Аав, ээжийнх нь даатгалд төлсөн мөнгийг үр хүүхдээс нь харамлах хэрэггүй

Улс төр

Ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн хэн боловч нийг­мийн даатгал төлдөг. Ингэж хэдэн арван жил төлсөн даат­галаа­саа хувь хүртэж байгааг өндөр насны тэтгэвэр гээд байгаа юм л даа. Гэвч даатгалд төлсөн мөнгөнийхөө цөөн хэдэн хувийг тэтгэвэр нэрээр авдаг тог­толцоо зөвхөн Монголд бай­даг ажээ. Нийгмийн даатгалд төл­сөн мөнгөний хувь хэмжээг тог­тоох­доо ялгавартай хандсаар ирсэн тэтгэвэр тогтоох аргачлал үнэн мулгуу гэдгийг олон жил ярьж байгаа ч олигтой өөрчлөлт ахиц гарсангүй. Ямартаа л өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 000 төгрөг болгох хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг санаачилж байх вэ. Үнэн хэрэг дээрээ бол Ерөнхийлөгчийн санал санаачилгыг дэмжсэн хэрэг шүү дээ. Тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тухайд их багын асуудлыг орхиод одоо ид мар­гаан тариад байгаа “Хувийн тэт­гэврийн тухай” хуулийн төс­лийг эргэж нэг харъя. Өнөөдөр тэт­гэв­рийн тогтолцооны гаж­гийг засах арга бол яах арга­гүй энэ хуулийн төсөл юм. Тухайлбал, даат­гуу­лагч, хөдөлмөрийн насны ир­гэн тэтгэвэрт гарах наснаасаа өмнө нас барвал одоо мөрдөгдөж буй тэтгэврийн даатгалын санд ашигтай. Гэтэл 20 настайдаа ажлын гараагаа эхэлсэн залуу хүн 65 нас хүрэхээс өмнө нас барвал түү­ний 38 жил төлсөн даатгалын үр ашиг, тэтгэврийн хуримтлал ар гэрт нь очдоггүй нь өнөөдрийн даат­галд суурилсан тэтгэврийн тог­тол­цооны хамгийн сул тал. Тухайн ажилтны 30, 40 жилийн хуримт­лалын мөнгийг яагаад даат­галын шимтгэлд суутгаад байгаа юм бэ. Энэ нь аль нэг улс­төрч, арилжааны банк аль эсвэл даатгалын ажилтны хариуц­­лага­гүй үйлдлийн золиос л болж байна. 

Дээр нь эдийн засгийн эргэлтэд ордоггүй тул иргэнд ямар ч үр ашиггүй болчихож байгаа юм. Өнөөдөр тэтгэврийн насныхны 80 хувь нь 450 мянган төгрөгөөс бага буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэвэр авахын тулд иргэд бүхий л насаараа даатгал төлж, улсад ажилласан болж таарах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Нөгөө талаас тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл нь сарын орлогын 17 хувьтай тэнцдэг. Хувь хүн 11.5 хувь, ажил олгогч 12.5 хувийн шимтгэл тэтгэврийн санд төлдөг. Ийм байдлаар тэтгэврийн даатгалын тогтолцооны гажуудлыг засч, шинэчлэлт хийхгүй үргэлжилбэл цаашид хүн амын насжилтын асуудал ч яригдана.

Хүн ам зүйн насжилтаас харахад өнөөдөр ажил эрхэлж буй 10 хүн  гурван өндөр настны тэтгэврийг төлж байгаа бол ирээдүйд өсөх хандлагатай байна. Цаашид 2040 онд хөдөлмөр эрхэлж буй арван хүн найман өндөр настны тэтгэврийг төлөх тооцоо байна. Тиймээс 17 хувийн шимтгэлийг гурав дахин нэмэгдүүлж байж өнөөдрийн тэтгэврийн хэмжээнд барина. Эсвэл 450 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй иргэдэд одоогийнхоос гурав дахин бага тэтгэвэр өгч байж өнөөдрийн тэтгэврийн хэмжээг барих болж байна. Тэгэхээр тэтгэврийн реформ хийх цаг нь болсон.

Хэрэв хувийн тэтгэврийн тухай хуулийг баталж, тэтгэврийн реформ хийвэл тухайн ажилтны 20, 30 жил хуримтлуулсан мөнгө ар гэрт нь өвлөгддөг болно. Нөгөө талаас тухайн хүний хуримтлуулж буй мөнгө хөрөнгө оруулалтын сангаар дамжин эдийн засгийн эргэлтэд орох учиртай.

Я.Монгол