СОДОН ӨНЦӨГ:Гаргасан шийдвэр нь газарт зоосон гадас мэт хөдөлгөөнгүй байх учиргүй

Улс төр

Улс даяараа Бэлэн байдлын зэрэг тогтоогоод 10 гаруй хонож байна. Дэлхий нийтийг цочроосон цар тахлыг дотооддоо алдаагүй цөөхөн  орны тоонд орж явсан Монгол Улсад нэг л өдөр халдварын тохиолдол батлагдсанаар хөл хорио тогтоов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, Шадар сайд Я.Содбаатарын ахалсан Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын удирдсан Нийслэлийн Онцгой комисс гар гараа даган цаг алдалгүй шуурхай ажиллаж байгааг бүгд харж, мэдэж байна. Өдөр бүр Засгийн газарт болоод УОК-т цагийн байдлыг танилцуулж, нөхцөл байдалтай уялдуулан хийх ажил авах арга хэмжээгээ нарийвчлан зохион байгуулж, энэ тухайгаа хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлж байгаа.

Бүх нийтээр бэлэн байдалд шилжиж, хэсэгчлэн хөл хорио тогтоосон энэ хэд хоногт турхирсан, туньсан, гуньсан, аагласан, шүүсэн, шүүмжилсэн, өөчилсөн, гоочилсон, айсан сандарсан гээд олон л янзын ааш аяг харагдлаа. Дэлхий нийтийг хамраад байгаа энэ цар тахал хэзээ нэг өдөр Монголд дэгдэнэ гэсэн тооцоо судалгаа мэргэжлийн байгууллага хийгээд улсын хэмжээнд байсан. Энэ нь муу ёрлосондоо ч биш коронавирусийн халдварын тархалт буурахгүй олон орныг хамарч, хүрээгээ тэлээд байсан учраас бэлтгэлтэй байх нь зүйн хэрэг. Тиймдээ ч Бүх нийтээр бэлэн байдалд шилжсэн хэд хоногт дотооддоо гарсан халдварын тархалтыг ерөнхийдөө хумьж чадлаа. Яаж хэмээх асуултанд хариулах хэдэн баримтыг ЭМЯ боолон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа.

Улаанбаатар хотод батлагдсан халдварын тохиолдол  дуу дуугаа авсан мэт Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт Дорноговь хэмээн хөдөө аймагт илэрсэн нь мэдээж иргэдийг цочирдуулсан. Гэвч энэ үед Засгийн газар, УОК шуурхай, бас оновчтой арга хэмжээ авсан. БХ-ын сайд, генерал Сайханбаяр, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярыг Сэлэнгэ Дархан руу томилж газар дээр нь шуурхай арга хэмжээ авснаар тэнд гарсан халдварын нэг, хоёрдугаар хавьтлыг цаг алдалгүй хяналтанд авснаар тархах хүрээг хумьж чадсан. Өдөр өдөрт эдгээр аймгуудад халдварын тоо нэмэгдээд байгаа нь тусгаарлагдсан хавьтлуудын шинжилгээний хариу “эерэг”  гарсан гэсэн үг гэдгийг ЭМЯ удаа дараа тодотгож байгаа.

