Кино урлагийн эхлэл бүр XY-XYII зуунд тавигдсан гэвэл үнэмших үү

Соёл урлаг, Спорт

Үйл явдлыг дүрсээр үзүүлдэг кино урлагийн түүхийг 1895 оны арванхоёрдугаар сарын 28-нд Капуциногийн цэцэрлэгт хүрээлэнгийн “Гранд кафе”-гийн нэг танхимд анх удаа кино үзүүлснээр эхэлсэн гэдэг ч үнэн хэрэгтээ энэ урлагийн түүхийн анхны алхам нь бүр XY-XYII зууны үед Хятад, Японд сүүдэр театр бий болсны дараагаар “нүхний дуран” буюу “шидэт дэнлүү” бүтээснээр эхэлсэн гэж болно.

Үүнийг XY  зууны эцсээр алдарт Леонардо да Винчи бас туршиж байсан гэдэг. Дүрсийг сүүдэрлэн дэлгэц дээр үзүүлэх энэ шидэт дэнлүү XYII  зуун гэхэд бүр түгээмэл болж алдаршсан байна. Энэ бол дотроо гэрэлтүүлэгтэй, өсгөгч шил бүхий төмөр хоолой бүхий хайрцаг. Гэхдээ энэ дүрсүүд хөдөлгөөнгүй байсан юм.

                                         

Кино урлагийн дараагийн алхам нь дэлгэц дээрх дүрсийг амьдчилж хөдөлгөх оролдлого бүхий л европоор өрнөж байх үед 1830 онд Майкл Фарадей түүний найк Макс Рожер нар фенакистископом гэдэг багаж бүтээлээ. Энд хөдөлгөөний дарааллыг харуулсан хэд хэдэн зураг оруулснаар дүрс хөдөлж эхэллээ. Гэхдээ энэ бол хэдхэн секундын дүрс байсан юм.

 

Гурав дахь алхам нь 1877 онд Луи Дагера, Жозефа Ньепса нарын туршилт байжээ. Тэд гэрэл маш сайн мэдрэх эмульс хальс бүтээхээр оролдсон байна.

                           

1878 онд Калифорнийн амбан захирагч Леланд Стэнфорд, гэрэл зурагчин Эдвард Мейбриж нар морины цогиж байгаа зургийг хөдөлгөх туршилт хийсэн байна.

Тэд давхиж яваа морины зам дагуу тусгай асарт гэрэл зургийн 12 аппарат суурилуулан замын эсрэг талд нь цагаан самбар байрлуулаад гэрэл зурагчдад дохио өгмөгц зураг дарах үүрэг өгчээ. Ингэснээр аппаратууд дэс дараалан зураг даржээ. Дараа нь Мэйбриж аппаратынхаа тоог 24 болгож дараалуулан дэлгэцэнд гаргаснаар дүрс хөдөлсөн байна.

Хүн амьтныг зурган дээр хөдөлгөх нь Мэйбрижийн жинхэнэ сонирхол байж 1887 онд “Амьтны хөдөлгөөн: Амьтны хөдөлгөөний зургуудыг судалсан нь” ном гаргасан дотроо 1872 оноос 1885 онд авсан бүхий л туршилтын бараг 100 мянган гэрэл зургаа оруулжээ.

Энд нь гэрийн нохой, морь, муур, хандгай, буга, баавгай,  илбэнх, арслан бар, сармагчин, шувуу гээд амьтныг хөдөлгөхөөр дэс дараалуулан авсан зургууд багтаж.

Мейбриж 1901 онд дахиад “Хүний төрх ба хөдөлгөөн” гэдэг ном гаргасан байна.

 

Цааш нь юу болов

 

XIX  зууны хоёрдугаар хагас гэрэл зураг түгээл болон айл бүрий гэрэл зургийн цомогтой боллоо.

1876 онд францын профессор Этьен Маре “гэрэл зургийн буу” зохион бүтээлээ. Энэ бууны дайзанд амьтан, шувууны хөдөлгөөнийг харуулсан 10 гэрэл зураг хийгээд нэг секундын хугацаанд бүгдийг нь ээлжлүүлэн гаргахад тухай амьтан яг л амьд юм шиг хөдөлнө. Гэхдээ ганцхан секунд л дээ.

