Д.Отгонжаргал: Цоо шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэдээ толилуулж, дүнгээ тавиулах гээд догдолж байна

Соёл урлаг, Спорт

Монголын мэдээ сонин, postmedia.mn сайт “Гарын үсэгтэй ярилцлага” буландаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Отгонжаргалыг урьлаа.

-Та “Өнө мөнх эх орон” нэртэй  уран бүтээлийн тогтлолтоо 2012 онд хийсэн. Одоо хэд дэх тоглолтоо хийх гэж байна вэ?

-Тийм. Энэ бол миний хоёр дахь тоглолт. Тусгаар тогтнолын ордонд тоглож байсан. Үүнээс өмнө 2006 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дэлхийн сонгодог уран бүтээлүүдээр тоглолт хийсэн. Миний уран бүтээлийн гурав дахь тоглолт 2018 онд бас л зургаан жилийн дараа “Хайрлахын жаргал” нэртэй Монгол Бөхийн өргөөнд болсон. Одоо дөрөв дэх тоглолтоо UB паласт хийх гээд бэлтгэлээ хангаад завгүй гүйж байна. Энэ тоглолтоо өөрийн уран бүтээл “Хун галуу” дуугаараа нэрлэсэн. Тоглолт арваннэгдүгээр сарын 14-нд болно. Тэгээд  сүүлийн зургаан жилд хийсэн, зүрх сэтгэлдээ дарсан  бүх уран бүтээлээ үзэгчдэдээ  зориулна.

-Энэ удаагийн тоглолтод шинээр хэдэн уран бүтээл орж байна. Одоогоор Отгонжаргалын отгон уран бүтээл нь ямар дуу байгаа вэ?

-Шинэ уран бүтээл олныг дуулна.  Гэхдээ зуун хувь шинэ уран бүтээлээр тоглолт хийж болдоггүй тал бий. Яагаад гэвэл хүмүүст хүрээгүй цоо шинэ дуунуудаар бөмбөгдөөд байвал утаггүй. Ийм учраас хүмүүст хүрсэн дуунуудаа бас оруулна. Хамгийн сүүлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багшийн аялгуу эгшиг,  Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэгийн үг “Ургахын эхлэл ижий минь” гэсэн уран бүтээл гаргаад байна. Мөн яруу найрагч н.Баярсайханы үг  “Бурхан энтэй ижий минь” уран  бүтээл бий. Миний отгон уран бүтээл хугацаа их зарцуулж төрдөг. Ийм учраас яг одоо төрсөн дуу биш. Жишээлбэл дээр дурдсан хоёр уран бүтээл маань нэг жил гаруйн өмнө гарсан юм. Үүнээс өмнө гаргасан үзэгчдэд нэг их сонсгоогүй уран бүтээлүүд байгаа.   Энэ тоглолт дээр үзэгчдийн хүртээл болгож үнэлэлт дүгнэлт авна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл би энэ тоглолтоо хийснээр, шинэ уран бүтээлээ толилуулсанаар шалгалтад орж байгаа оюутан л гэсэн үг шүү дээ. Ийм учраас үзэгчид маань ямар уран бүтээлүүд болсоныг хэлж дүнгээ тавих байх.   

-Таны уран бүтээлийн тоглолтод урилгаар оролцож байгаа уран бүтээлчид олон байсан даа?

-Тийм. Хүмүүс асууж байсан. Энэ уран бүтээлчид чамайг хувцасаа солих хооронд мэндчилгээ дэвшүүлэх юм уу гэж. Тийм биш л дээ. Бүгд надтай хамтарч тууривсан уран бүтээлүүдээ толиллуулна. Жишээ нь Салхи хамтлагтай хамтарч “Ганцхан шүтээн” гээд ээжийн тухай дуу хийсэн. Энэ дуу үнэхээр утга  төгс, уянга яруу сайхан дуу болсон. Мөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэмбэрэлтэй “Хайрлан дуулмаар байна” гэсэн дуугаа дуулна. Бас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан ардын дууны Б.Алтанжаргалтай хамтарч Барга ястаны ардын бэсрэг уртын дуу “Үхэрт хүйтэн” гээд газрын нэрээр нэрлэсэн дуу дуулна. Дуучин Д.Үүрийнтуяатай  хамтарч удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан бүтээсэн Буриад, Урианхай дууны найруулга дуулах юм. Залуу жүжигчин уран бүтээлч С.Идэрмаатай Ангаргаас ирсэн эмэгтэй жүжгийн дууг дуулна. Энэ мэтчилэн хамтарсан уран бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэнэ. Миний өмнөх тоглолтуудаас ялгаатай нь энэ удаад хамтарсан уран бүтээлүүд түлхүү орно. Ийм учраас үзэгчдэд сонирхолтой сайхан байх болов уу гэж бодож байна.

