Хамгийн сонирхолтой байдлаар хөл хорио тогтоосон 6 улс

Соёл урлаг, Спорт

Цар тахлын халдвараас сэргийлэх болон халдвар тархалтыг зогсоохын тулд улс орнууд янз бүрийн байдлаар хөл хорио тогтоосон. Өнгөрсөн өвлөөс хойшхи нэг жилийн хугацаанд бөмбөрцгийн улс орнууд ээлж ээлжээр хөдөлгөөнөө хязгаарлаж, төрөл бүрийн арга хэмжээ авсаар ирлээ. Эдгээрийн дотроос хөл хорионы хамгийн хачирхалтай дүрэм журам хэрэгжүүлсэн орнуудыг танилцуулъя. 

1. Панам

Төв Америкийн энэхүү улс Ковид-19 халдварыг барихын тулд ард иргэдээ гэрээс гарах хуваарь тогтоосон бөгөөд, хэд дэх өдөр гарч болохыг хүйсээр ангилан шийдвэрлэжээ. Даваа гарагаас бямба гараг хүртэл эрчүүл эмэгтэйчүүл өдөрт хоёр цагаар сөөлжлөн гарах хуваарьтай юм. Жишээлбэл даваа, лхагва, баасан гарагт эмэгтэйчүүл гарах бол мягмар, пүрэв, бямбад эрчүүд гарах аж. Харин ням гарагт хэн ч гарахгүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор трансжендер хүмүүсийн эрх зөрчигдсөн явдлууд гарсан юм. Дөрөвдүгээр сард нэгэн эмнэлгийн ажилтан трансжендер бүсгүй эмэгтэйчүүдийн гардаг өдрөөр гарч яваад цагдаа нарт торгуулсан тухай хэвлэлд бичжээ. 

2. Колумб

Колумбын зарим хотуудад хүмүүс регистрийн дугаар буюу үндэсний бүртгэлийн дугаарын сүүлийн оронгоос шалтгаалж аль өдөр гадагшаа гарахыг шийдэж байна. Жишээлбэл 0,4,7-оор төгссөн бол даваа гарагт, 1,5,8-аар төгссөн бол мягмар гарагт гэрээсээ гарах гэнэ. Манай машины дугаарын хязгаарлалттай төстэй юм даг уу. Колумб халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг тул өнгөрсөн дөрөвдүгээр сараас найм дугаар сар хүртэл ард иргэд нь тасралтгүй хөл хорионд байсан юм.  Энэ хугацаанд нийгмийн сэтгэл зүй хүнд байдалд орсныг амиа хорлолт огцом өссөнөөс харж болно. Эрх баригчид ард иргэдийг бодит, хэрэгцээтэй мэдээллээр хангахын оронд хэт их айдаст автах нөхцлийг бүрдүүлснээс, мөн хүн амын нягтаршил өндрөөс үүдэн Колумбын тархалт буурахгүй байгаа тухай хэвлэлүүд бичжээ. 

3. Серб

Энэ улсын засгийн газар хөл хорионы үеэр нохой салхилуулах цагийг үдшийн 20.00-21.00 цагийн хооронд байхаар хязгаарлажээ. Энэ шийдвэрийг нохойтой хүмүүс эсэргүүцсэн юм. Давсаг султай, шээсний замын асуудалтай ноход яах болж байна? хэмээх хүмүүс ч байна. 

4. Беларусь

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нүдэнд харагдахгүй вирусээс айх шаардлагагүй хэмээж, хөд хөдөлгөөн хязгаарлах тухай инээдтэй зүйл ярихгүй байхыг анхнаасаа хүссэн. Өнгөрсөн өвөл түүнийг мөсний хоккейн тэмцээн үзэж байхад телевизийн сэтгүүлч тахал гарсан үед ингэж олноор цугларч болох эсэхийг асуухад “Юун тахал? Энэ хар хүйтэнд ямар тахал тэсэх вэ дээ. Энд нэг ч вирус байхгүй” гэж хариулсан юм. Мөн тэрээр цагаан архи зохих хэмжээгээр ууж, саунад суух нь вирусээс хамгаалах сайн арга гэж ард түмэндээ уриалсан нь хүмүүсийн анхаарлыг татсан. Беларус одоог хүртэл Европын орнууд дотроос спортын тэмцээн уралдааныг хориглоогүй ганц улс хэвээр байна. Мөн статистик харахад Беларусь нас баралтын хувь хамгийн бага орнуудын нэг болж байна. 

5. Швед

Шведэд өнгөрсөн хавар дотооддоо халдвар их гарсан ч гэлээ ард иргэд нь тайван байдлаа огт алдаагүй юм. Төр засаг нь иргэдийнхээ ухамсарт итгэж байгаа тул 50-иас олон хүн цуглахыг хориглохоос өөрөөр хөдөлгөөн хязгаарлах шийдвэр, дүрэм журам гаргахгүй гэж мэдэгдэж байсан. 2020 эхний хагасын байдлаар энд амьдрал хэвийн үргэлжилсэн. Харин 11 дүгээр сартай зэрэгцэн Европт дэгдэж буй хоёр дахь давалгаанд бэлэн байх үүднээс гадуур нэг дор гурав хүртэлх тооны хүн уулзахыг л зөвшөөрч буй юм. 

6. Малайз

Малайзад халдвар гарч, хөд хөдөлгөөн хязгаарлаж эхлэх үед энэ улсын Эмэгтэйчүүдийн яам ард иргэддээ хандаж онлайн сэрэмжлүүлэг хүргэхдээ эмэгтэйчүүд гэртээ нүүр амаа будаж шунхдан, олигтой хувцсаа өмсөж, нөхрүүддээ үглэж яншиж төвөг удалгүй, ая эвийг нь олж байхыг сануулсан байна. Үүний дараа иргэд сошиал орчинд эсэргүүцэл илэрхийлснээр тус яамын сайд нь уучлал хүссэн юм. 

Эр сурвалж: BBC, NYDaily News, Associated Press