БНСУ-ын банкууд Худалдаа хөгжлийн банктай хамтарч Монголд крипто валют нэвтрүүлнэ гэж мэдэгджээ

Эрэн сурвалжлах

Солонгосын DDaily агентлаг Монголын хамгийн том банк болох Худалдаа хөгжлийн банк удахгүй крипто валютын мөнгөн гуйвуулга, хадгаламж, зээл, крипто-активын менежмент зэрэг үйлчилгээг санал болгож эхэлнэ гэж мэдэгджээ.

Тодруулбал, хуучин "Samsung"-ийн хөгжүүлэгчдийн үүсгэн байгуулсан блокчэйн технологийн "Hexland", "Delio" зэрэг компаниуд Улаанбаатар хотод төвтэй Худалдаа Хөгжлийн Банктай хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Тус мэдээлэлд Худалдаа хөгжлийн банкыг Монгол Улсын ууган банкуудын нэг бөгөөд улс даяар 50 салбартай, нийт активын хэмжээгээрээ Монголын 17 банкнаас хоёрдугаарт жагсдаг хэмээн танилцуулжээ. Уг хэлэлцээр зөвхөн дээр дурдсан гурван талаар хязгаарлагдахгүй бөгөөд крипто олборлолтын аварга "Bitfury" компани болон блокчэйнийн MDKI зэрэг компаниуд мөн гэрээнд багтсан байна. Делиогийн нэрээ нууцалсан албан тушаалтан DDaily-д мэдээлэхдээ энэхүү түншлэлээр дамжуулан "Бид дэлхийн виртуал хөрөнгийн санхүүгийн зах зээлд гарахаар эрчимтэй ажиллаж байна" гэжээ. Гэсэн хэдий ч одоогоор крипто үйлчилгээг манай улсад оруулж ирэх огноо албан ёсоор гараагүй байгаа аж.

Эх сурвалж: cointelegraph.com