-Та “Voice group” хамтлагт байсан.  Энэ хамтлагын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай “Voice group” хамтлаг 12 жил оршин тогтнож уран бүтээлээ тууривсан. Хамтлаг маань албан ёсоор тараагүй. Манай ангийн залуу, хамтлагийн маань нэг гишүүн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэжаргал Германд ажиллаж амьдарч байгаа. Хамтлагийн ахлагч С.Баттулга маань Монгол Улсын Филармонийн дарга болж урлагийн байгууллага удирдаж явна. Ингээд үндсэндээ би ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг уран бүтээлээ тууриваад явж байна.

-Та дуучин болно гэж бодож байгаагүй гэсэн. Ямар учрал ерөөлөөр дуучин болов. Ер нь ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?

-Манай гэрийнхэн намайг тийм, ийм мэргэжилтэй бол гээд хоёр чиглэлд хуваагддаг байлаа. Ээж намайг эмч бол гэдэг. Учир нь миний өвөө Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, цагаан гартай Тэрбиш гэж нутаг усандаа алдартай эмч байсан. Түүний үзсэн, гар хүрсэн хүн бүр, хүүхэд болгон эдгэдэг байсан учраас нутгийнхан нь ид шидтэй гартай буюу цагаан гартай  Тэрбиш гэж хүндэтгэж ирсэн юм. Ийм хүний үр удам тул ээж минь намайг аавынхаа мэргэжлийг өвлүүлэх гэж эмч бол гэдэг байсан. Би багдаа уран зураг зурдаг байлаа. Тэгээд манайхан зураач бол гэнэ. Гэтэл миний зүрх сэтгэлийн гүнд, хаагдмал ертөнцөд байсан дуучин болно гэдгээ хэлэх ч эрхгүй болж байгаа юм (инээв).  Бидний хүүхэд байх үед өөрөө дур мэдэн би тийм, ийм мэргэжилтэй болно гэж шийдэж эцэг, эхийнхээ үгнээс зөрдөггүй байсан. Ер нь бидний үеийн хүүхдүүд гэр бүлийнхэн, эцэг, эхийнхээ үгнээс зөрөх нь их ховор байлаа шүү дээ. Гэвч тэднийхээ үгийг зөрөөд дуучин болсон. Би бүжиг, хөгжим, дуу, урлагт их дуртай хүүхэд байлаа. Одоо бодоход дуу хөгжим сонсч их сайхан энерги авдаг, оюуны, сэтгэл зүрхний аз жаргалыг мэдэрч чаддаг байж дээ. Ингээд урлагын хүн болсон гэж бодож байна.

-Тэгвэл ерөнхий боловсролын сургуульд байхдаа урлагийн үзлэгийн манлайд нь явдаг байсан уу?

-Үгүй үгүй. Бүр эсэргээрээ шүү (инээв). Урлагийн үзлэгт огт ордоггүй хүүхэд байсан.  Би Дархан-Уул аймгийн Од цогцолборын 10-ын А ангид сурч байлаа. Манай анги сонгоных учраас бүх зүйлд манлайлна. Урлагаас илүү спортоор хичээллэж аймгийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. Нэг удаа урлагийн наадамд оролцож  шударга хөгжим буюу шанз тоглоод медаль авсан. Манай ангийг  Туяа гээд химийн мундаг багш удирддаг байсан. Багш маань шанз хөгжим тоглоно.  Тэгээд урлагийн наадамд чи шанз хөгжим тоглоод үз. Сонсгол сайтай учраас тоглож чадна гэсэн. Ингээд дуулах биш шанз хөгжим тоглож анх удаа урлагийн их наадамд оролцож байлаа. Би маш их сандарсан. Тэр үед зориулалтын цохиур байхгүй. Үзэг, балны таглаагаар цохиур хийж тоглоно. Хөгжмөө тоглож байхдаа сандархаар нөгөө балны таглаа нь өвөр дээр юм уу эсвэл газар уначихна. Ингэж л урлагт анх хөл тавьж тайзан дээр хөгжим тоглож анх удаа гарч байсан даа (инээв).

