Эхнэрээ буудаж хөнөөсөн этгээд тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байжээ

Эрэн сурвалжлах

Энэ сарын 31-ний өдөр /2020.10.31/ Орхон аймгийн Баян-Өндөр суманд нэгэн иргэн эхнэрээ буудан хөнөөсөн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, тухайн өдрийн үүрээр буюу 06:49 цагт “Би эхнэрээ буудчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулахад хохирогч эмэгтэй 50 настай “Э”-гийн толгойн тус газар түүний нөхөр эрэгтэй 53 настай “Б” нь Тоз-8 маркийн галт зэвсгээр буудаж амь насыг нь хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж. Шалгалтаар тус хэргийг үйлдсэн гэх этгээд “Б” нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Тиймээс урьдчилсан байдлаар уг хэрэг нь гэр бүлийн маргааны улмаас үйлдэгдсэн байж болзошгүй гэж  тогтоогоод байгаа аж.

Мөн хэргийг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг нь цагдаагийн байгууллагад бүртгэлгүй байсан бөгөөд тус зэвсгийг энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотоос иргэний гар дээрээс худалдаж авсан байжээ.