 

Цаашлаад үүнийгээ боловсронгуй болгож гэрэл мэдрэх цаас хуйлан хийж ашигладаг камер бүтээсэн нь фото лент ашиглахын эхлэл болсон байна. Кино аппаратын анхдагч л гэсэн үг.

1876 онд Эмиль Рено оптик театр гэгчийг бүтээсэн нь чийдэнгийн өмнүүр үйл явдал нь 80,90,100 гэрэл зураг урсан өнгөрч, тусгай жүжигчин тайлбарыг уншдаг байлаа. Энэ нь бас л түгээл болон зөвхөн Парист гэхэд л 12 ийм театр бий болов.

1870 онд америкийн зохион бүтээгч Жон Хайат хуванцар бүтээсэн нь хожмоо гэрэл зургийн уян хальс гарган авах эхлэл болж долоон жилийн дараа оросын гэрэл зурагчин Иван Болдырев  ийм хальс гаргах санал дэвшүүлэн, 1889 онд америкийн Жорж Истмэн хуванцраас гэрэл зургийн зөөлөн хальс гаргаж авчээ.

Кино урлаг үүсэхийн босгон дээр

Хөдөлгөөнт зураг бүтээх гэсэн зохион бүтээгчдээс энэ зорилгодоо хамгийн ойр байсан хүмүүс бол Томас Эдисонах дүү Люмьер болон  Иосиф Тимченко нар байлаа. 1894 онд Уильям Диксон гэгч Эдисоны удирдлагаар кинетоскоп хэмээх аппарат бүтээсэн нь хөдөлгөөнт зургийг ганцхан хүн л шагайвраар үзэх зориулалттай байв. Нөгөө талаар энэ аппарат дахь дүрс кадраар биш харин понарам хэлбэртэй харагддаг байв.

 

1993 онд оросын инженер, Балтийн заводын ерөнхий инженерийн орлогч  Иосиф Тимченко кино үзэр проектор бүтээсэн байна. Үүгээрээ гэр бүлийнхнийхээ зургийг гаргаж туршиж байснаа хэсэг хугацааны дараа  оросын шинжлэх ухааны нийгэмлэгт танилцуулжээ. Түүний бүтээлийг өндөр үнэлсэн ч цаашид үргэлжлүүлэх хөрөнгө мөнгө өгсөнгүй. Тэр өөрөө банкны эзэн Дмитрий Рубинштейн, дэлгүүрийн эзэн Елисеев, талхны газрын эзэн Филиппов гээд олон хүнд хандаж хандив гуйсан ч бүтсэнгүй.

Анхны кино аппарат

Үүнээс нэг жилийн дараа ах дүү Люмьер кино үзүүлэх өөрийн техноллогио танилцуулсан нь  түүхэнд кино урлагийн эхлэл, зохион бүтээгч гэж орсон юм. Тэд 1895 онд “синематограф” нэртэй  кино аппарат бүтээж хэд хэдэн роликны зураг авсан байна. Улмаар 1895 оны гуравдугаар сарын 22-нд Парисын Эх орны үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгт, арваннэгдүгээр сарын 10-нд Бельгийн нийслэл Брюссельд Гэрэл зурагчдын нийгэмлэгт, арванэгдүгээр сарын 16-нд Сорбоны амфитеатрт эдгээр роликуудаа үзүүлжээ. Гэхдээ эдгээрийг зөвхөн урилгатай мэргэжилтнүүдэд үзүүлж байжээ.

Харин 1895 он арванхоёрдугаар сарын 28-нд Парисын Капуцино цэцэрлэгт хүрээлэнгийн “Энэтхэгийн Гранд-кафе салон”-д хүссэн хүн бүхэнд анхны кино тавьж үзүүлсэн байна. Энд 1895 оны хавар авсан 45-50 секунд үргэлжлэх хэд хэдэн богино ролик үзүүлжээ.

Ах дүү Люмьер бас кино театрын сүлжээ байгуулжээ. Ингэснээр  тэдний түншүүд кино гаргаж үзүүлэх, кино механикч гэж мэргэжил бий болон тэднийг цалинжуулж, аппаратуудаа түрээсэлж, киноны материал худалдаж бизнес хийж эхэллээ. Эхлээд тэдний бизнес тун амжилттай байсан ч тун удалгүй өчнөөн өрсөлдөгч гарч ирсэн байна.