-Та дуулхаас гадна Ану хатан киноны гол дүрийг бүтээсэн. Дуулах, жүжиглэх гэдэг нь хоёр өөр зүйл. Энэ түүхэн эмэгтэйн дүрийг бүтээхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Тийм. Илүү их хариуцлага бодогдож, түүнийг дагаад айдас төрж байсан. Би тэгж, ингэж чадахгүй бол яана. Найруулагчийнхаа хэлсэнийг бүтээж чадахгүй бол яах билээ гэсэн түгшүүр их байсан. Мориноосоо уначих вий, байлдаж жүжиглэж байгаад бэртвэл яана  гэсэн бодол төрсөн. Бас морио сайн унаж чадахгүй, давхиан дунд харвахдаа байгаа онохгүй бол яах билээ. Тухайн үед тэр зуунд амьдарч байсан  эрэмгий хүмүүсийн дүр төрх, үйл хөдлөлийг хэрхэн гаргах билээ гэсэн айдас хүйдэс, үүрэг хариуцлага нэхсэн мэдрэмж төрсөн. Нэг ёсондоо өөрөөрөө бахархах бус хариуцлага шаардсан мэдрэмж асар өндөр байсан юм. Ингэж байж би чадах ёстой гэсэн далд ухамсарт нөлөөлсөн гэж бодож байна. Би ганцаараа энэ бүхнийг даван туулаагүй. Ану хатан кинонд тав, зургаан зуун хүн тоглосон. Хамгийн их туслаж дэмжсэн продюссерууд, итгэж найдсан найруулагчид, хамтран тоглосон бүх жүжигчдэдээ маш их баярлалаа. Бид бүхнийг энэ кинонд амжилттай тоглож, яг л тэр үеийн хүмүүс шиг байлгаж морь малтай, нум сум, зэр зэвсэгтэй харьцахад сургаж байсан орлон тоглогч нартаа баярлалаа гэж дахин дахин хэлмээр санагддаг. Энэ кинонд тоглосоноос хойш би нум сумаар харвах дуртай болсон.

-Тэгвэл сурын спортоор хичээллэж байгаа юм уу?

-Мөрөөддөг. Кинонд тоглосоны дараа хоёр жил хичээллэсэн. Нэг удаа улсын наадамд сур харваж үзсэн. Гэхдээ  эхний шатандаа л үсрээд өгсөн шүү дээ (инээв). Тэнд Монгол Улсын дархан мэргэчүүл оролцож байгаа. Бас надад сандрал, туршлага дутах гээд л асуудал бий бий. Ер нь кино урлаг бол хүнийг их тэсвэр тэвчээртэй, хатуужилтай, хүмүүжилтэй, зарчимч их гоё гэрэлтсэн жанжин шугамтай болгодог юм билээ.

-Морь унаж чаддаг байсан уу?

-Кинонд тоглож байхдаа мэргэжлийн түвшинд унаж сурсан. Бүр өндөр түвшинд циркчин шиг сурсан шүү дээ (инээв). Би хөдөө өсөөгүй учраас урд нь морь унаж байгаагүй. Бид өнөөдөр шавар дөрвөн хананы дунд өсч нүүдэлчин малчны  уламжлалт ахуй амьдарлаас холдсон нь бас муу зүйл юм. Хүүхэд байхад ээж, аав ажилдаа явчихна. Тэгээд бид гудамд дээс, жартаа, сагсан бөмбөг л тоглож морь малнаас их хол хөндий өссөн.  Ийм учраас би морьноос үнэхээр айдаг. Хүн зоригондоо аливаа зүйлийг хийж гүйцэтгэж чаддаг юм билээ. Өөртөө итгэлтэй, зоригтой байх ёстой. Зориг хүнийг хурцлаж амжилтад хүргэдэг зүйлийн нэг мөн. Гэхдээ зориг гэдэг нь маш зөв зүйлийн төлөө байх ёстой. Өөр буруу зүйлээр зоригтой байж болохгүй.

-Таныг ил захидал цуглуулдаг гэж сонссон. Цуглуулга хэр баян болж байна вэ?

-Маш их. Одоо 2000 орчим болсон. Би зүгээр л таарсан ил захидлаа цуглуулдаггүй. Өөрийнхөө очиж үзсэн, зургаа авахуулсан, тэнд байсан, амьдарсан газрынхаа ил захидлыг цуглуулдаг. Түүнээс биш өөрөө очоогүй газар, орны ил захидлыг цуглуулдаггүй. Үүгээрээ ялгаатай.

-Тэгэхээр нэлээд олон газар, орноор аялсан, бас амьдарч байсан байх нь ээ?

