НМХГ: Импортын алимаас шавьж, цэцгийн булцуунаас бөөс илэрсэн

Эрэн сурвалжлах

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж ирсэн ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр (2020.11.04) мэдээлэл хийлээ. Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу НМХГ-аас гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хяналт шалгалт хийхэд Алтанбулаг боомтоор ачааны 4533 автомашин, 4756 жолооч нэвтэрсэн бөгөөд үүнээс 3292 нь гадаад, 1464 нь монгол жолооч байжээ.

НМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ж.АРИУНАА:

-Алтанбулаг боомтоор олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүнсний бүтээгдэхүүн болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ зарим зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, Замын-Үүдийн боомтоор давхардсан тоогоор 386 аж ахуйн нэгж байгууллагын 895 нэр төрлийн хүнсний түүхий эд8 бараа бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахад дөрвөн байгууллагын "Сайра" нэрийн нөөшилсөн загаснаас загасны шимэгч хорхой илэрсэн.

ОХУ-аас импортолсон нийт 266 кг алимаас шавьж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунд бөөс илэрсэн. Эдгээрт зохих журмын дагуу хариуцлага тооцсон.

ОХУ-д Covid-19 халдварын өвчлөл нэмэгдэж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг  Замын-Үүд, Алтанбулаг боомтод чангатгасан. Тухайн хяналтын бүсэд ачаа тээврийн жолооч болон сэлгэн ачилт хийхэд тухайн компаниудын ачигч нартай хамгийн түрүүнд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч харьцдаг. Эдгээр хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг маш нарийн мөрдөх шаардлагатай байтал хяналтын бүсэд дэглэм зөрчиж, нус цэрээ хаях, жолоочийн машины цонхоор тамхи авч өгөлцсөн 20 хүнийг тусгаарласан.

Дараа нь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

-Импортоор олон улс дамжин орж ирж байгаа бүтээгдэхүүн Covid-19 тээгч байх эрсдэлтэй эсэхийг хянадаг уу?
-НМХГ-аас импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд Covid-19 илрүүлэх шинжилгээ хийдэггүй. Ачааны тийр автомашин олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол Улсад нэвтрэхдээ хэд хэдэн бүс нутаг дамжин өнгөрдөг. Тухайлбал, Франц, Итали, Турк, ОХУ, Казакстан гэх мэтчилэн улсуудаас бараа, бүтээгдэхүүн импортлогдон орж ирдэг. Тухайн бүтээгдэхүүнийг гүний гаалийн хяналтын бүсэд орж ирэхэд сэлгэн ачилт хийдэг. Өөрөөр хэлбэл тийр машинд ариутгал халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1-2 цагийн дараа сэлгэн ачилт хийдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Covid-19 нь аливаа зүйлийн гадаргуу дээр хоёр цагаас хоёр хоногийн хооронд амьдрах чадвартайг мэдээлсэн. Тэгэхээр гадны улсаас импортлогдон орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд Covid-19 амьдрах чадваргүй гэж үзэж байна.