Э.Баярчулуун: Монголын төр дэмжиж, хамтдаа зүтгэсэн учраас төсөл нэг ч өдөр зогсоогүй

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн санаачилга, Засгийн газрын хэрэгжүүлж буй “Таван толгой- Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам” төслийн эхний үе шат болох хиймэл байгууламжийн ажилд амжилттай оролцсон “Туулын гүүр Далай” ХХК-ий барьсан гүүрийн гүйцэтгэлтэй Ерөнхийлөгч газар дээр нь танилцсан. Энэ үеэр тус компаний Ерөнхий захирал Э.Баярчулууныг “Гарын үсэгтэй ярилцлага” танхимдаа урьж, ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-“Туулын гүүр далай” ХХК-ий барьж байгуулсан 132,8м гүүрэн дээгүүр галт тэрэг аялуулж, туршилтаа амжилттай  хийлээ.  Энэ нь “Шинэ Төмөр зам дээгүүр галт тэрэг чөлөөтөй аялаж болно” гэсэн  баталгаа  гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Таван толгой- Зүүнбаянгийн чиглэлд тавигдаж буй төмөр замын бүтээн байгуулалтын явцтай  танилцах үеэрээ “Туулын гүүр Далай” ХХК-ий  бүтээн байгуулсан 132,8 метр гүүрийн төгсгөлийн шат буюу гүүр  ашиглалтад хүлээлгэж өгөхийн өмнөх динамик туршилтын үйл ажиллагаатай  биечлэн танилцсан.

Энэхүү  туршилт нь гүүр барих  ажил чанарын ямар түвшинд хийгдсэн байна,  төмөрбетон хийцийн  чанар, хийц, арматурчлал, зай дүүргэлт, дээгүүр нь  явж байгаа галт тэрэгний ачаалал  даах чадварыг шалгах үйл явц юм.   Туршилтыг  “ГБЭТ” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрхэмбаяр гуайн удирдлага дор ШУТИС-ийн Барилгын архитектурын тэнхмийн эрхлэгч,  доктор, профессор Я.Дүйнхэржав багшийн удирдсан баг  хийсэн. Туршилт маш амжилттай болсон.  Б.Эрхэмбаяр  зөвлөхийн хийсэн тооцоолол бодитой болох нь  батлагдаж,  зураг төсөл болоод гүүр барих ажлуудад  ямар нэг алдаа гараагүй болохыг эрдэмтдийн хийсэн туршилт харууллаа.  Энэ нь   хиймэл байгууламжийн зүгээс  шалтгаалах зүйл байхгүй, төмөр замын гүүрэн дээгүүр галт тэрэг чөлөөтэй явж болно гэсэн команд юм.  

-Төмөр замын хиймэл байгууламж бол манай улсын хувьд анхны  бүтээн байгуулалт.  Үнэнийг хэлэхэд, төмөр замын гүүр гэхээр олон хүнд “Монголчууд чадахгүй, хятадын компаниудаар гүйцэтгүүлэх нь зөв” гэх бодол төрж байсан.  “Туулын гүүр Далай”  ХХК-ий тухайд хуримтлуулсан   туршлага  юу байв?  

-Манай компани 2005 оноос төмөр замын дээд, доод бүтэц, гүүр- хоолой, барилга угсралт  гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.  МТЗ-аас зарласан  Дорнын говийн их бүтээн байгуулалтад оролцох эрхийг  энэ оны гуравдугаар сард авч  нийтдээ  214 метрийн урттай хоёр гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэлээ. Гүүрийн ажлын явц өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа явж байна.  Хоёр гүүрийн   нэг нь 76 метр нөгөө нь 132 метрийн урттай.   “Туулын гүүр Далай” ХХК-ний гэрээ  маш богино хугацаатай байсан.  Тиймээс бидэнд алгуурлах, хугацаа алдах эрх байгаагүй. Төлөвлөсөн  хугацаандаа  захиалагч “МТЗ” ТӨХК, УБТЗ, ТТЗ, МХЕГ, гэсэн компаниудын удирдлага, хяналт доор хоёр  гүүрээ барьж  угсарч дууслаа.  Манай компани төлөвлөсөн хугацаандаа гүүрийн ажлаа дуусгаж, ашиглалтад хүлээлгэж өгөхөд бэлэн байгаа хэдий ч энэ бүхэн дардан замаар урагшлаагүйг энд онцлон хэлэх ёстой болов уу. Өөрөөр  хэлбэл, биднээс үл шалтгаалах бэрхшээлүүд гарч байлаа.  

