"БОЛОР ЦОМ 35" д уншиж үзэгчдийн алга ташилтанд умбасан "БҮСГҮЙ МОРЬ" хоёр шүлгээ та бүхэндээ толилуулж байна.

Соёл урлаг, Спорт

Бүсгүй морь хоёр

Бүсгүй морь хоёр адилхан

Бийрэн цэнхэр бүжиг шиг адилхан

Гоо үзэсгэлэн гоолиг бүхнээрээ адилхан

Голын уснаа гараад ирэх нь бүр адилхан

Дээлтэй монгол эрийн мөрөөдөлд багтдаг нь адилхан

Дэл нь хийсээд намилзах нь дэндүү дэндүү адилхан

Бүсгүй морь хоёр адилхан

Зүүдний дагина шиг зүүрмэглэж зогсох нь ижилхэн

Зүс зүсээрээ гоёод наадам чимдэг нь ижилхэн

Уртын дууны шуранхайд уянгалуулж магтуулдаг нь ижилхэн

Уран гоо биеэ шинжүүлж зогсох нь ижилхэн

Шилийн сайн эрийн зүрхийг эзэмддэг нь ижилхэн

Шөнжин бодол ээдүүлж нойргүй хонуулдаг нь ижилхэн

Бүсгүй морь хоёр ижилхэн

Бүжин уулсын оройг саравчлан байдаг нь адилхан

Бүрэнхий шөнийн алсад чимээ чагнадаг нь адилхан

Хайртай эзнээ хээр хаядаггүй зан нь адилхан

Хатуу бүхэнг туулж чаддаг тэвчээр нь адилхан

Бүсгүй морь хоёр адилхан

Ханагар сайхан эрчүүдийн харцыг булаадаг нь адилхан

Холын хүний цулбуурт хөтлүүлж оддог нь адилхан

Урт урт санаа алддаг нь хааяахан

Унагсан нулимсаа дэлэндээ нуудаг нь адилхан

Эзэн хүндээ үнэнч байдаг ухаан нь адилхан

Эргээд нутгаа санадаг нүд нь адилхан

Бүсгүй морь хоёр адилхан