"Эрдэнэс таван толгой" ХК оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрийнхөө мөнгөн дүнг нэмнэ

Улс төр

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 90 оюутан батламжаа гардан авлаа.

Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авчээ. Үлдсэн 30 оюутан нь улсын их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин болон цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр 2-4 дүгээр курсэд 3.2-оос дээш голч дүнтэй суралцагчид байв. Батламж гардуулах үеэр, БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн олон мянган оюутнаас шалгарч тэтгэлэгт хамрагдсанд талархал илэрхийлээд, урьд нь хамрагдсан оюутнуудын сурлагын амжилт ахиж, сайн мэргэжилтнүүд болсныг дурдав. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ, “Тэтгэлэг олгож эхлээд 7 жил боллоо. Монголын бүтээн байгуулалт Өмнөговь аймаг, Тавантолгойн ордод өрнөнө. Үүнд оролцох залуусдаа одооноос хөрөнгө оруулах хэрэгтэй гэж үзэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ирэх жилүүдэд хөтөлбөрийн мөнгөн дүнг нэмнэ” гэлээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож, 2019 оноос тэтгэлгээ үндэсний хэмжээнд зарлаж, өнгөрсөн хугацаанд 350 орчим оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ.