Сэлэнгэ аймагт хоёр замаар халдвар тархасныг тогтоолоо

Нийгэм, Эдийн засаг

Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа УОК-ын ажлын багийн ахлагч, Батлан хамгаалахын сайд, УОК-ын орлогч дарга Г.Сайханбаяр:  

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжиж, хатуу хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллаж байна.  Иргэд маань үүн дээр маш ухамсартай дэглэмээ сайн сахиж байгаад Онцгой комисс, ажлын багийн бүрэлдэхүүн талархаж байна. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод энэ сарын 9-ний өдөр илэрсэн "Ковид-19" халдварын тохиолдол хоёр эх үүсвэрээс гарсан нь батлагдсан. Нэгдүгээрт  Сүхбаатар хот бол Олон улсын зэрэглэлийн төмөр замын байнгын хөдөлгөөнтэй, өртөөтэй. Энэ өртөөгөөр өдөртөө 15-20 төмөр замын хөдлөх хэрэгсэл байнга  зорчдог. Эдгээр төмөр замын орж ирж байгаа бүх тохиолдол хилийн шалган нэвтрүүлэх дээр шалгагдаж, тодорхой хугацаанд бичиг баримтаа солилцож, харилцан бичиг баримтаа баталгаажуулах үйл ажиллагааг хийдэг юм байна. Үүгээр дамжиж хатуу болон зөөлөн биетийн хүртвэрээр  халдварын урсгал орж ирсэн нь тогтоогдсон.

Хоёрдугаарт Алтанбулагийн Олон улсын автозамын шалган нэвтрүлэх боомт бий. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хүртэл Сэлэнгэ аймгийн орчин дахь авто зам дээгүүр ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод тээврийн жолооч нар, тээврийн хэрэгслээр тээвэрлэн орж ирсэн вирүс ахуйн хавьтлаар дамжин тархсан  эх үүсвэр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тэр тээврийн жолооч нар Алтанбулагаас Улаанбаатар хүрэх автозамын хугацаанд бүрэн хамгаалалттай явж байгаа хэдий ч шүлс, нусаа хаях, бие засах. Мөн түр амрах үедээ элдэв зүйлийг гадагшлуулах, зарим үед хууль бусаар бусдын захисан зүйлүүдийг замдаа хаях гэм мэт асуудлаас  халдвар тархсан үүсэл гарал тогтоогдсон. Одоогоор халдвар тээгчийн ойрын болон хоёрдугаар хавьтлуудыг маш нарийн тодорхойлоод  шинжилгээ авсан. Ер нь бол тархвар зүйн үүднээс аваад үзэх юм бол яг одоо энэ үе бол маш идэвхтэй илрэх үе эхэлчихсэн. Мөн  түүвэр аргаар оношилгоо шинжилгээг хийж байна. Бид зөвхөн аймгийнхаа төвд анхаараагүй. Анхаарал татсан зарим суманд түүвэр аргаар шинжилгээ оношилгоо хийж байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар Зүүнхараа өртөө, Хөтөл өртөө, Алтанбулаг, аймгийн төвийн төрийн байгууллагууд, Депо, Дулааны станц гэсэн байгууллагуудад оношилгоо шинжилгээг маш эрчимтэй хийж байна. Улаанбаатар хотоос оношилгооны цэгүүдийг хүчжүүлсэнтэй холбоотой өнөөдөр Сэлэнгэ аймагт 25 цэг ажиллаж байгаа. Өнөөдөр бид нар халдвартай холбоотой асуудлаарх үйл ажиллагааны тойм зураглалыг бүрэн харж байна. Өнөөдөр аймаг болоод Сүхбаатар сумын хэмжээнд БТС-ын ордон, ЕБ-ын дөрвөн сургуулийн спорт заалуудад тусгаарлах байруудыг бэлтгээд байна. Энэ зүгээр байр ариутгах асуудал биш. Энэ байранд халдвар тээгч, халдвартай хүмүүсийг хүлээж авах, эсвэл сэжиг бүхий хүнийг тусгаарлах зориулалтаар байруудыг иж бүрнээр нь бэлдсэн. Энд ариутгал цэвэрлэгээг стандартын дагуу хийж, ор, хөнжил гудас, цагаан хэрэгслийг бүрэн хэмжээгээр бэлтгэж, аж ахуй зохион байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангуулсан. Сэлэнгэ аймгийн тухайд бас нэг гол анхаарах ажил бол сумууд дээрх ажлыг зохион байгуулах асуудал байгаа. Иймээс аймгийн Онцгой комиссоос сумд дээр зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж, өдөр тутмын удирдлагын үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна. Өнөөдөр Зүүнхараа нэлээд анхаарал татаж байна хэмээн мэдээллээ.