-Тийм. Би 65 орноор аялсан, ажлаар явсан. Урлагийн буян маш их. Манай урлагынхан хилийн чандад хаана ч гэсэн очиж уран бүтээлээ толилуулж үйлчилж байна шүү дээ. Тухайн газар оронд нэгэнт очсон учраас ажлаа амжилттай хийчихээд тэрнийг, түүнийг нь үзэе гээд асар их зүйл амжуулсан байдаг.  

-Чөлөөт цагаараа юм оёдог байсан гэдэг. Бас оёох, шидэх авьяас бас бий юу?

-Юм оёх оо. Ер нь хүүхэд байхдаа юм их оёдог байсан. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа дүрэмт хувцас, паарчигаа өөрөө оёдог байсан. Үүнээс хойш юм оёогүй. Одоо хумс хуруу ийм ганган (инээв) учраас юун юм оёх. Харин чөлөөт цагаараа бүжгээр хичээллэдэг. Ууланд алхах дуртай. Яг үнэнийг хэлхэд чөлөөт цаг тэр бүр гарахгүй л байна.  Бид өнөөдөр чөлөө завгүй ажиллаж, амьдардаг хэмнэлтэй болсон шүү дээ. Жаахан ч гэсэн чөлөөт цаг гарвал ууланд алхахыг хичээдэг. Харин бүжгийнхээ дасгалд өглөө бүр явж амждаг.

-Бүжгээр хичээллээд хэр удав?

-Яг мэргэжлийн бүжиг биш. Аэробик, иогоор хичээллэдэг. Би “Гоолингоо” төвд яваад 17 жил болж байна. Дасгал сургууль эрүүл байх нэг гол үндэс юм. Энэ л чухал шүү дээ.

-Таныг өвөрмөц хоолойтой дуучин, бас гоо бүсгүй гэж хүмүүс ярьдаг. Та өөрийгөө хэрхэн дүгнэж бодож байна вэ?

-Хүн бүр янз бүрээр дүгнэдэг. Хүн бүрийн сонсох, хүртэх, харах, мэдрэх хүлээж авах өнцөг мэдрэмж өөр өөр шүү дээ. Энэ орчлонд хүн давтагдашгүй нэг удаа төрдөг. Тэгэхээр хүн бүрт таалагдах гэж зорьж ирсэнгүй. Уран бүтээлээ эн тэргүүнд тавьж явдаг. Энэ уран бүтээл маань хүмүүст ингэж хүрэх ёстой, үг утгын хувьд төгс байх учиртай, утга философ нь асар их зүйлийг хүмүүст ойлгуулах нь чухал гэж боддог. Ямар нэг хүн ядарсан, бухимдсан, зовсон, шаналсан, гунисан, стрестсэн байхад тэр бүхнийг нь хөгжмийн эгшиг арилгадаг байх ёстой гэдэг үүднээс бид уран бүтээлээ туурвидаг. Таны асуусан шиг хүмүүс тэгж бодож явдаг бол маш сайхан байна. Энэ бодлынх нь төлөө бид маш их хичээн ажиллах учиртай. Үзэгч сонсогчдынхоо ийм сайхан бодлыг үгүй хийлгүй бие зөв авч яваад хоолойгоо эрт хөгшрүүлэхгүй юм сан гэж хөдөлмөрлөх нь чухал гэж бодож байна.

-Олны танилуудын амьдрал хүмүүсийн нүдэнд ил байдаг. Ийм ч учраас элдэв янзын хэл ярианд өртөж явдаг. Энэ бүх зүйлээс залхаж байсан удаа бий юу?

