Зөвлөх, туслах, гэр бүлийнхний нэр дээрх ТББ-уудаараа дамжуулан төсвөөс мөнгө хумслагчид

Эрэн сурвалжлах
Төсвийн мөнгө халааслах томчуудын арга улам л нарийсаад байх юм гээч. Тухайлбал, төсвийн хөрөнгө мөнгө рүү тун чиг нарийн аргаар гараа дүрсэн ноцтой баримтууд шил шилээ даран ил гарч байна. Тухайлбал, Дүнжингаравын ажилчид нийлж байгаад “Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо” ТББ-аар төсвөөс 144 сая төгрөг авсан байна. Төрийн өндөр албан тушаалтнууд гэр бүлийнхээ хэн нэгний болоод өөрийн туслах, шадар, зөвлөх гэх нөхдийн нэрээр төсвийн мөнгө халаасалдаг хулгайн аргад маш сайн мэргэшсэн бололтой.
Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Артурын эхнэр нь “Нийгмийн маркетингийн бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-аараа дамжуулан 236 сая төгрөг авчээ. Түүнчлэн Оюутолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Ц.Түмэнцогтын төрсөн ах Ц.Энхцогтын “Шударга түншлэл” ТББ төсвөөс 45 сая төгрөг, УИХ-ын гишүүн Х.Баделхан туслахынхаа эхнэрийн гэх төрийн бус байгууллагын нэр дээр 147 сая төгрөг авсан баримтууд ил боллоо. Эрхэм гишүүд болоод эрх мэдэлтнүүдийн арын албанд ажилладаг гэх тэр олон зөвлөх, туслахуудын учир учиг нь ч энэ бололтой. Энэчлэн төсвөөс мөнгө хулгайлж, хумслах арга нь нарийсавч түмний хараанаас мултарч чадахгүй нь ойлгомжтой.