                               

Өнгөрсөн  зуны хувьд говьд бороо хур ихтэй, судалгаагаар бол 26-27 хоног агаарын саатлын улмаас түр зогсолт хийсэн байх жишээний. Манай хоёр гүүрийн нэгд нь долоон удаа,  нөгөөд нь  дөрвөн удаа их хэмжээний  үер орж ирсэн. Үер болох тоолонд материал, техник хэрэгсэл урсч тэр хэмжээгээр ажил зогссон. Хоёр дахь бэрхшээл гэвэл орон даяар цементийн хомсдол үүсч,  тэр хэмжээгээр  үнэд орж, олдоц муутай болсон явдал. Бидний хувьд  үндэсний хэмжээний энэ том бүтээн байгуулалтыг хийж чадна хэмээн төрийн өмнө хариуцлага хүлээсэн болохоор үнэ нэмэгдсэн гэж гэдийж суулгүйгээр хаана цемент байна, тэндээс авч бусдын жишгээр  ажлаа зогсоолгүйгээр явуулж ирсэндээ баяртай байгаа. Туршилт ч амжилттай боллоо. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч  тур­шилтын үр дүнг хараад “Монгол­чууд хийж, бүтээж чаддаг юм байна гэх итгэлийг нийгэмд төрүүлж чадлаа” хэмээн онцолсон. Төслийг эхлүүлж байсан тэр өдрүүдэд та өнөөдөр шиг итгэл төгс байж чадсан уу?

-“ГБЭТ” ХХК-ий зөвлөх инженер Б.Эрхэмбаяр багш маань “Монголын залуучууд чадна, Монголын төр залуучууддаа, монгол инженерүүдэд итгэх хэрэгтэй” хэмээн онцолж байв.    Бид багшийнхаа үгэнд нь итгэж байсан. Төсөл эхлэх үед хиймэл байгууламжийн ажилд гаднаас зөвлөх урьж ажиллуулна, гадны компаниудаар бариулсан дээр гэх яриа гарсан.  Монгол компаниудын аз  ч гэмээр юм уу  Корона гарч  хил хаагдсан нь бидэнд боломж  гарсан хэрэг. Үндэсний хэмжээний  том бүтээн байгуулалт  монгол компаниудын ажлын туршлага, хүчин чадал, монголчууд юу чаддагийг, бусдаас  юугаараа илүү  юу нь дутуу болохыг нийгэмд таниулж өгсөн.  Тэдний хажууд хөл дээрээ өндийх гэж тэмцэж яваа үндэсний компаниуд чинь зовохын хэрээр туршлага суусан, мэдлэг чадвар бүхий инженер техникийн ажилтнуудтай хүний нөөцийн хувьд айлтгүй болсон байдаг байхгүй юу. Гагцхүү эдийн засагтаа хавчигдаад техник, тоног төхөөрөмжийн тал дээр гадныхныг гүйцдэггүй талтай. Хиймэл байгууламжийн хувьд аваад үзэхэд,  хамтарсан байгууллагуудын өндөр хяналтан дор үндэсний компаниуд нэгэн хэмээр  тус тусын  гүүрээ маш чанартайгаар бариад дуусч байна. Монголчууд  ер нь хэн бэ гэдгээ олон улсын түвшинд харуулж чадлаа л гэж бодож байна. 

