмгийллийн эсрэг хийсэн түүний тэмцлийг Эстонид үнэлэхгүй байна” гэж мэдэгдсэн бол түүхийн ухааны доктор Аго Паюр “Барон Унгерн Эстонийн түүхэнд ямар ч нөлөө үзүүлээгүй. Дэлхийн түүхэнд ч ямар ч нөлөөгүй хүн байсан тул хөшөө босгох хэрэггүй” гэж хэлсэн юм.

Энэ бүх маргааны дараа “Ungern Khaan” байгууллагаас “Бид орон нутгийн санхүүжилтээс татгалзахаар шийдлээ. Хөшөөгөө хандив тусламжаар босгоно. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр түүхийн бодит баримтыг гуйвуулсан, Бароныг гэмт хэрэгтэн мэтээр бичиж байна. Унгерн бол Монголыг чөлөөлөгч баатар билээ. Хэвлэлээр дахиж түүний нэрийг сэвтүүлсэн зүйл гаргахгүйн тулд бид энэ мөнгөнөөс татгалзаж байна” гэж мэдэгдсэн байна.