“The Queen’s Gambit” киноны талаарх сонирхолтой баримтууд

Соёл урлаг, Спорт

Netflix-ийн сүүлийн үеийн уран бүтээл The Queen’s Gambit кино олны анхаарлыг ихэд татаад байгаа билээ. Нийт 7 ангитай уг кинонд асрамжийн газар өссөн, шатарчин бүсгүйн тухай гарах ч угтаа бол ялалт ба ялагдал, хичээл зүтгэл, эхийн хайр, бусдын ач тус, нөхөрлөл, хайр дурлал, хүний амьдралын алдаа оноог кинонд тод томруунаар харуулах аж. Нөгөөтэйгүүр хүн аливаа зүйлийн төлөө тууштай хөдөлмөрлөж, түүгээрээ "өвчилж", зогсолтгүй хичээвэл хэзээ нэг өдөр амжилт ирдэгийг энэхүү киноны үйл явдлаас харж болохоор юм. 

Queen’s Gambit бол шатрын гарааны нүүдлийн нэг төрлийн нэр юм. Уолтер Тевисийн 1983 онд бичиж байсан зохиолыг Скотт Фрэнк болон Аллан Скотт нар найруулж, Netflix долоон ангит кино бүтээл болгожээ. The Queen’s Gambit кино энэ оны аравдугаар сарын 23-нд дэлгэцнээ анх гарсан даруйдаа Netflix-ийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй (богино хэмжээний) олон ангит кино бүтээл болжээ. 1950-иад оны эхэн үеэс 1960-аад он хүртэл үргэлжлэх асрамжийн газарт өссөн өнчин охин хэрхэн өсөн том болж, дэлхийн шатрын аварга болж байгаа тухай гарах болно. Мэдээж охины амьдрал дардан байгаагүй ба сэтгэцэд нөлөөлөх эм болон архины хамааралтай болж, дотны хүнээ ч алдана. Олон зүйл нуршилгүй, үзэгчдэд сонирхолтой байх хэмээн кино болон гол дүрийн жүжигчний талаарх зарим сонирхолтой баримтыг хүргэе.

Жүжигчин Аня Тэйлор-Жой болон найруулагч Скотт ФранкЖүжигчин Аня Тэйлор-Жой болон найруулагч Скотт Франк

Найруулагч Скотт Франк The Queen’s Gambit киноны зохиол нь хараахан бэлэн болоогүй байхад гол дүрийг бүтээсэн Аня Тэйлор-Жойд 1983 оны Вальтер Тевисийн ижил нэртэй зохиолыг илгээж байв. Мэдээж Аня зохиолтой танилцан зөвшөөрсөн. Энэ талаар Аня дурсахдаа “Би зөвшөөрч буйгаа хэлэх гэж Скотттой уулзахаар яаран явахдаа бараг гүйж байсан” хэмээжээ.


Жүжигчин Хит Лежер болон Эллен ПэйжЖүжигчин Хит Лежер болон Эллен Пэйж

The Queen’s Gambit киног жүжигчин Хит Лежер найруулна хэмээн нэгэн цагт яригдаж байв.  Учир нь алдарт жүжигчин 2008 онд өөд болохоосоо өмнө уг кино төслийн найруулагчаар анхныхаа дэбютээ хийхээр төлөвлөж байв. Тэрээр уг номонд маш их дуртай байсан ба Бет Хармоны дүрд жүжигчин Эллен Пэйжийг тоглуулах бодолтой байсан талаар ч мэдээлэл байдаг.


Аня энэхүү кинонд тоглохоосоо өмнө шатрын тухай огт мэддэггүй байсан нь түүнд харин ч сохорсон биш завшив гэгчээр, шатрын ертөнцөд гүн “шумбах” боломжийг олгосон хэмээжээ.

Кинон дээр гарах шатрын бүх тоглолтын нүүдэл бүрийг шатрын зөвлөхүүд Гарри Каспаров (Дэлхийн шатрын 13 дахь аварга), Брюс Пандольфини (АНУ-ын шатрын мастер) нар зааж өгч, жүжигчдийг дасгалжуулахад тусалжээ.

Найруулагч Скотт Фрэнк кинон дээр гардаг орос шатарчин Борговын дүрд тоглох саналыг дэлхийн аварга,  Оросын шатарчин Гарри Каспаровд тавьсан толовч тэр татгалзаж, харин оронд нь зөвлөх болжээ. Тэрээр киноны төгсгөлийн анги дээр гардаг Боргов Бет хоёрын шийдвэрлэх тоглолтын зураглалыг бүхэлд нь  гаргасан.

Дэлгэцэнд гарч буй шатрын тоглолт бүрийг, тэр дундаа хөлгөө хурдан нүүдэг тоглолтын хэсгийг ч жүжигчид жинхэнээсээ хийдэг байжээ. Аня “Хурдан нүүдэг шатрын тэмцээн бол миний хувьд зураг авалтын хамгийн дуртай хэсэг маань байлаа. Энэ үед би өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг байв” гэжээ.

Жүжигчин бүсгүй Аня, найруулагч Скот болон нүүр хувиргагч, стилист Даниэл Паркер нар ярилцаад Бетийг улаан үстэй байх ёстой хэмээн шийдэж, үсийг нь төгс харагдуулах цорын ганц арга бол хиймэл үс гэдэгтэй санал нэгджээ.

Аня The  Queen’s Gambit  болон  Last Night in Soho /Сохо дахь сүүлчийн шөнө/ киноны зураг авалтад нэгэн зэрэг оролцсон бөгөөд төсөл бүрийн хооронд зөвхөн нэг өдөр амардаг байжээ. Тэрээр “2019 он бол миний хувьд маш их эрч хүчтэй жил болж өнгөрсөн. Энэ хооронд би гурван өөр дүр бүтээлээ" гэжээ.

