Хангамжгүй, хамгаалалтын цагдаа нар...

Эрэн сурвалжлах

-Энэ жил ажлын гэхээс илүү сэтгэл санааны ачаалал ихтэй байлаа. Жилийн 360 хоногийн 300-д нь тусгаарлалтын хамгаалалтад ажилласан болохоор сүүлдээ ч эхнэр хүүхдээ аашлахад хэлэх үг ч олдохоо байсан. Ийгүй, цалингаа шилжүүлж байгаа болохоор манай хүн надад юм хэлэхгүй байгаа ч “өргөсөн тангараг чинь биднээс илүү бол өөр хэлэх үг алга аа” гэдэг үгийг хамгийн сүүлд сонсоод тав хонож байна даа... хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн залуу бол цагдаагийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа дунд шатны офицер хүн. Нас 30 гарсан, албандаа ажиллаад 10 жил давчихлаа, одоо эндээс гараад өөр ажил хийнэ гэхээр сэтгэлд багтахгүй байгаа учир ёстой л “илжиг модон хударгандаа жаргалтай” гэдэг л болж байна даа хэмээн өгүүлсэн нөхөр мөн цагдаагийн алба хаагчид...
Үнэндээ хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг ажилладаг цагдаагийн алба зөвхөн Монголд л байдаг байх гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Учир нь нэгэнт тангараг өргөөд цагдаагийн албанд ажиллаж эхэлсэн бол даргаас өгөгдсөн үүргийг буруу байсан ч гүйцэтгэх шахаанд ордог бичигдээгүй хууль машид сайн хэрэгждэг энэ албанд монголын 8000 орчим залуучууд ажиллаж байгаа. Эдгээрийн 14 орчим хувь нь эмэгтэйчүүд. Өмнө нь нийт алба хаагчдын 10 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд жендерийн асуудалд арай уян хатан ханддаг болсон юм уу, захиргааны голдуу албанд эмэгтэйчүүд ихээхэн ажиллах болсноор энэ хувь нэмэгдсэн гэж байгаа.

Дэлхий нийтээр цах тахлын аюулын эсрэг зогссон энэ хүнд үед нийслэлд тусгаарлагдаж байгаа иргэдийн хамгаалалтад 2020 оны нэгдүгээр сарын 8-наас өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 1740 алба хаагч 12-18 цагаар ээлжинд гарч ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн үеэр хамгаалалтад ажиллах болсон учир уг үүргийг гүйцэтгэж байсан Хэв журмын цагдаагийн алба хаагчдыг татсанаар өнөөдрийн байдлаар Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн алба хаагчид ковидын хамгаалалтад дангаараа ажиллах болсон. Ингэснээр тус албанаас 130-170 алба хаагчид тогтмол зочид буудал, Монголд ирж байгаа зорчигчдын хамгаалалтад ажиллаж байгаа гэдэг ч ойрын эх сурвалжийн өгүүлснэээр сонгуулиас хойш 70-90 алба хаагчид 21 хоног гараад 3 хоног амрах байдлаар ажиллаж байгаа гэсэн. Хамгийн хэцүү нь амралтын гурван хоногт ажлаасаа бууж байгаа нэг хоног нь шууд хамаарч байгаа учир яг үнэндээ 21 хоног амралтгүй ажиллаад 48 цаг л амрах эрхтэй байгаа гэсэн үг.
Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж, “хамгаалалтад ажиллаж байгаа алба хаагчдын хувьд ажлын ачааллаас илүү дээд албан тушаалтнуудын зүгээс үзүүлж байгаа дарамт маш их. Наад зах нь л тэдэн тоотод байгаа ийм хүнд тийм зүйл оруулж өг, манай тэр тэнд байгаа, тэрийг тэг... гэсэн үүрэг байдлаар өгөгдсөн даалгавар их. Журмаа мөрдөөд татгалзаад байвал удирдлагуудад “зуугдана”, тэр бүр хүсэлтийг нь биелүүлээд байвал тусгаарлалтын нөхцөл байдал худлаа болно... ёстой л эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байдлаар харилцаж, хаяагаа манахаас өөр арга байхгүй байдалд ажиллаж байгаа нь хамгийн хэцүү. За үүнээс гадна гэр бүлийн байдал байна. Залуухан гэр бүлд энд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрийн асуудал маш их хүндэрч байна. Гэртээ ч амрахгүй, авч байгаа цалин нь хаана ч хүрэхгүй. Ядаж л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд “тусгаарлалтад ажиллаж байгаа алба хаагчдад ингэж тусаллаа, тэгж цалинг нь нэмлээ, нэмэлт цалин олголоо...” гэсэн мэдээлэл маш их явна. Гэтэл яг үнэндээ энэ бүх хангамж цагдаагийн алба хаагчдад ямар ч хүртээлгүй өнгөрч байна. Бидний хувьд гэхэд 2020 оны нэгдүгээр сараас хамгаалалтад гарч ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл үндсэн цалингаас гадна ямар ч нэмэлт, нэмэгдэл цалин аваагүй ажиллаж байна...” гэсэн.
