Монголын түүхийн үечлэл ба туулж ирсэн замнал

Улс төр

Монгол орныг хүн төрөлөхтөний өлгий нутгийн нэг гэдгийг эрдэмтэд баталсан. Ийм ч учраас Монгол эртний түүхт төрт ёстой улс юм. Манй улсын түүхийг судлаачид есөн  үед хуваан үздэг. Ингээд Монгол Улсын түүхээс товчлон хүргэе.

Ураг төрлийн байгууллын үе

Энэ үед МЭӨ III зуун хүртлэх хугацаа хамаардаг. Өөрөөр хэлбэл Монгол нутагт хүн амьдарч эхэлсэнээс анхны төр улс байгуулагдах  хүртэл цаг үе юм. Судлаачид Монгол нутагт  хүн 800 мянган  жилийн тэртээгээс амьдарч ирсэн гэж үздэг. Хүн үүсч хэрхэн амьдарч байсан үеийг архелогийн олдвороор нь чулуун, хүрэл, төмөр зэвсэгийн гэж ангилдаг.

Хуучин чулуун зэвсэгийн үе: 800-15 мянган жил 

Дундад чулуун зэвсэгийн үе: 15000-8000 жил

Шинэ чулуун зэвсэгийн үе: 8000-3000 жил

Хүрэл зэвсэгийн үе: МЭӨ 3000-МЭӨ 1000 жил

Төмөр зэвсэгийн үе: МЭӨ нэг дэх мянган жил тус тус хамаардаг.

Монгол нутагт хүн анх амьдарч байсан үеийн олдворууд

 Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн суурин: Эндээс гол төлөв бор шаргал өнгийн чулуугаар хийсэн дурсгалууд олдсон ба давхаргуудад хийсэн шинжилгээгээр тухайн бүс нутаг шилмүүст ойтой чийглэг дулаан уур амьсгалтай байсан нь тогтоогдсон ба  730 мянган жилээс өмнөх үед хамаарна гэдэг нь батлагдсан.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын хөндийн суурин: Эндээс ногоон саарал өнгийн хайрган чулуугаар хийсэн 212 ширхэг олдвор олдсон ба бусад дурсгалтай харьцуулан насжилтыг нь 500000 жил гэж тогтоосон байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Ярх уулын суурин: Энэ нь одоогоос 300 мянган жилийн өмнөх дархны газар бөгөөд хасын хольцтой цахиурын төрлийн чулуугаар хийсэн зэвсэг их олдсон.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцон мааньтын суурин: Хар өнгийн чулуугаар хийсэн зэвсэгүүд олдсон байдаг.

Өвөрхангайн Богд, Өмнөговийн Булган сумын заагт байх Цахиуртын хөндий: Ойролцоогоор 20 ам киломер талбай бүхий энэ суурин хөрсөн дээрээ чулуун зэвсгийн доод үеэс дээд үе хүртэлх үеийн дурсгалыг хадгалсан Төв Азид төдийгүй дэлхийд ховор олдвор юм.

Монгол нутгаас олдсон шинэ чулуун зэвсэгийн үеийн олдворууд

Дорнод аймгийн Тамсагбулаг: Хүний булш, сууц бүхий суурингуудыг нээж судалсан ба Төв, Умард Азийн чулуун зэвсгийн судлалд онцгой байр суурь эзлэх дурсгал болно. Эндээс олдсон булшинд оршуулсан хүнийг сууцны хойд хананы шалны дор хоёр хөлийг өвдгөөр нь ихэд атийлган, гарыг нь унжуулан явган суугаа байдлаар оршуулжээ. МЭӨ IV-III мянган жилд холбогдох 15 орчим насны, 1.20м өндөр, монгол төрхийн эмэгтэй хүнийг оршуулахдаа 200 гаруй сувсан зүүлт, 20 гаруй бугын соёогоор хийсэн зүүлт, бог малын чөмөгний ясан гэртэй, дотроо 1 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан зүү, 20 см урт, 2.5 см өргөн ясан хутга хоёрыг тус тус дагалдуулан тавьжээ.