Ингээд Лютьерийнхэн  1898 онд энэ бизнесээ орхиж  фото технологийн ажлаа үргэлжлүүлэн, ялангуяа өнгөт гэрэл зураг авах ажлаар оролдож эхэлжээ.

 

 

Киноны үргэлжлэх хугацааг уртасгахад Вудвил Латамын 1897 онд бүтээсэн  төхөөрөг  тус болж 15 метр хальс хийдэг болсон ч энэ нь нэг минутад л гарах  дүрсийг багтааж байлаа.

Кино урлагийн түүхэнд францын Жорж Мельс, америк Дэвид Гриффит нарын оруулсан хувь нэмэр онцгой. Мельес  анхны кино студи байгуулж, анхны зөгнөлт, анхны аймшгийн киноны зургийг авсан хүн. Гриффт бол харин “крупный план”-ын зарчмыг боловсруулснаараа “холливудын найруулга”-ын үндсийг тавьж сонгодог “кадр, тавилт-тайз-дүр” гэсэн схемийг бий болгожээ.

Европт бол Дэлхийн нэгдүгээр дайны өмнө парисын “Ах дүү Патэ” студи, АНУ-д бол эхлээд Нью-Йоркт кино үзүүлсэн байна.

Ингээд 1920 он гэхэд Холливудад найман том кино студи бий болчихсон байлаа. Эдгээрийн тав нь FoxLoew-MGMParamountRCA,  Warner Brothers байсан нь өнөө ч дэлхий дахинаа өөрийн сүлжээтэй болчихсон байгаа.

Дуутай кино...

Кино үүсэхтэй зэрэгцээд л түүнийг дуутай болгох санаа зэрэгцэж анхны оролдлогыг 1894 онд Томас Эдисон өөрийн туслах Уильям Диксоны нар нэг кино роликтоо “Сайн байна уу ноён Эдисон. Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ кино зураглаачид та сэтгэл хангалуун байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэсэн дуутай хийснээрээ анхдагч болно. Харин ам барьж дуу оруулах анхны оролдлогыг 1900 онд Люмьерын тоног төхөөрөмжөөр Леон Гомон хийх гэсэн ч нэг их амжилттай болсонгүй, кинонд дуу оруулах ажилд хэдэн арван жил шаардлагатай болсон юм.

Өнгөт кино....

Нэгэнт л кино гэдэг ийм сонин зүйл гараад ирсэн болохоор үүнийгээ өнгөт болгох гэсэн сонирхол тэр дороо л бий болж мөн Томас Эдисон 1895 онд киноетоскопт зориулсан “Лой Фуллерийн бүжиг” киногоо гараар будсан нь дэлгэцэн дээр өнгөт кино гаргасан анхны тохиолдол байлаа.

Дуугүй киноны анхдагчийн нэг Жорж Мельес кино зургаа  гараар будаад өнгөтөөр хувилсан нь бас нэг дэвшил байв. Түүний “Сар руу аялсан нь” кино 1902 онд гарсан нь хар цагаан киноноос хавьгүй үнэтэй байлаа. Мэдээж кино зургийг нэг бүрчлэн өнгөөр будахад зураачдын бүхэл бүтэн баг ажилладаг байжээ. Харин 1905 онд Pathé кино компани Патеколор” киногоо өнгөт болгохдоо арай илүү боловсронгуй хэвлэгч ашиглан будсан байдаг. Үүний тулд будах хэсгүүдээ тасдаж аваад зохих өнгүүдээр хэд хэдэн хэвлэгч машинаар тус тусад нь будна. Үүний дараа эвлүүлж наагаад хувилна....

Зөвлөлтийн кино найруулагч Сергей Эйзенштейн 1925 онд кино хальсыг гараар будах арга хэрэглэн алдарт “Хуягт онгоц Потёмкин” киноныхоо төгсгөлд хувьсгалын улаан тугийг гаргасан байдаг. Кино зураг авахдаа  цагаан туг ашигласан гэдэг. Кино хальсыг гараар будаж өнгөт болгодог энэ технологи 1930-аад он хүртэл үргэлжилж байж сая өнгөт хальсан дээр авч, угаах технологид халаагаа өгсөн юм шүү дээ..