                                 

-Захиалагч байгууллага МТЗ маш өндөр хяналт тавьж байгаа нь олон зүйл дээр анзаарагдлаа.  Нэг мм-ийн ч алдаа гаргахгүйн төлөө үечлэл, шат бүхэнд хяналт тавьж байна.   

-Зураг өөрөө шинэ. Шинэ зураг гэдэг чинь өөрөө шинэ үйл хэрэг. Иймээс хамгийн түрүүнд автороосоо суралцах учиртай юм байна. Үүний дараа захиалагч нь автороо, хяналтын компаниудаа дагуулан  явж бид нарыг сургах, газар дээр нь алдааг засч ирсэн. Нэг мм-ийн алдааг гаргахгүйн төлөө бид ч хичээсэн. Алдаагүй байлгахын  тулд МТЗ, ТТЗ, УБТЗ-ын , материалын  болон хийцийн,  хяналтын инженерүүд хамтдаа  байж, хариуцлагыг хамтдаа  үүрэлцэж, цаг тухай бүрт нь заавар зөвлөгөө өгч ирсний үр дүнд барилга угсралтын ажил  цаг хугацаандаа,  норм, дүрэм журмын дагуу  явж ирсэн.  

-Танай компаний түүх уншигчдад сонин байж мэднэ?

-“Туулын гүүр далай” компанийн нэрийг хүмүүс их өвөрмөц гэдэг юм. Нэрний тайлалын тухайд  бэлгэдлийг бодож өгсөн. Улаанбаатар хотоос гарахад  аль аль тал руугаа Туулын гүүрээр  явах учраас “Туулын гүүр” гэж нэрлэсэн. Харин Далай гэдэг нь миний аавын нэр.   Төмөр замынхан түүнийг “Гүүрийн Далай” хэмээн хүндэтгэдэг юм. Жинхэнэ нэр нь Эрдэнэдалай. Завхан аймгийн гаралтай. Олонд хүндлэгдсэн сайхан хүн бий. Манай гэр бүл үе дамжсан төмөр замчид. Мөн үе дамжсан  гүүрийн инженерүүд, үе дамжсан барилгачид. Ийм орчинд  өсч өндийж яваа минь өвөг дээдсийн  минь буян хишиг. Тэднээрээ бахархахгүй байхын аргагүй.

-Туул гол дээгүүр тавьсан төмөр замын хамгийн урт гүүрийг танайх тавьсан  гэж  сонссон? 

-Туул гол дээгүүр тавьсан тэр гүүр дээр үеийнх. Харин манай компани  арчлалт, засварын ажлыг нь хийсэн. Тэр үед бид  хүүхэд байсан.  Компани байгуулж, өрх тусгаарлах үед  эрэг дээр нь тоглож өссөн  хатан Туулаа  бэлгэдэл болгож “Туулын гүүр далай” гэж нэрлэсэн. Буян хишгээ харамгүй хайрлаж байгаа энэ нэрэндээ бид дуртай. Нөгөөтэйгүүр,  бидний сэтгэл оюунаа зориулан бүтээн байгуулсан эл гүүрэн дээгүүр минь төмөр зам тавигдлаа. Өмнөх гүүрэн дээгүүр ч төмөр зам гарсан. Энэ бүхэн бидний зөв амьдарч яваагийн илэрхийлэл болов уу. Бүтээн байгуулалтад оролцсоны үр шим ингэж өгөөжөө өгч байна.  

-Коронагийн “буянаар” үндэсний компаниуд эдийн засгийн бааз сууриа бэхжүүлж чадсан хэмээн “МТЗ” ТӨХК-ий захирал Р.Батсүх ерөн­хийлөгчид танилцуулсан. Танай хувьд? 

