Нийслэлийнхэн утаанаасаа салсан ч угаарт хордсоор байна

Эрэн сурвалжлах

Нийслэлийнхэн түүхий нүүрснээс татгалзаад хоёр дахь жилээ угтаж байна. Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд утаан хөшгөөсөө өнгөц харахад салсан мэт боловч хор хөнөөл нь арилсангүй. Үүнийг иргэд шахмал түлшний барьцалдуулагч бодистой холбон тайлбарлаж, бас хардаж байгаа юм. Учир нь өглөө, оройд айл өрхүүдийн яндангаас суунаглах хар утаа шингэрсэн ч иргэдийн хоолой боогдож, нүд нь хорсон, толгой нь өвдөж байна гэсэн шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Мөн цар тахлын улмаас барьцалдуулагчийн чанар өнгөрсөн жилийнхээс муудсан хэмээн хардаж буй юм.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК: УТАА ИХЭСЧ, ХҮМҮҮСИЙН НҮД ХОРСЧ БАЙГАА НЬ ТҮҮХИЙ НҮҮРСНИЙХ 

Нийслэлийнхэн утаанд хордож буй асуудлыг "Тавантолгой түлш" компани анхааралдаа авч, түлшний чанараа эргэн харахад ямар нэгэн асуудалгүй байжээ. Иймд түүхий нүүрсний агууламж Улаанбаатарт тодорхой хэмжээгээр байна гэж тэд үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэд утаанд угаартаж байгаа нь шахмал түлшнийх бус, түүхий нүүрснийх гэнэ. Учир нь, нийслэлд түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй тоотой хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй нь агаарын чанарт төдийгүй иргэдэд сөргөөр нөлөөлж байна гэсэн тайлбар өгч байв.

Харин шахмал түлшний барьцалдуулагч нь химийн хорт бодис биш гэдгийг онцолсон юм. Тодруулбал, шахмал түлшний гол найрлага болох барьцуулдагч нь байгалийн аргаар гарган авсан эрдэнэшишийн цавуу юм байна. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй аж. Шахмал түлшний барьцалдуулагчийг урд хөршөөс татан авдаг байна. Хэрэв цар тахлын улмаас улс орнууд хөл хорионы дэглэмээ чангатгаж, хилээ хаавал барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх, ОХУ-аас татан авах зэрэг хувилбаруудыг судалж тооцсон байна. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний барьцалдуулагч нөөцөлжээ.

"УТААНД АГУУЛАГДАХ ХОРТ БОДИСУУД АРИЛААГҮЙ"

"Агаарын бохирдол ихэссэн болон багассан үзүүлэлтийг шууд хараад хэлэх боломжгүй" гэж Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв. Тус газрын судалгаагаар агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар буурсныг онцолсон. Гэсэн ч утаанд агуулагдах хорт бодисууд арилаагүйг албаны хүмүүс хэлж байна. Энэ асуудлаар Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалаас тодруулсан юм.

-Хүйтний улирал эхэлж Улаанбаатар хот өглөө, оройдоо нэлээн утаатай байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?

Улаанбаатар хотын агаарын чанарыг нийт 15-20 станцаар 24 цагийн турш тасралтгүй хэмжиж байна. Энэхүү хэмжилтийн дүнгээр өнгөрсөн өвөл агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулахад 50 хүртэлх хувиар буурсан гэх тооцоо гарсан. Галлагааны улирал эхэлсэн үед агаарын чанарын индексийн нэгдсэн дүн мэдээг долоо хоног тутам гаргаж, өмнөх оны мөн үетэй харьцуулж байна. Энэ сарын 2-ноос 8-ныг хүртэл долоо хоногийн хэмжилтийн дүнгээр агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар буурсан. Үүнийг задалбал, PM10 хэмжээтэй тоосонцор 4 хувь, PM2.5 хэмжээтэй тоосонцор 11 хувь, азотын давхар исэл 25 хувиар тус тус бага байна. Тэгэхээр агаарын бохирдлыг ямар нэгэн байдлаар хүний нүд болон хамраар хэмждэггүй. Тиймээс өнгөрсөн онтой харьцуулахад агаарын бохирдол ихэссэн болон багассан үзүүлэлтийг шууд хараад хэлэх боломжгүй юм. Ганц нэг өдрийн утаатай байсан үеийг шууд агаарын бохирдол ихэссэн гэж дүгнэвэл өрөөсгөл ойлголт болно. Арваннэгдүгээр сарын 2-ноос 8-ны хооронд хийсэн хэмжилтээр агаарын бохирдол ихсээгүй.