Тайлбар: Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Далан харын ууланд  байдаг хамгийн анханы  “Нарны бурхан” зураг. Энэ зураг 40 мянган жилийн өмнөх үед хамаарна.

Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангийн улаан хад, Баглуур хад, Төв аймгийн Зуунмод,  Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зорголхайрхан, Хэнтий аймгийн Биндэр сумын Бичигт хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй, Цагаан магнайн агуйгаас олдсон хадны зосон зургууд орно.

Монголын эртний улсуудын үе

Тайлбар: Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь олдсон. Эндээс олдсон барилгын дээврийн энэ чимэглэл болох нүүр вааран дээр ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ гэж эртний ханзаар бичжээ.

Монголын төдийг төв Азид нүүдэлчдийн анхны төр улс  Хүннү гүрэн байгуулагдсан тэр цагаас Их Монгол Улс байгуулагдах хүртэл үе энд хамаардаг. Цаг хугацааны хувьд МЭӨ III зуунаас МЭ-ний 13-р зуун юм. Монгол нутагт төрөө байгуулан оршин тогтнож байсан улсуудыг Монгол угсааны болон Түрэг угсааны гэж хоёр ангилж үздэг.

Хүннү: МЭӨ I зуунаас МЭ I зуун

Сүмбэ: МЭ 1-3-р  зуун

Муюун, Тоба: МЭ 4-5-р зуун

Их Нирун: 330-555 он

Түрэг: 555-745 он

Уйгар: 745-840 он

Их Монгол Улсын болон Монгол гүрний үе

Цаг хугацааны хувьд МЭ 13-14-р зуун юм. Энэ үеийг Монголын түүхийн Алтан үе гэдэг. Монголын Нирун улс задран унаснаар МЭ-ний 6-р зууны дунд үеэс монголын овог аймгууд тархай бутархай болж өөр өөрийн хөгжлийн замыг туулж иржээ.  Ингээд 12-р зууны 80-аад онд Хамаг Монголын ханлигийн нэгдэл байгуулагдсан байна. Улмаар 1206 онд Их эзэн Чингис хаан Монголын угсааны 80 гаруй аймгийг нэгтгэж Их Монгол Улс байгуулсан түүхтэй. Их Монгол Улс 1206–1405 онд оршин тогтносон.   Ази, Европ тивийг тэгнэн оршиж  хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид Их Монгол Улсын газар нутгийг 26 сая  эсвэл 33 сая ам км хэмээн зөрүүтэй байдлаар тооцоолжээ. Их Монгол Улс  алтан үедээ наран ургах зүгээс наран жаргах зүг хүртэл, Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнө зүгээс, Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассаль орнууд, умард зүгт, Хойд мөсөн далай, Енисей мөрний сав газрын овог, аймгуудыг хамруулсан асар уудам газар нутгийг эрхшээн оршиж байлаа. Ази, Европ тивийн олон арван улс, хэдэн зуун хот балгасыг байлдан дагуулж, сая сая иргэдийг хурааж, эрхшээлдээ оруулсан, Монголчуудын цэргийн тоо нь 250 мянгаас хэтэрч байсангүй. Чингис Хаан төв Азид, одоогийн Монгол Улсын газар нутаг дахь тархай бутархай олон арван нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчдийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар, ИМУ-ын үүсэл хөгжлийн үндэс суурь тавигджээ.

Улс төрийн бутралын үе

Тайлбар: Мөнх хаан 1251-1259 онд хаан ширээнд сууж байв. Тэрбээр 1208 онд төрж 1259 оны наймдугаар сарын 11-нд Чунцинд нас баржээ. 

