“Яндангаа хөөлье”

Эрэн сурвалжлах

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч, гэр хорооллын айлууд галаа түлээд эхэлжээ. Харамсалтай нь, гал түлж эхэлсэн эхний өдрүүдээс л угаартсан гэх дуудлага, мэдээлэл ирэх болов. Ер нь галлагааны улиралд олон хүн угаартаж, нас барсан талаарх харамсалтай мэдээлэл тасардаггүй. Үүний эсрэг угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлээд байгаа юм.

 Сонсоход инээдэмтэй бас хувь хүний арчаатай холбоотой асуудал мэт санагдаж болно. Гэвч яндангаа хөөлөөгүйгээс, галаа буруу галласнаас үүдэн жилд угаарын хийнд хордсон 2500 хүн эмнэлэгт хандаж, 200 орчим нь хэвтэн эмчлүүлж, 15-20 хүн энддэг. Ингээд бодохоор тоолгүй орхиж болохгүй сэдэв. Яндангаа хөөлөөгүйгээс, бүрэн бүтэн бус пийшинтэйгээс, буруу галласнаас үүдэн түлш дутуу шатаж, угаарын хий үүсч олон хүн хордож байна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэгч “Тавантолгойн түлш” ХХК-иас яндан хөөлөх мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 400 залуусыг ажилтай, орлоготой болгосон. “Яндангаа хөөлье” аяны хүрээнд айл болгоны буюу арчаагүй, залхуу хэн нэгэнд амарчилж, хялбарчлах боломж олгоогүй.

Зөвхөн өндөр настай, хэвтрийн хүнтэй зэрэг бүл чадал муутай, үнэхээр яндангаа хөөлөх боломжгүй айлуудад дуудлагаар очиж янданг нь хөөлж өгдөг юм байна. Хэрэв гэр хорооллын 220 мянган өрхийн янданг бүгдийг нь хөөлнө гэвэл 400 яндан хөөлөгч хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Мөн эрүүл саруул хэр нь бусдаар яндангаа хөөлүүлэх гээд сууж байх нь зохисгүй хэрэг биз ээ.

Одоо хүйтний эрч улам чангарна. Галлагаа улам нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр гэр бүл, хайртай хүмүүс, өөрийгөө хамгаалахын тулд галлагааны аюулгүй байдлыг хангаж, өвлийн бэлтгэлээ найдвартай базаах нь иргэн хүн бүрийн үүрэг. Бусдаар бүгдийг бэлтгүүлээд, гар хумхин зүгээр сууж болохгүй. Өнгөрсөн жил нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхөд нэг удаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулсан. Хэрэв яндан хөөлөх туршлагагүй бол мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө авч, яндангаа өөрөө хөөлж болно. Яндан хөөлөх нь энгийн мэт болов ч туршлага аргачлал гаардах, тун нарийн ажил ажээ. Мэдэхгүй, чадахгүй гээд хөөлөхгүй орхиж огт болохгүй. Яагаад гэвэл яндангаа хөөлснөөр пийшингийн таталт сайжирч, түлш дутуу шатаж, угаартах эрсдэл үүсэхгүй.  

Тиймээс богино хугацаанд хамгийн боломжтой хэлбэрээр агаарын бохирдлыг бууруулах арга нь одоогийн байдлаар түүхий нүүрсийг халж, сайжруулсан түлш ашиглах л байна. Сайжруулсан түлш ашигласнаас хойш буюу өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулсан. Энэ жил 80 хувь бууруулах зорилго тавиад байгаа. Тиймээс галлагаандаа анхаарч, пийшингийн бүрэн бүтэн байдлаа хангаж, яндангаа хөөлж, өвлийг угаарын хийнд хордолгүй давах нь иргэн бүр оролцоо, ухамсраас шалтгаална.

Э.Бат-Эрдэнэ