Өвчтэй зулзагаа эмнэлэгт үзүүлэхээр ирсэн ухаалаг муурын түүх

Бусад

Та бүхэн гарцан дээр ногоон гэрэл асахыг хүлээж байгаа болон бусад хүмүүсийн адилаар тэвчээртэйгээр дугаарлан зогсож байгаа гээд л "соёлтой" нохдын түүхийг бишгүй л харж сонсож байсан байх. Тэгвэл өвчтэй зулзагаа эмнэлэгт үзүүлэх гэж буй ухаалаг муурын түүхийг сонсож байгаагүй л болов уу? 

Дэлхий дээр муурыг бараг л үндэстэн даяараа хайрладаг хэд хэдэн улс бий. Үүний нэгт Турк улс зүй ёсоор багтана. Бусад улстай харьцуулахад гудамжинд нь илүү олон, магадгүй хэд дахин олон тэнэмэл муурнууд байх ч ард иргэд нь тэдэндээ их элгэмсэг ханддаг. 

Тиймдээ ч амьтад тэднээс тусламж эрэхээс нэг их эмээдэггүй бололтой. Саяхан тус улсын нийслэл Истанбул хотын эмнэлгийн түргэн тусламжийн тасагт нэгэн муур зулзагаа зуусаар иржээ. Зулзага нь тийм ч эрүүл харагдаагүй тул эмнэлгийн ажилчид шаардлагатай үзлэг үйлчилгээг хийж өгсөн байна. 

Бяцхан муужгайг эмчлүүлж байх хооронд ээж муур маань түүнээс огтхон ч хараагаа салгалгүй ажиж байв.

Эмнэлгийн ажилчид зулзагыг эмчлээд зогсохгүй ээжийг нь ч мөн хоолложээ. Ингээд бяцхан муужгайд анхны тусламж үзүүлж дууссаны дараа малын эмчид хүргэн өгсөн байна. 

Харин бид гудамжны амьтад, тэр дундаа мууртай тийм ч сайн харилцаатай биш шүү дээ. Зүгээр л урдуур нь гүйгээд өнгөрөх муурын араас харааж, чулуу шидэж, янз янзаар үйлийг нь үзэх тохиолдол олон. Энэхүү нийтлэлээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр бид заавал Туркууд шиг муурыг хайрлах албагүй ч ядаж л мөрөөрөө яваа амьтанг янз янзаар зовоох шаардлагагүй шүү дээ. Тиймээс дараа дараагийн удаад гудамжны мууртай тааралдаад өнгөрөхдөө тусалдаггүй юм аа гэхэд битгий зовоогоорой.

Эх сурвалж: Bored Panda