-Дэлхий дахин цар тахалд нэрвэгдэн сандарч байгаа энэ цаг үе монголчуудын хувьд өөрийгөө таних боломж болсон байж мэднэ гэж би хувьдаа дүгнэж суугаа. Үнэндээ бид бусдад алддаг  ажлаа өөрсдөө  барьж авсан шүү дээ.  Монгол хүн хийх ажилтай байна гэдэг сайхан байлгүй яах билээ. Бид барьж аваад хийсэн, чадсан. Бас өөрсдийгөө хэн бэ гэдгээ нийгэмд харуулсан. Бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүн бүр хичээж, сэтгэл оюунаа зориулж ажилласан. Удахгүй үр шимийг нь үзэх гэж байна. Р.Батсүх захирлын хэлдгээр үнэхээр л нүүр бардам байна. Энэ гүүрийг барьж эхлэхэд  өрөмний машины эрэлд бүгдээрээ мордсон. Гэтэл төслийн буянаар гүүр барьж байгаа  хэд хэдэн компани өөрийн гэсэн өрмийн машинтай болсон. Бас зуурмагийн узель байна. Дараа дараагийн төсөл, гүүрийн ажилд гаднаас түрээслэх шаардлагагүй болсон. Өрөмдөх нь өрөмдөөд, бие биедээ туслах нь туслаад явна. Техник тоног төхөөрөмжийн тухайд бусдыг царайчлахгүй болсондоо бид баяртай байгаа. Тоног төхөөрөмжийн түрээс чинь өдрөөр, валютаар яригддаг юм шүү дээ.  

-Үндэсний компаниуд харилцан бие биедээ туслах, туршлага солилцох, дутуугаа нөхөх тал дээр хэр ойр байж чадав? 

-Өмнө нь хэлсэнчлэн автор, хяналтынхнаас асуух зөвлөх, хэн нэг нь түрүүлээд нэг ажлыг дууслаа гэхэд нөгөөдүүл нь танайх тэрийгээ яаж хийв, судалгаагаа дамжуулна, өнөөдөр танай энэ техник сул байна уу гэх мэтчлэн хоорондоо  амь нэгтэй байцгаасан. Хамтын хүчээр, бие биендээ тусалж, дэмжиж ирсний хүчинд цаг хугацаа хожиж, алдаа ч бага гарсан.  Энэ тал дээр үндэсний компаниуд нэгдэж зүтгэсэн дээ. Их сайхан байсан, бүгд л сэтгэл хангалуун байгаа.  

-Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын эдийн засгийн үр шимийг хэрхэн төсөөлж байгаагаа хуваалцвал?

-Дорнын говийн их бүтээн бай­гуу­лал­тад үндэсний компаниуд оролцсоноор асар их туршлагыг хуримтлууллаа. Хий­мэл байгууламжууд шинэ зургаар хийг­дэж байгаа учраас инженерүүд маань практикаар асар их зүйлийг сурч, мэдэж авлаа. Ажилчид маань ч тэднийгээ дагаж, мэргэшлээ.  Бүтээн байгуулалт говийг үнэхээр сэрээсэн. Хуй салхи,  хулангийн тоосоос өөр зүйлгүй шахам ээрэм талд хүчит техникүүд хүржигнэж,  шөнө нь өдөр шиг гэрэл гэгээнд умбаад гоё байсан.  Төмөр зам ашиглалтад орсноор их мөнгөний урсгал гадагшаа бус дотоодын зах зээлд орж ирэх учиртай. Нүүрсний экспорт нэмэгдэхийн хэрээр улсын маань эдийн засаг сэргэнэ. Ийм буянтай үйлд замчид, гүүр­чид, барилгачид, Зэвсэгт хүчний ан­ги нэгтгэлүүд гээд монгол хүн бүр сэтгэл зүрхээрээ оролцсондоо баяртай байгаа. 

                         

-Танай компаний хувьд ч гэсэн алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал шүү? 

-Үнэхээр тийм. Компаний түүх маань өдрөөс өдөрт баяжиж, бид  тэр хэрээр өөрсдөөрөө бахархаж яваа.  Сэтгэл маш өндөр байна. 