Энэ байдлыг хамгаалтад гарч байгаа цагдаагийн алба хаагчдаас олон хүн хэлж байсан. Харин дараа гарч болох үр дагавараас сэрэмжилж тэд нэрээ, ажлын байраа хэлэхийг хүсээгүй. Тэр бүү хэл өөрийн ар гэрийнхэнээс нь ч нэрээ хэлэхгүйгээр үүсээд байгаа асуудалд тайлбар өгөхийг хүсч байсан юм.
Монголчуудын хонх нь дугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг, хоёулаа дугарахаар лам нь таг гэдэг ёжлол бодит байдлаараа өнөөдрийн цагдаагийн байгууллагад тулгараад байгаа нь энэ. Алба хаагчдаасаа олон дарга нар, ширээ тохойлдсон дарга нарын хувьд ажлаа хийхээс илүү дүрэмдэнэ, доод албан тушаалтнууддаа ширүүлнэ.
Тэд машин унаж, өндөр цалин авч байгаа учир жирийн албан хаагчдад тулгарч байгаа асуудлыг ойлгохгүй, бас ойлгохыг ч хүсэхгүй. Хоолойдоо тулгасан зангиа, хормой нь чихэлдсэн цамцныхаа цаанаас дуугаа бүдүүрүүлээд яргалж, ярвайж харьцана... Дээшээ, доошоо баахан бичиг цаас бичнэ, шиднэ, бэлдсэн бичиг цаасанд гарын үсэг зурна... ширээний ард аахилж суугаад чиглэлээрээ зохион байгуулагдаж байгаа үр дүн тодорхойгүй баахан хурал зөвлөгөөнд очиж нэрээ бүртгүүлж зүсээ харалцана, гарсан шийдвэрийн гүйцэтгэл нь аанай л доод албаны алба хаагчид хийх учир ямбатай даргад ямар ч хамаагүй шахам үргэлжилнэ... Арай нэг албандаа сэтгэлтэй нь үг үсгийн алдаа, найруулга, холбогдох хуулийн заалтыг нягталж харвал их юм... бараг ховор доо, тийм дарга нар...
Ингэж хэлэх болсон нь шалтгаантай. Миний бие уг асуудлыг тодруулахаар цагдаагийн хариуцсан чиглэлийн дарга нартай холбогдсон. Багагүй хэл ам, хэлэлцээ, маргаан болж байж уулзсан дарга Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном байв. Эргүүл хамгаалалтын газарт би 11:30 цагийн орчим очиж, хөөцөлдөж яваа ажлаа үүдний хоёр цагдаад танилцуулж, нэр бүхий дарга нартах уулзахаар яваагаа хэлэхэд ямар уриалга угтсан гэж бодно. Харамсалтай нь тэд миний хэлсэн үгийг цаашаа дарга нартай танилцуулсаны дараа байдал өөрөөр эргэсэн. “бидний өмнөөс сайн асууж өгөөрэй” хэмээж байсан цагдаа, “дарга хуралтай байгаа учир таньтай уулзах боломжгүй байна” хэмээв. Уулзалт нь тарахыг хүлээсэн надад “дарга өдрийн цайндаа орсон” хэмээн дахин аргалах гэж оролдсон. Ийм байдлаар цаг ихээр нөхцөөж байсан учир Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүтэй холбогдож, учир шалтгаанаа хэлсэнээр “сэтгүүлчийн асуусан чиглэлээр хэвлэлд ярилцлага өгч болно” гэдэг зөвшөөрлийг ч авч амжив. Түүгээр зогсохгүй Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай холбогдов. Сэлэнгэ аймаг руу ажлаар явж байгаа учир шалтгаанаа өгүүлсэн хурандаа, нийслэлд тусгаарлагдаж байгаа иргэдийн хамгаалалтад 2020 оны нэгдүгээр сарын 8-наас өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 1740 алба хаагч 12-18 цагаар ээлжинд гарч ажиллаж байна. Хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын үндсэн цалин дээр нэмэгдэл цалин олгох төсөв байхгүй учир энэ хугацаанд ямар ч нэмэгдэлгүй нийт алба хаагчид ажиллаж байгаа. Энэ тухай Цагдаагийн албаны тухай хуульд тодорхой заасан байдаг. Амгалан байна уу, алба хаагч хэн ч байсан холбогдох хуулийн дагуу ажиллаж, цалин хөлсөө ч тэгж авч ажиллаж байна. Төр засгаас боломжийн хүрээнд хүнд хэцүү үед ажиллаж байгаа алба хаагчдаа харж үзэж байгаа гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хавар гэхэд тусгаарлалтад ажилласан цагдаагийн алба хаагчдад 300.000-500.000 төгрөгийн урамшуулал нэг удаа олгосон. Мөн цагдаагийн 100 алба хаагчийг түрээсийн байранд оруулсан. Цагдаагийн байгууллагаас хамгаалалтад ажиллаж байгаа ар гэрийнхэнд боломжийн хэрээр тусалж, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох гурил будааг үнэ төлбөргүй өгсөн. Энэ хүнд үед гол ажлыг нь нугалж байгаа цагдаагийн алба хаагчдаа төр засаг нь хаяагүй, боломжоороо хаана, хаана аа туслаад явж байгаа хэмээн ойлгож байгаа. 