Уйлган голыг засаглах улсын начин

Эрэн сурвалжлах

Улсын начин Амарын Батмөнх Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр өөрийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргаар томилогджээ.
А.Батмөнх 2009 онд Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Ч.Батчулуунаар долоо даван түрүүлж, аймгийн арслан, 2011 оны улсын баяр наадамд улсын начин Л.Наранбаатараар дөрөв, улсын өсөх идэр начин Б.Чинзоригоор тав давж, Монгол улсын начин цол хүртсэн юм.
Хөвсгөлийн өндөр уулс, хөвч тайгын зэлүүд хязгаар, Уйлганы үзэсгэлэнт гол, удамт гурван аваргын унаган нутаг Цагаан-Үүр сумаас тодорсон бас нэгэн өөр өнгө ажээ. Тэрбээр өсвөрийн улсын аваргад хүч үзэж байхаасаа л үеийнхнээсээ хол тасархай бөх гэдгээ харуулж эхэлсэн хэмээн нутгийнхан нь бахархдаг шагай шиг тэвхийсэн бор залуугийн барилдааныг санагалзан дурсдаг үзэгчид олон мянгаар тоологддог юм билээ.
Амлабалал амласан шиг амлачихдаг, барилдвал барилдсан шиг барилдчихдаг, үндэсний бөхийн болон чөлөөтийн дэвжээнд өөрийгөө таниулж чадсан начин залуу Цагаан-Үүр сумандаа Засаг даргаар сонгогджээ.
Сайн бөх сайн дарга болно гэсэн жор байхгүй ч бөхөд хайртай монголчууд хаа сайгүй л тэдний өргөмжилж өндийлгөх юм даа. Улаанбаатар хотыг бөх удирдаж, Уйлган голыг бөх засаглана гээд улсад өөр бас хэд хэдэн барилддаг нөхөр Засаг дарга болсон гэж байгаа. Барилдах хуралдах засаглахын хооронд бас ч ихээхэн зааг ялгаа бий гэдгийг улсын начин тооцож л байгаа биз ээ.

Я.МОНГОЛ