Яг баривчлах үед 3.5 сая төгрөг бариад зогсч байгаа гадаадын иргэн байна

Нийгэм, Эдийн засаг

 УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд гадаадаас орж ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийг бүрэн хянаж байгаа эсэх асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандсан. Тэгвэл Монгол Улсад ажиллаж буй гадаадын иргэдийн эрх зүйч талаар Гадаад иргэн харъяатын газрын дарга Н.Ууганбаяртай ярилцлаа.

-Өнөөдөр манай улсад гадаадын иргэн хэр олон байна. Тэдний дунд хууль бусаар оршин сууж байгаа иргэд давамгайлаад байгаа нь үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 13715 гадаад иргэн амьдарч байна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо Монгол Улсын харъяат хүн амын гурван  хувьтай тэнцүү байж болно. Үүний дотор нэг улсын иргэн нэг хувь байж болно гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 98 мянга орчим гадаад иргэн байж болно гэсэн үг. Гэхдээ хэзээ ч энэ тоонд хүрч байгаагүй. 2019 оны байдлаар 22 мянган гадаад иргэн оршин сууж байсан. 2018 онд 23 мянга, энэ онд 13715 байна. Өмнөх онуудаас 40-өөд хувиар бага байна.  

-Аль улсын иргэн давамгайлж манайд оршмн сууж байна? 

-Манайд иргэд нь олноор оршин сууж байгаа таван орны тоог хэлье. ОХУ-ын 980, БНСУ-ын 1000, Казакстаны 77, АНУ-ын 1609, БНХАУ-ын 5000 орчим иргэн амьдарч байна. Үлдсэн 8000 гаруй нь бусад улс орных.

-УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаан дээр нэлээд ноцтой баримт хэлж байсан.  Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн ч хөрөнгө оруулалт хийгээгүй нь үнэн юм уу?

-Манайх гадаадын иргэдийн оршин суугаа байдалд төлөвлөгөөт шалгалт хийдэг. Шалгалтад Монгол Улсад амьдарч байгаа 306 вьетнам иргэнийг хамруулсан. Үүнээс 206 нь хөдөлмөр эрхлэх визээр амьдарч байсан. Харин хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн 45 иргэнийг онцгойлон шалгахад ноцтой зөрчил илэрсэн нь үнэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулинд "Хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 25 хувь буюу түүнээс гаргасан хувьцааг эзэмшдэг, 100 мянган доллар буюу түүнээс дээш хөрөнгийг дангаар оруулсан байх ёстой". Гэтэл Вьетнамын 45 иргэн оруулсан хөрөнгө оруулалтгүй, өөрсдийн нэр дээр болон ААН нэр дээр эзэмшдэг хөрөнгө ч байхгүй. Бүртгэлтэй ААН байхгүй. Нийгмийн болон   эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Иргэдийн нэр дээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан асуудлууд байна. Хамгийн ноцтой нь, оршин суух визийн ангиллыг өөрчлөх замаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байсан. 

...Манай байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүстэй харилцаа тогтоох, арга замаа заалгах байдлаар ажилласан мэр сэр тохиолдол байна. Дотоор хяналт шалгалтаар гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, мөнгө төгрөг авахаар ярилцаж байгаа үйлдлийг илрүүлж, нэг хүнийг ажлаас халсан...

-Ийм хууль бус боломжийг хаанаас олгосон байх вэ?

-Энэ ноцтой асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно. 

-Монгол Улсад учруулсан хор холбогдлыг мөнгөн дүнгээр хэлэх боломж байна уу?

-Эдгээр хүмүүс хөдөлмөр эрхлэх визээр хууль ном журмын дагуу Монгол Улсад ажиллаж амьдарч байсан бол бидний тооцооллоор тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсан. Ийм ноцтой зөрчил гаргасан тул Вьетнам 45 иргэний 32-ынх нь визийг хүчингүй болгосон. Одоо эдгээр иргэнд хоёрхон сонголт үлдсэн. Хууль журмынхаа дагуу Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визээр амьдрах, эсвэл албадан гаргах асуудалтай тулгарч байна. Цаашид төлөвлөгөөт шалгалтуудыг байнга явуулна. 

-Хөл хорио тогтоосон энэ үед албадан гаргах ажиллагаа явагдаж байгаа юу? 

-Байнга явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, визний ангилал зөрчсөн, жуулчны ангиллаар орж ирчихээд өөр үйл ажиллагаа явуулсан, хугацаа хэтрүүлсэн иргэдийг байнга албадан гаргах ажиллагаа явуулж байна. Энэ оны байдлаар 127 иргэнийг албадан гаргасан байна. Сүүлийн сард гэхэд хоёр солонгос, нэг филиппин, хоёр хятад иргэнийг гаргасан байна. 

-Албадан гаргах ажил­лагаа явуулахад хэр хүндрэлтэй байна.  Энэ ажилд санаатайгаар саад учруулах явдал их байдаг гэж  сонссон?

-Албадан гаргах ажиллагаанд садаа болох тохиолдол гарч байна. Тухайлбал, албадан гаргах гэтэл эсэргүүцэл илэрхийлсэн хоёр гадаад иргэнийг саатуулаад байна. Дуудахад ирдэггүй. Тэгээд яг барьж авахад 3.5 сая төгрөг барьчихсан байсан. Энэ юун мөнгө вэ гэхээр “Та бүхнийг аргалах гэж байна” гэх  зүйл ярьж байгаа юм. Манай байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүстэй харилцаа тогтоох, арга замаа заалгах байдлаар ажилласан мэр сэр тохиолдол байна. Дотоор хяналт шалгалтаар гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, мөнгө төгрөг авахаар ярилцаж байгаа үйлдлийг илрүүлж, нэг хүнийг ажлаас халсан. Цаашдаа дотоод хяналт шалгалтыг сайжруулж, чангатгаж, иймэрхүү үйлдлийг дахин гаргахгүй. 

-БНХАУ-ын иргэд манай улсыг дотооддоо халдвар тараагүй учир ажил төрөл нэрийдлийн дор гэр бүлээрээ орж ирж суурьшиж байна гэх мэдээлэл байгаа. Энэ хэр бодитой вэ? 

-БНХАУ-аас орж ирж байгаа иргэд УОК-ын шийдвэрийн дагуу ажил хөдөлмөр эрхлэхээр орж ирж байгаа. Зайлшгүй шаардлагатай иргэд л орж ирж байгаа. Бөөн бөөнөөрөө орж ирээд суурьшаад байгаа юм байхгүй. 

Я.Монгол