-Улаанбаатарын түгжрэлд бидний амьдралын багагүй хугацаа өнгөрч байна. Магадгүй түгжрэлийг шийдэх арга зам нь гүүр, нүхэн гарц байж мэдэх юм. Туршлагатай компаний хувьд энд ийм гүүр, гарц хэрэгтэй  зураг төсөл нь хийгдчихвэл “бид  барихад бэлэн”  гэх байх?

-Мэдээж бэлэн. Бидэнд туршлага нь  байна. Түгжрэлийн эсрэг жил болгон л зөндөө ажил хийгддэг. Манай компани ч оролцсоор ирсэн. Нийслэлийн захиалгаар түгжрэлийн эсрэг хэд хэдэн ажлын ард гарсан. Нийслэлийн авто замын газар, УБТЗ- тай хамтраад төмөр зам доогуурхи автомашины болоод явган хүний нүхэн гарцыг сүүлийн зургаан жилд найман ширхэгийг хийлээ. Тодруулбал, Энхтайвны гүүрний зүүн тал, “Соёолж”, “Баянмонгол” хороолол, “Туул” зөрлөг, “Жанжин клуб”-ын нүхэн гарц , Ар гүнтийн нүхэн гарц гэх мэт. Энэ бүх гарцууд Улаанбаатар хотын  түгжрэлийг ямар нэг байдлаар  багасгаж л байгаа шүү дээ.  Цаашдаа ч ажиллах  л болно. 

-Энүүхэн хил даваад Хөх хот  хоёр давхар замтай. Манай улсад ийм цаг хэр ойрхон гэж харж байна?  

-Монголын компаниуд бүгд чадна. Гүүр гэдэг маань эхэлж цаасан дээр  зураг байдлаар бий болоод дараа нь  компани газар дээр барьж байгуулдаг юм шүү дээ. Улаанбаатар хот  давхар гүүртэй болох бүрэн боломжтой. Нөхцөл ч бүрдсэн. Үндэсний компаниуд гадны зөвлөхгүйгээр гүүр барьж чадна гэдгийг говийн бүтээн байгуулалт харууллаа. Монгол Улс залуу инженерүүддээ, монголчууддаа итгэх цаг нь болсон.  Тэд чаддаг. 

-Монгол цемент, арматур гэхээр тиймхэн санагддаг нь нууц биш.Талбай дээр ажилласан хүний хувьд манай цемент, төмрийн чанарын талаар дүгнэлтээ хэлбэл?  

-Бидний хийж гүйцэтгэсэн  гүүрний шинэ зурагт   төмөрбетоны марк их өндөр тусгагдсан байсан. Технологийн шаардлага нь өөрөө ийм юм. Тиймээс үндэсний үйлдвэрийн бүх цементийг лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулж, туршсан.  Зургийн дагуу яг орц нормоор нь төмөрбетоноо гаргаж авахад манай монгол компаниудын цемент чанарын шаардлага хангасан. Тэгэхээр сайн гэсэн үг.  

-Та дээр “Бид үе дамжсан гүүрийн инженерүүд” хэмээн онцолсон. Амьдрал дээр компанийг мэргэшсэн боловсон хүчин, сайн менежер хоёрын хэн нь илүү удирддаг юм байна. Өөрийгөө танилцуулна уу? 

-Өөрийнхөө тухай  бус  компаниа ярих нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би аавынхаа гаргасан жим мөрөөр яваа эгэл нэгэн инженер. Мэдэхгүй чадахгүй зүйл гарах тоолонд аавынхаа зөвлөгөөг дагадаг. Аав байгаагүй бол “Туулын гүүр Далай” ХХК найман гүүр барьж ашиглалтад оруулж чадах байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Миний хувьд хуучнаар,  тээврийн эдийн засагч мэргэжилтэй. Сүүлд зам гүүрийн инженер болсон хүн.

                         

-Ах дүү, үеэлүүд нэгдэж нийлэн аж ахуйн нэгж байгуулахын сайн тал нь юу вэ. Зарим хүн ийм компанид ажиллах хэцүү гэдэг юм билээ? 

