Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг талийгаачийн ар гэрээс уучлалт гуйжээ

Эрэн сурвалжлах

Хөвсгөл аймгийн нэгэн иргэн цахим хуудастаа энэ сарын 13-ны өдөр гомдол гаргаж, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байсаар тус аймгийн нэгдсэн эмнэлгийн коридорт нас барсан иргэний тухай мэдээлэл оруулсан.

Өвчтөн зүрхний өвчтэй байсан бөгөөд нас барахынхаа өмнөх шөнө гэртээ 7 болон 14 насны хоёр хүүхдээ цоожлон эхнэрийн хамтаар эмнэлэгт хэвтэхээр очжээ. Гэтэл эмч нар "Маргааш үзлэгийн цагаар үзүүлж байж хэвт" хэмээн буцаажээ. Тухайн үед өвчтөний эхнэр эмч нараас удаа дараа гуйж нөхөртөө эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүссэн ч зөвшөөрөөгүй аж.

Ингээд өвчтөн буцаж маргааш нь ажлынхаа заваар эмнэлэгт очсон ч оочер дараалал ихтэй байсан тул эмчийн өрөөний гадна хүлээж зогсож байхдаа бие нь муудаж нас барсан юм. 

Энэ талаар цахим орчинд аймгийн иргэд санал хүсэлтээ илэрхийлж, эмнэлгийн байгууллагыг шүүмжилсэн. Харин эмнэлгийн зүгээс өнөөдөр /2020-11-15/ дараах тайлбарыг гаргасан байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2020 оны 11 сарын 14-ний өдөр тавигдсан иргэн И-ийн нийтэлсэн гомдлыг Чанарын алба хүлээн авч, удирдлагын багийн хурлаар хэлэлцлээ. Ингээд эмнэлгийн удирдлагууд тухайн айлд очиж талийгаачийн эхнэр болон ах, эгч, дүү нарт нь эмгэнэл илэрхийлж, албан ёсоор уучлалт гуйлаа.

АНЭ-ээс хариуцлага, ёс зүйг сайжруулах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байгаа боловч тухайн гомдол болон бичсэн сэтгэгдлүүдэд хандлага харилцааны дутагдал, хүнд суртал байсаар байгааг харуулж байгаад харамсаж байна. Энэ нь удирдлагын зүгээс дорвитой арга хэмжээ авахыг анхааруулсан асуудал боллоо.

Бид тухайн тохиолдлыг судалж, шийдвэрлэн холбогдох хүмүүст хариуцлага тооцож, хариу өгч ажиллахыг албан ёсоор мэдэгдэж байна. Нэгдсэн эмнэлгийн Удирдлагын баг гэжээ.