-Бидний мэргэжил, ажил яах аргаггүй хүмүүсийн нүдэнд ил, уран бүтээлээ тэдэнд  хүргэхийг зорьдог учраас олны танил гэдэг нэршил байдаг юм болов уу гэж бодож байна.  Түүнээс биш бид бүгдийн амьдрал яг ижилхэн шүү дээ. Зах худалдааны төвөөр орно, хүнсээ цуглуулна, машингүй бол гудамжаар алхана, таксидана, автобусанд сууна шүү дээ. Хүмүүс яаж амьдарч байна яг л тэр зарчмаар амьдардаг. Гэвч худал цуу яриа үнэхээр байдаг юм билээ. Үүнийг миний эргэн тойронд, хамт амьдарч байгаа хүмүүс бүх талаас нь батласан. Ийм учраас би худал цуу яриаг ач холбогдол болгон хүлээж авдаггүй. Тэртээ тэргүй бидэнд, манай нийгэмд стрестэх, бухимдах, шаналах, бодох, баярлах гээд сэтгэл хөдлөлийн талаарх асар олон   зүйл өдөр тутам тохиолдож байна. Тэгэхээр тэр болгонд түүртээд өөртөө хүлээж аваад элдэв зүйл бодоод байвал нэгдүгээрт хурдан хөгширнө. Хоёрдугаарт би дуугаа дуулж чадахгүй болно. Гуравдугаарт маш амархан өвдөнө. Ер нь ямар ч хүн тэгнэ шүү дээ. Ийм зүйлээс хүн өөрийгөө хол байлгаад сүнсэн бие буюу эго-г муу, хар зүйлээр бүү тэжээгээсэй гэж хүсмээр байна. Бид өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгаа билээ дээ. Манай улс айхтар хөгжсөн, баталгаатай амьдралтай болж чадаагүй байна. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ хүрэлцээтэй байж чадахгүй байгаа. Найзынхаа твиттерээс нэг мэдээлэл харсан чинь нэг хүнд ногдох өр 27 сая төгрөгт хүрсэн гэсэн байсан. Энэ бүгд чинь гамшиг. Бид ийм нийгэмд хөл алдахгүй, сөгдчихгүй юмсан гэж хичээж, хөдөлмөрлөж, ажиллаж байна. Үүний хажуугаар оюун ухаан, сэтгэл зүрх, өөрийг чинь авч явдаг энергийг тэр муухай зүйл, худал хуурмагаар тэжээж болохгүй.  Биднийг  өнөөдөр дор төвшинд байлгаж байгаа гол хүчин зүйлийн нэг нь энэ мөн. Тэгэхээр худал хуурмаг, муу зүйлээр өөрсдийгөө тэжээх хэрэггүй гэж хүсч байна.

-Та Япон оронд очиж телевизийн 21000 шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Тэр үед ямар байв. Эх орондоо ирээд 21000 төгрөгөөр хэд хоног амьдарч, туршиж үзсэн үү?

-Яг 21000 төгрөгөөр амьдарч, туршиж үзээгүй. Хүн л болсон хойно түүнээс ч дор мөнгөггүй байх үе зөндөө шүү дээ. Би тэгж үзсэн. Лав долоо хоног би халаасандаа 100 төгрөгтэй амьдарч байлаа. Гэхдээ гэр оронд минь мах гурил байгаа учраас тэр үеийг даван туулсан. Ер нь би гэртээ л хоол иддэг. Яах аргаггүй ажил ихтэй, харьж амжихгүй үедээ л гадуур хооллодог. Японд очиж оролцсон 21000 шоу нэвтрүүлэг тэмцээн байсан учраас мөнгийг нь яах аргаггүй хүргэсэн. Мисо шөл буюу далайн замгийг усанд  буцалгахад их болдог. Энэ шөл хүний дотор эрхтэнд сайн, цатгалан мэдрэмж төрүүлдэг бүтээгдэхүүн. Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүнд ч ашигладаг. Бас миний хамгийн дуртай хүнсний нэг. Би тэр нэвтрүүлэгт оролцохдоо яг өгсөн мөнгөөр амьдарсан. Бүр долоо, найман зуун иентэй үлдсэн. Болдог л юм билээ. Хүн болно бүтнэ гээд л зүтгэвэл бүх зүйл болно. Хадгаламж өлсөхөөс эхэлдэг шиг бид хэрэглээгээ хяначихвал болно гэж боддог.

-Тэгвэл өөрөө хэр нарийн тооцоотой хүн бэ?

-Их айхтар нарийн тооцоогүй. Гэхдээ хэрэглээгээ хянаж явдаг.  Зайлшгүй хэрэгцээтэй зүйлд л мөнгө зарна. Хэрэггүй зүйлд тэр бүр мөнгө зарахгүй. Гэвч сэтгэл харамсахгүй, гонсойхгүй, дараа нь өөрийгөө зовоохгүй байдлаар мөнгө зарж чаддаг. Би нэг хувцсаа олон жил өмсдөг. Тухайлбал, нэг гутлаа 13 жил өмссөн. Одоо дахиад тав зургаан жил өмсөх эдэлгээтэй байгаа. Хүрэм, пальто гэхэд долоо, найм, арван жил болсон нь ч бий.   Бас хоёр, гурван жил болсон хувцас ч байгаа. Тэгэхээр би энэ талаар нэг их бодож мөнгө төгрөг зарах ёстой, бас зарахгүй байх хэрэгтэй гэж стрестээд байдаггүй. Хүн цэвэрхэн л байх ёстой. Бусад нь аяндаа болно шүү дээ.