-Галлагааны улирал эхэлсэн үед утааны асуудал дахин сөхөгдөж байна. Агаарын бохирдол буурсан атал хоолой боогдож, нүд хорсч байгааг иргэд шахмал түлшний барьцалдуулагчтай холбон шүүмжлэх боллоо. Энэ нь түлшний чанар муудсаных уу, эсвэл түүхий нүүрс түлээд байна уу?

-Халаалтын улирал дөнгөж эхэлж байна. Улаанбаатарт агаарын бохирдлын тоос тоосонцор өнгөрсөн өвлөөс 7-21 дахин өндөр агууламжтай гарч байсан. Хэдийгээр утаа нүдэнд үзэгдэхээргүй арилж, 50 хүртэл хувиар буурсан ч бид стандартын шаардлага хангахгүй агаараар амьсгалж л байна. Зарим үед тоос тоосонцорын хэмжээ, агууламж стандартаас давж байгаа юм. Цаашид утааг агаарын чанарын стандарт хангах хүртэл бууруулах ёстой. Энэ ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллана. Агаарын чанар стандарт хэмжээнээс давахгүй байгаа тохиолдолд үзэгдэх орчин хязгаарлагдах, хүмүүсийн хоолой хорсох зэрэг асуудал үгүй болох юм. Улаанбаатар хотод агаарын бохирдол үүсгэгч гол бодис нь PM2.5, PM 10 хэмжээтэй тоосонцор байна гэж тодорхойлсон. Иймд үзэгдэх орчин хязгаарладаг гол химийн бодис нь тоос тоосонцор. Химийн бохирдуулагч бодис нүдэнд үзэгдэхгүй. Гэхдээ сайжруулсан шахмал түлшинд агуулагдах химийн бодис стандарт хэмжээнээс даваагүй, хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй. Түлшнээс ялгарч буй бодисыг бид цаг үргэлж хянаж байдаг.

-Утаатай байгаа нь сайжруулсан түлшний чанар муудсаных, эсвэл түүхий нүүрсээ түлж буйтай холбоотой гэж иргэд ярьж байна. Үүн дээр танайхаас ямар байр суурьтай байна вэ?

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас хамтран түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж байна. Хяналт, шалгалтаар зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсан аж ахуйн нэгжүүдийг илрүүлсэн. Нийт 250 орчим тонн түүхий нүүрс хэрэглэж байсан зөрчилд холбогдох байгууллагууд арга хэмжээ авсан. Ер нь агаарын бохирдол хамгийн их цэгүүд нь гэр хорооллын бүс байдаг. Хэдийгээр агаарын бохирдол буурсан ч агаарын чанарын индекс, явуулын станцын дүнгээр Баянхошуу болон Шар хад, Долоон буудал орчимд одоо ч утаа их байна. Агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан шахмал түлш голлох нөлөө үзүүлсэн. Шахмал түлшний чанар муудаагүй, барьцалдуулагч бодист өөр төрлийн химийн бодис ашиглаагүй. Судалгаагаар шахмал түлшний бодист хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хортой бодис ашиглаагүй нь тогтоогдсон. Гэвч түүхий нүүрсний агууламж тодорхой хэмжээгээр байгаа юм. Энэ нь агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байна.

Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст мэдээлснээр, хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын дөрөвдүгээрт Улаанбаатар эрэмблэгджээ. Үүнийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас тус сайт болон аппликейшнд дэлхийн хотуудын агаарын чанарын үзүүлэлт 30 минут тутамд солигддог тул дээрх үзүүлэлт өрөөсгөл ойлголт гэх тайлбар өгсөн юм. Магадгүй агаарын бохирдлоороо тэргүүлж буй 10 хотын дөрөвдүгээрт жагсахад нийслэлд өглөө, орой утаа ихсэх үе нөлөөлсөн байж болзошгүй гэсэн билээ.