 Дархан-Уул аймаг тэг зогсолт хийн иргэддээ хоол хүнсийг хүргэж өгч байсан горимоо цуцалж энгийн горимд шилжсэн бөгөөд Сэлэнгэ аймагт нэгэнт голомтолсон халдварын хавьтлуудыг шуурхай тогтоож, тусгаарлаж чадлаа гэдгээ аймгийн Онцгой байдлынхан мэдээлсэн. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэн хөл хорио тогтоогооогүй бол өнөөдөр байдал хэрхэх байсныг хэн ч таашгүй. Өвлийн идэш хоолны энэ цагт хөдөө гадаа явах, хот хүрээ рүү ирэх иргэдийн тоо хэд дахин нэмэгддэгийг хэн хүнгүй л мэднэ шүү дээ. Ингэхээр Монгол Улсын Засгийн газар, УОК, НОК цагийн байдлыг зөв үнэлж, холбогдох арга хэмжээг зөв авсан гэдэгтэй санал нийлнэ биз ээ. Харин “Зовох цагт нөхрийн чанар танигддаг”-ийн жишээг зарим нэг улстөрч, улс төрийн үнэгүй тоглолтын эздийн үг, үйлдэл тодоос тод харууллаа. Тоглож болдог тоглоом, тохуурхаж аагладаг улс төр гэж байдаг. Гэхдээ аюултт өвчний энэ үед ажил хийж байгаа нэгэн рүүгээ чулуу шидэж,, шүлсээ үсэргэх ямар муухайг монголчууд сайн харж, мэдэрлээ. Өвчин тэр дундаа дэлхий  нийтийг хамарсан энэ цар тахал бол улс төрийн өгөөш биш. Зөвхөн улс орон, иргэдээ хэрхэн аврах талаар санаа бодлоо уралдуулсан эв эе, их ухаан байх учиртай. Бусдын оронд өөрийгөө нэг удаа ч гэсэн тавьж үзэж баймаар санагдсан олон л үйлдэлл харагдлаа. УОК-оос хүнс болон шаардлагатай бараа бүтээгдэхүүний хүүргэлтийн машиныг 22 цагаас хойш явуулах шийдвэр гаргасан. Гэтэл хүнсний лангуу, дэлгүүр эрхэлж, ажиллуулж байгаа хэдхээн  аж ахуйн нэгж, хүмүүс “Бараагаа хүлээгээд нойргүй хонож байна” хэмээн цахимаар зарлав. Тэднийг дагаад нэг хэсэг нь намирч “Эвий хөөрхий” гэж худлаа үг илгээсэн... Бараагаа хүлээгээд хэдэн цагийн нойр хугаслаж байгаа хүнсний дэлгүүрийнхэн бол хэтэрхий эрх, дураараа загнасан хэрэг л  дээ, угтаа бол. Нойргүй бүү хэл хэдэн өдөр хоногоор бүх ажил үйлчилгээгээ хаачихаад хөл хорионы дэглэмийг сахиж байгаа бусадд лангуу, дэлгүүр, үзвэр, үйлчилгээнийхнийг яаж болж, хэрхэж байгааг тэд анзаарсангүй. Иргэдээ хүнс, хоолоор гачигдуулахгүй гэсэн төр засгийн бодлогыг буруугаар ашиглан, харин ч эрхлэн туньсан нь харамсмаар. Гэвч УОК болон НОК энэ асуудлыг буруу  эрхэлсэн тэдний талд шийдэн цагийн хуваарийг дахин өөрчилснөөрөө өнөөдөр “Гаргасан шийдвэрээсээ буцсан... Няцсан” гэх шүүмжлэлийн бай боллоо. Улсын болоод Нийслэлийн онцгой комиисс бол гар гараа даган ажиллаж байгаа. Нийслэл болон орон нутагт байдал ямар байгааг, тэр асуудлыг хэрхэх саналыг УОК сонсоноор эцсийн шийвэрийг гаргаж байгаа. Бараа хүүргэлтээс гадна нийтийн тээвррийн асуудал. НОК-оос Нийтийн тээврийн үйлчлэх цагийг нэг цагаар бууруулсан нь хөдөлгөөнийг хязгаарласан л хэрэг байлаа. Гэтэл “Гэртээ байя” хэд хоногт нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо санаснаас олон байлаа. Тиймээс автобусанд бөөгнөрөл үүссэн. Ингээд мөн л иргэдийнхээ эрх ашгийн төлөө нийтийн тээврийн үйлчлэх цагийг хэвийн горимд нь орууллаа. “Халдварт тохиолдлыг хэрхэн хумих вэ” гэсэн энэ цаг үед гаргасан шийдвэрээ яг газарт зоосон гадас мэт хөдөлгөөнгүй байлгах ёстой гэж үү. Харин ч цаг хугацаа, нөхцөл байдалтай уялдуулан хэдэн ч удаа өөрчилж, шинэчилж уян хатан байлгах  учиртай. Засгийн газрын болоод холбогдох байгууллагын ямар шийдвэр, хэзээ хэрхэн гэдгээсээ шалтгаалан өөрчлөгдөх эс өөрчлөгдөх агуулгаа хадгалах нь хамгийн оновчтой. Хэрэв эс тэгвээс гаргасан шийдвэр гээд тамгатай цаас хараад  суувал цагийн байдалд хэрхэн нийцэх, цаг хугацаатай хэрхэн уялдах сан билээ гэдгийг эрэгцүүлж нэг бодоорой.

Халдварт тохиолдол бүртгэгдсэнээс хойш Засгийн газраас оновчтой олон арга хэмжээ авч байна.  Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөргөж, өсгөхгүй байх үүрэг хүлээсэн ШӨХТГ маш сайн ажиллаж байна. Энэ агентлаг ийм том эрх, үүрэгтэй юм байна. Иргэдийнхээ төлөө ингэж ажиллах ёстой байж гэдгийг одоо л мэдэж, мэдэрч байгаа хүн  олон байгаа нь нууц биш шүү. Урьд нь бол хэдэн ШТС тойрсон асуудал дээр л нэр сонсогдоод алаг болдог байсан  ШӨХТГ өнөөдөр  ёстой л цаг наргүй, хөлөө хүрэх газартаа хүрч ажиллаж байна. Өвчин, зовлон нүүрлэсэн энэ хүнд хэцүү үед үнэ хөөрөгдөж байгаа нэг хэсэг байхад үг хэлээ билүүдэн шүлсээ үсчүүлэгчид цөөн биш байгаа нь харамсалтай.

Энэ халдвар ганцхан Монголд тархаагүй. Дэлхийн олон оронд тархаад хэдэн сая хүний алтан амийг авч одоод байгааг бүгд мэдэж байгаа. Дайн байлдааны хажуугаар цар тахалд нэрвэгдэн давхар зовлонтой нүүр учирсан улс оронд дэг журам, эв нэгдлээ хэрхэн сахиж байгааг хар. Энх тунх байна гэдэг эв нэгдлийн хамгийн том шалгуур гэдгийг тэд ухаарч, ойлгодог байна. Улс төрийн тоглолт, бусдыг буруутгах гэхчлэн үл бүтэх сөрөг хандлагаа өөрчилж, эв эетэй, эерэг зөөлөн байж энэ л тахлыг эсэн мэнд даван туулчихаад дараа нь улс төрөө хийж, ухаантай ухаангүйгээ ялгаж салгаж тоглох цаг зөндөө л байгаа даа.