Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Эрэн сурвалжлах

Хөрш зэргэлдээ Хиагтын раойнд Covid-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.11.01/ хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар  хаахаар болсон байна.  Тус чөлөөт бүс нь  гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалтыг татах  зорилготой юм.

Дашрамд дурдахад, Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудыг хаахаар болсон билээ.  Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хуралдаанаар коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, ОХУ-ын хоорондын Цагаан нуур, Боршоо боомтуудыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа. Хил залгаа байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж буй жолооч нараас коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байна. Улс хоорондын тээврийн 30 жолоочоос коронавирус илрээд байна. Эдгээр боомтоор нутгаар нефть, өргөн хэрэглээний бараа, малын тэжээлийн тээвэр явж байгаа. Цар тахлын нөхцөл байдал амаргүй энэ цагт ард иргэд сонор сэрэмжээ өндөр байлгаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна" гэв.