Энэ үед Монголын 15-17-р зууны үеийн түүх хамаардаг. Судлаачид “Дөчин дөрвөн хоёр” гэж энэ үеийг нэрлэдэг. Тухайн үед 1251-1259 онд төр барьж байсан Мөнх хааны үеэс Их Монгол Улс  задарч эхэлсэн. Тухайлбал, Мөнхийн харьяаны улс, Батын харьяаны улс хэмээн хуваагджээ. Энэ үйл явц даамжирсаар 14-р зуунд Монгол гүрэн Дундад Ази дахь Монголын хаант улс, Иран дахь Монголын хаант улс, Орос дахь Монголын хаант улс, Юан гүрэн хэмээн хэд хэдэн улс болон задарчээ. Мөнх хааны үед гадаад орнуудаас Аббасидын халифт улс, Сири дэхь хотууд, Дали улс, Өмнөд Сүн улс, Гуулин улс зэрэг олон улсуудыг цэрэг зэвсгийн хүч хэрэглэн байлдан дагуулан өөрийн албат боолоо болгож байв.

Тайлбар: Бат хаан

Бат хаан 1208 оны луу жил Чингис хааны ууган хүү Зүчийн хатан Хонгирад аймгаас гаралтай Уги/Ухаа Үжин хатнаас төрж 1255 онд нас барсан. Монголын нөлөө бүхий удирдагч, Хөх Ордыг үндэслэн байгуулагч тэрээр Европ руу хийсэн Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтыг удирдсанаараа Монголын бусад хаадаас өрнө дахинд илүү алдаршсан. Энэ аян дайн түүхэнд "Ахмад хөвүүдийн дайн" гэж тэмдэглэгдсэн. "Түүний Хөх Орд Алтан Орд (буюу Кипчакын ханлиг) болж, Орос болон Кавказыг 250 орчим жилийн турш захирч байсан. Түүний цэрэг Польш, Унгарын цэргийг бут цохиж байжээ.

Манжийн эрхшээлд орсон үеийн Монгол Улс

Өвөрмонгол 1636, Халх монгол 1691, Ойрад буюу баруун монгол 1775 онд Манжийн эрхшээлд орсон байна. Манж улс монголчуудыг бослого гаргахаас сэргийлж төмрийн хэрэглээг хязгаарлан тэргэндээ төмөр цөн хийдэг байсныг болиулсанаар 20-р зуун гэхэд монголчууд дан модоор тэрэг хийдэг болжээ. Ардууд манж, монгол эрх баригч, мөн тайж, дээд лам нарт үг дуугүй захирагдаж, ондоо хошуунд явахдаа ноёноосоо зөвшөөрөл авч, олон зүйлийн алба татвар төлж байв. Их эзэн Чингис хааны алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн 1636 онд өөд болсноор манжийн эрхшээлд орох үүд хаалга нээгджээ.

Олноо өргөгдсөн Монгол Улсын үе

Тайлбар: Богд хаан Жавзандамба болон түүний Засгийн газрын гишүүд

Энэ үеийн түүхэнд  1911-1919 он хамаардаг. Богд хаант Монгол Улс 1911 онд байгуулагдсан. Гэвч 1915 оны гурван улсын гэрээ гэгчээр Хятадын харьяаны автомат улс болжээ. Хятадын эрх баригчид 1919 онд энэхүү автомат засгийг халж өөрийн дэглэмээ тогтоосон байна. Хятадын энэ цэргийн дэглэм 1921 оны хоёрдугаар сар хүртэл оршин тогтнож Барон Унгернд эрхээ алдсан. Ийнхүү Барон Унгерний засаглал 1921 оны долдугаар сар хүртэл тогтсон юм.

1921 оны хувьсгал түүний дараах үе

Тайлбар: Ардын хувьсгаль санаачлагчид

Хувьсгалын ололтоо баталгаажуулахын төлөөх тэмцэл 1930 оны дунд үе хүртэл үргэлжилсэн. Үүнээс хойш таталитар дэглэм 1950 оны дунд үе хүртэл үргэлжилсэн. Ингээд авторитар дэглэм 1980 он хүртэл үргэлжилжээ. Тэгээд 1980 оны дунд үеэс эхлэн өөрчлөн байгуулалт өрнөж эхэлсэн байдаг.

Өөрчлөлт шинэчлэлтийн үе

Энэ үе 1989 оноос эхэлж өнөөдрийн Монгол Улсын түүх хамаардаг. Монгол Улс 1990 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд тайван замаар шилжсэн. Ингээд улс төрийн олон намын тогтолцоо нэвтэрч ардчилал төлөвшин тогтож байна.