2021 оны төсөвт 964 сая төгрөгийг цар тахлын үед ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад зориулан баталсан. Эдгээрийн 600 сая төгрөг нь тусгаарлалтад ажиллаж байгаа алба хаагчдын хамгаалалтын зардал, маск болон бусад хэрэглээнд зориулагдана. Үлдсэн 300 сая төгрөгийг нь урамшуулал, нэмэгдэл цалинд тараагдах байх гэж бодож байна” хэмээгээд орон нутгаас ирсэний дараа уг асуудлаар ярилцлага өгөхөөр болов.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, “Хамгаалалтад ажиллаж байгаа алба хаагчдын тухай мэдээллийг Эргүүл хамгаалалтын газрын даргаас авах ёстой. Манай албанаас хамгаалалтад ажиллаж байгаа алба хаагчид байхгүй учраас би мэдээлэл өгөх боломжгүй байна. Түүнээс гадна цагдаагийнхан ямар төсвөөр хэрхэн ажиллаж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Санхүүгийн албанаас тодруулах нь дээр” гэдэг хариултыг өгсөн юм.
Ингээд уг асуудлаар Эргүүл хамгаалалтын газрын дарга Б.Эрдэнэномоос тодруулахаас өөр гарц үлдээгүй учир нэгэнт өрөөнд нь оруулахгүй байгаа учир гар утсаар нь холбогдоход хэсэг чимээгүй байснаа өрөөндөө орохыг зөвшөөрсөн юм. Харамсалтай нь газрын дарга утсаар өрөөндөө орохыг зөвшөөрсөн ч үүдний цагдаадаа оруулж болохгүй гэдэг үүрэг өгсөн байлаа. Тиймээс түүний өрөөнд зөвшөөрөлгүй орохоос өөр арга байсангүй. Араасаа хоёр цагдаа дагуулж, хар гүйхээр гүйсэн, мөн наашаа цаашаа муур хулгана болгож нэлээдгүй цаг авсан зэргээс болж багагүй бухимдсан сэтгүүлчийг газрын дарга, хурандаагийн өрөөнд ороход туслах нь бололтой хоёр цагдаа үүдэнд угтаж, өрөөнд нь оруулахгүй гэж хөндөлссөн.
Тэднээс гадна тус газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Амгалан, “газрын дарга таньтай уулзах шаардлага байхгүй, би танд мэдээлэл өгнө. Гэхдээ та Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархүүгээс зөвшөөрөл авч ирсэн байх ёстой” гэдэг шаардлага тавьсан. Харин уг зөвшөөрлийг утсаар авсан тухай хэлээд мэдээлэл авах эрх ямар ч сэтгүүлчид байдаг. Өрөөндөө сул байж байгаа газрын дарга чинь өдөр шөнөгүй хамгаалалтад гарч байгаа цагдаагийн алба хаагчдынхаа тухай таван өгүүлбэр хэлчих эрх мэдэлгүй бол энд суудал бөглөх ямар шаардлага байгааг асууснаар багагүй маргаан үүссэн.
Үнэндээ, Эргүүл хамгаалалтын газрын дарга гэх эрх эдэл ямбатай нөхрөөс иргэдэд хэрэгтэй мэдээлэл бүү хэл өдөр шөнөгүй ажиллаж байгаа жирийн цагдаа нарынхаа төлөө хэлэх үг ч байхгүй нь эндээс тодорхой болов. Нөгөө талаар ийм л цагдаагийн зарим дарга нар өнөөдрийн Цагдаагийн байгууллагад дарга нэр зүүж, суудлаа хамгаалж, бусад алба хаагчдынхаа нэр хүндийг унагааж байхад жилийн 300 хоногт нь гэртээ ч очих боломжгүй хамгаалалтад гарсан хэдэн цагдаа нар нь ар гэртээ ч үнэлэгдэхгүй арай ядан амьдарч байх нь аргагүй санагдаж бухимдсан. Хүнээ, алба хаагчдаа хамгаалахгүй, хайрлахгүй бүлэглэлд үйлчилж, дарга нарт бөхөлзсөн дарга нар жирийн алба хаагчдыг удирдаж байхад Монголын цагдаад ГЭРЭЛ ГЭГЭЭ бий, шударга ЦАГДАА, МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛНА гэсэн зөгнөлт зохиолын, мөрөөдлийн юм бодохын ч хэрэггүй юм.

Х.Ганaa