-Уул усны ойр нь,ураг төрлийн хол нь гэдэг л юм. Манай компаний тухайд харин ч эсрэгээрээ. Компанийг ах дүү гурав удирдан, инженер техникийн ажилчдын  ихэнх нь ах дүү, хамаатан садан, үеэлүүд байдаг.  Боловсон хүчнээ компани бодлогоор чиглүүлж ирсэн. Дүү нараа дээд сургуульд элсүүлэхдээ “Чи замаар, чи гүүрээр, чи барилгаар, чи тээврээр, чи эдийн засагчаар” гэхчилэн чиглэлийг нь гаргаж өгдөг. Мэдээж гадны хүмүүс байлгүй яах вэ. Бид чинь залуу хүмүүс. Эв найртай байж, нэгэн сэтгэл зүтгэл дор зангидаж гэмээнэ  ажил урагшаа явна шүү дээ. Залуучууд ажлын хойноос хөөж олж авна уу гэхээс, ажил биднийг олж ирэхгүй биз дээ. Тэгэхээр ажил олохын төлөө, олсон ажлаа сайн хийхийн төлөө хүн бүр дор бүрнээ хичээдэгт манай компаний амжилтын нууц оршдог.  

Баруун-Уртын чиглэлд тавигдах төмөр замын ажлыг та бүхэн сонирхож байна уу? 

-Мэдээж бэлэн. Саяны төсөл шиг шахуу, график төлөвлөгөөтэй ажлаад л сурчихлаа. Болдог л юм байна. Бид чадах юм байна гэдгийг энд ажилласан бүх л компаниуд мэдэрлээ.Тийм учраас уяа сойлго нь таарсан  хурдны морьд шиг гарааны зурхай дээр дүүхэлзцгээж байна даа.  Бид  ажиллахад бэлэн.  

                         

-Аав нь хичнээн удаа ирж  ажил байдалтай нь танилцсан бэ? 

-Ямар ч аав хүүхдүүд нь юм хийж байхад гэртээ санаа амар суухгүй шүү дээ. Аав маань амралтын өдрүүдээрээ ирж, заавар зөвлөгөө өгч байсан. Ээж аавыг дагаад л ирж байгаа юм чинь.  Ингэж ирэхдээ зүгээр байхгүй, хоол ундны байдал, ариун цэвэр, тохь тух шалгана. Аавын сэтгэл өндөр байгаа. 

 

-Халширах тохиолдол гарч байв уу?

-Харьцангуй гайгүй. Нэгэнт төрийн өмнө үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжийн хувьд  ухрах зам үгүй  шүү дээ. Галт тэрэг нэгэнт л хөдөлсөн, хөдөлсөн л бол урагшаа гээд л зүтгэсэн. Зогсох эрх байхгүй.

                                         

-Дорнын говьд төмөр зам тавина гэж байхад нийгэм тийм ч таатай хүлээж аваагүй. Шороо овоолж түүнийгээ мөнгө болголоо хэмээн шүүмжилж байсан үе бий. Гэсэн хэдий ч та бүхэн  энэ санал санаачилга зөв байлаа гэдгийг харуулж чадлаа.  Яг энэ мөчид Монголын төр ер нь та бүхэнтэй хэр ойр байж чадав гэж асуумаар санагдаад болдоггүй? 

-Төр дэмжсэн учраас, төр ойр байсан учраас төсөл нэг ч өдөр зогсохгүйгээр урагш явсан. Учир нь захиалагч, хяналтынхан гээд бүгд төрийн компаниуд. Хагас, бүтэн сайнгүй л ирж нөхцөл байдалтай танилцана бас шалгана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайд, холбогдох албаны хүмүүс  гээд бүгд ирж байлаа. Том байгууллагууд гүйцэтгэгч болоод туслан гүйцэтгэгч компаниудтай уулзаж, хамтран ажиллаж, хамтдаа шийдлийг газар дээр нь олж байсныг энд тэмдэглэн хэлэх байна.