Шангри-Ла зочид буудлын автозогсоолд удаан хадгалагдаж буй LEXUS 570 машин Хятад эзэнтэй юу

Эрэн сурвалжлах

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангри-Ла зочид буудлын B1 давхрын автозогсоолд Lexus 570 маркын автомашиныг эзэн нь авалгүй нилээд удаж байгаа талаар 14 хоногийн өмнөөс яригдаж эхэлсэн. Уг автомашиныг оффшор мөнгөөр авсан байж болзошгүй, мөн эзэн нь машины дотор байх мөнгөө ч авахгүй байгаа гэх мэдээлэл тараад байгаа юм.

 

Бид дээрх мэдээллийн мөрөөр тус автомашины холбогдох эзний утасны дугаарыг олж, тайлбар авахаар залгасан юм. Гэтэл тэрээр өөрийнх нь автомашин мөн эсэхийг тодруулахад цаанаа Хятад хүнтэй нилээд удаан ярьсны эцэст "би сайн мэдэхгүй байна" гэсэн хариултыг өгсөн юм. Өөрийнх нь утасны дугаараар бүртгэлтэй байхад яагаад мэдэхгүй байгаа талаар асуухад тэрээр хариулт өгөхөөс татгалзаж, утсаа салгасан бөгөөд дахин залгатал "мессеж роуминг" үйлчилгээнд шилжүүлсэн байв.

Lexus 570 маркын уг автомашин нь хувь хүн дээр биш, ЭКЕАЙН гэх байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан ч, уг нэрээр хайхад ямар нэг байгууллагын мэдээлэл гарч ирэхгүй байгаа юм.

Тиймээс тус автомашины 8361УНС гэх улсын дугаараар нээлттэй мэдээлэл болох торгуулийн мэдээллийг хайж үзвэл ердөө ганцхан торгууль байх бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Булган аймаг, Мөрөн чиглэлд зөрчил гарган, 48 мянган төгрөгөөр торгуулсан баримт гарч ирсэн юм.

Энэ бүхнээс үзэхэд ямартай ч уг автомашин монголд нилээд олон жилийн өмнөөс явж байсан бөгөөд бүртгэлтэй утасны дугаараар залгахад дуудлага авсан хүн нь цаашаа Хятад хүнтэй ярьж зөвлөн, хариулт хэлэхээс татгалзсаныг харгалзан үзвэл Хятад эзэнтэй байж болзошгүй гэсэн таамгийг төрүүлж байгаа юм.