Беннигийн дүрийг бодит амьдралаас сэдэвлэн 13 настайдаа "Зууны тоглоом" хэмээх шатрын тэмцээний аварга болсон, Америкийн шатрын их мастер Бобби Фишерээс санаа авч бүтээжээ.

Аня балетаар хичээллэдэг байсан нь Бет шатрын нүүдлээ хийх хуруу гарны хөдөлгөөн, биеийн хэлэмжийг нарийн гаргахад нь тус болсон гэжээ. Эрчүүдээс ялгарах эмэгтэй шатарчны онцлогийг бие, гарын уян налархай хөдөлгөөнөөр харуулах гэсэн санааг та киноноос бэлхнээ харж болно.

Кинонд ажилласан хувцас дизайнер Габриэль Бингер Бетийн ихэнх хувцсанд шатрын шугаман хээг шингээхийг зорьжээ.


Киног АНУ-д бүтээсэн ч цувралын ихэнх зураг авалтыг Берлинд хийжээ.

Алмагийн дүрийг бүтээсэн Мариел Хеллер бол жүжигчин төдийгүй нэртэй найруулагч бөгөөд “A Beautiful Day in the Neighborhood”, “Can You Ever Forgive Me?” болон “What the Constitution Means to Me” зэрэг кинонуудыг найруулж байжээ.

Бет таазан дээр төсөөллөөрөө тоглодог, дэлгэцэн дээр гардаг таамаглалын шатрын тоглолтууд нь бүгд байж болох бодит нүүдлийг агуулдаг ба кино эффектийн баг ажлаа хийж байхдаа мөн шатар сурсан гэжээ.

Жүжигчин бүсгүй Аня Харри Поттерын шүтэн бишрэгч бөгөөд тус кинонд Дадлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Харри Меллингтэй The Queen’s Gambit кинонд хамтран тоглосон нь аз завшаантай тохиолдол байлаа хэмээжээ.  Аня 6 настай байхдаа Буэнос-Айресаас Лондон руу нүүсэн бөгөөд Харри Поттерын цуврал номуудыг уншиж англи хэл сурчээ.

Киноны төгсгөлд Бет Оросын цэцэрлэгт хүрээлэнд ахмадуудтай шатар тоглох сүүлчийн зураг авалтын үеэр Аня уйлжээ. Тэрээр энэ талаар дурсахдаа "Бэт анх удаа өөрийнхөөрөө байх боломж гарсан. Тэр үүнийг хүртэх эрхтэй, хэсэг хором ганцаараа байж, зугаацах ёстой. Учир нь тэр энэ агшны төлөө амьдралынхаа турш хичээсэн гэж би бодож байлаа” хэмээжээ.

ЖҮЖИГЧИН БҮСГҮЙН ГАРАА ЗАГВАРЫН МОДЕЛИОР ЭХЭЛЖ БАЙНА

16 настай Аня нохойгоо салхилуулаад явж байтал хажууд нь нэг машинтай эрхэм дагаад байв. Тэрээр бага зэрэг айж нохойгоо хөтөлсөөр гүйжээ. Өнөөх машинтай хүн нь хажууд нь зэрэгцэн ирээд “Залуу хатагтай минь, хэрэв чи яг одоо зогсвол хэзээ ч харамсахгүй шүү” гэжээ. Тэр хүн маргааш нь түүнийг ээж, ааваа дагуулаад загварын агентлаг дээр ирэхийг санал болгосны дагуу тэр очсоноор загварын ертөнцөд анх хөл тавьжээ.

Өдгөө 24 настай жүжигчин бүсгүй өөрийгөө этгээд төрхтэй, царайлаг биш хэмээгээд Холливудын гоо сайхны стандартад нийцүүлэх гэж хичээж байгаа талаар “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Аня "Би хэзээ ч өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддоггүй, бүр хэзээ ч шүү. Энэ нь мэдээж өрөвдөлтэй сонсогдож байгаа боловч би өөрийгөө этгээд хачин төрхтэй гэж итгэсээр байх болно” гэжээ.

Америк-Аргентин-Британи гаралтай жүжигчин бүсгүй бусдын мэдэрдгээс үргэлж өөр зүйлсийг мэдэрч өссөн гэжээ. "Би Аргентин байхын тулд хэтэрхий Англи хэлтэй, Англи байхын тулд хэт Аргентин эсвэл бүхий л зүйлд хэтэрхий америкжсан байдаг байлаа. Сургуулийн жилүүдэд үе тэнгийн дарамт надад маш хүнд байсан. Хүүхдүүд намайг ойлгодоггүй, би заримдаа шүүгээнд түгжигддэг байсан. Мөн хичээлийн олон цагаа сургуулийн ариун цэврийн өрөөнд уйлж өнгөрөөсөн" гэж тэр "The Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Аня Тейлор-Жой хамгийн анхны дүрээ 2014 онд “Цус сорогчдын академи” хэмээх аймшгийн, инээдмийн кинонд бүтээсэн боловч түүний хэсэг эцсийн бүлгээс хасагджээ. Дараа нь тэрээр 2014 онд "Эндевор" детектив олон ангит кинонд, 2015 онд "Атлантис" уран зөгнөлт-адал явдалт олон ангит кинонд тоглосон. Тэрээр 2020 оны 10-р сард “Mad Mad: Fury Road spin-off Furiosa” киноны гол дүрд тогложээ.

 

Эх сурвалж: Wikipedia, Buzzfeed, The Sun