Хүүхдийн мөнгө дээр төр төмөр нүүрээ гаргах ёстой

Нийгэм, Эдийн засаг

Хүүхдийн мөнгө олгохыг зогсооход хүүхдүүд бус харин үр хүүхдээ тэжээх хариуцлага хүлээсэн эцэг, эхчүүд уйлж мэднэ.

Төр ажлын байр бий болгохоос зайлсхийн халамжийн бодлогоо жилээс жилд тэлж ирсэн учраас монголчууд хүүхдийн мөнгө тэргүүтэй халамжид ингэтлээ дассан хэрэг. Эрүүл саруул, ид хөдөлмөрийн насны залуус хүүхдийн мөнгөгүй бол амьдарч чадахгүй хэмжээнд дорд ортлоо халамжид дассан нь улстөрчдөд бол олз. Ер нь л хүүхдийнхээ мөнгийг захиран зарцуулдаг сонгуулийн насныхан төрөөс ийм шийдвэр гаргахад гол дэмжлэг үзүүлж байгаа. Халамж ийм замаар хавтгайрдаг. Түүнээс биш “Монголын төр хүүхдүүдээ ялгаварлахгүй”, “Хүүхдийн мөнгө хүн ам өсгөнө” мэтийн шалтгууд бол ажилгүй иргэдийнхээ нүдийг хуурч, чихийг баясгах төдий тайлбар. Гэтэл бодит байдал дээр халамж улсынхаа эдийн засгийг унагаах хүртэл хавтгайрсан шүү дээ.

Ганцхан жишээ татахад, Монгол Улсын ирэх онд 850 гаруй тэрбум төгрөгийг 1.2 хүүхдэд халамж хэлбэрээр тараана. Засгийн газар энэ хэмжээний мөнгөөр гадаадаас авсан бондуудаасаа аль нэгийг нь төлж болно. Бүр эсвэл олон зуун ажлын бүрдүүлэх төслүүдээ санхүүжүүлэх боломж бий. Харин өнөөгийн эрх баригчид гадаад өрөө дундлах бус хүүхдийн мөнгийг нэмэх замаар олон нийтээс оноо авах замыг илүүд үзсэн. Халамжийг ингэж  хавтгайруулсан.

Саяхан УИХ-ын Байнгын хорооны хурал дээр монголчуудын 60 хувь ямар нэг байдлаар халамжаас хараат болсон гэж хэлэлцэгдэнэ лээ. Бүр тодруулбал, Монголын төр яг өнөөдрийн байдлаар 72 төрлийн халамжийн хөтөлбөр хэрэжүүлдэг. Халамжийн тэтгэвэр 62 мянга хүн, нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянган хүн, онцгой тохиолдолд амжиргааг дэмжих тусламж 53 мянган хүн, ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянган хүн, жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянган хүн, эхийн одонгийн тусламж 22.3 мянган хүн, алдар цолтой ахмадууд дөрвөн мянга, хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн авдаг. Дээр нь өнгөрсөн онд 100 мянган төгрөг болгож нэмсэн хүүхдийн мөнгийг сар бүр 1.2 сая хүүхэд авдаг талаар салбарын сайд хэлсэн нь бий. Иймээс Монголын төр халамжийн бүгд найрамдах улс байгуулсан гэж дүгнэгдэхэд хүрсэн юм. Дээрх халамжуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эхээ алдсан хүүхдэд олгодог тэтгэмж тэргүүтэй зайлшгүй төсөвлөх шаардлагатай мөнгөн дэмжлэгүүд бий. Гэхдээ хүүхдийн мөнгө гэх мэтийн өнөөдөр нэн шаардлагагүй санхүүжилтийн талаар төрийн бодлого тодорхойлогчид ирээдүйгээ бодсон шийдвэр гаргах  цаг болсон. Хүүхдийн мөнгийг ирэх оны долдугаар сарыг хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоно гэж тооцвол, нийтдээ 850 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь 2019 оныхоос дөрөв дахин өссөн дүн бөгөөд Монгол Улс 2019 онд нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд  тэтгэмж олгохоор 218 тэрбум төгрөг зарцуулж байсан. Ингэхдээ зорилтот бүлгийн өрхийн хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох бодлого баримталж байлаа. Тэгвэл шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ оныг дуустал 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Гэвч энэ шийдвэрийг улс төрийн хүрээнийхэн УИХ-ын сонгууль урьтсан шийдвэр гэж дүгнэсэн юм.

Харин өнөөдрийн нөхцөл байдалд  бол улсын төсөв түүхэн байгаагүй алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгаа. Өнөөдрийнхөөс ч дор эдийн засгийн нөхцөл байдалд Олон улсын валютын сангийнхан орж ирээд хавтгайрсан халамжаа танахыг санал болгож байсныг ч санах хэрэгтэй. Товчхондоо, хүүхдийн мөнгө дээр өнөөдөр л төр төмөр нүүрээ гаргах  цаг ирж. Хавтгайрсан халамж нь сүүлдээ хулгай болж хувирсан. Нас барсан огт байхгүй хүмүүсийн нэр дээр хүртэл мөнгө цохон авдаг явдал цөөнгүй илэрсэн. Сонгуулийн үеэр бүхэл бүтэн халамжийн мөнгөөр амьдардаг сонгогчдын сүлжээ хүртэл бий болсон зэрэг муу үр дагавар олон гараг боллоо. Нөгөө талдаа Монголын төр өөрөө гадаадын донор орнуудын дэмжлэггүйгээр амьдрах чадваргүй байгаа. Зээлээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьдаг, зээлээр зам, гүүр тавьдаг байдалтай явж ирсэн. Бүр  сүүлдээ төсвийн цоорхойгоо гаднын дэмжлэгээр нөхөж байгаа. Хүүхэд хамгаалах асуудлаа хүртэл гаднын донорын хөрөнгө оруулалтаар шийдэж байна. Дөнгөж өчигдөр л гэхэд 15 тэрбум төгрөгийн тусламжийн Америкийн талаас Монголын хүүхдүүдийг хамгаалах бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ мэт гадаадын зээл, тусламж манай төсөвт тодорхой байр суурь эзэлдэг. Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар 1.4 их наяд гаруй төгрөгийг гадаадын зээл тусламжаар авч хэрэглэх тооцоо байгаа. Үүнийг улсын төсөв дэх гадаад улс орнууд болон олон улсын байгууллагуудын дэмжлэг гэж тайлбарладаг. Ингэж баялаг бүтээгчдийнхээ олсон дээр гадаадын зээл тусламжийг нэмбэл монголчууд яах ч аргагүй хос түрийвчтэй халамжаар амьдардаг ард түмэн болж таардаг. Төр халамжийн бодлогоо хөдөлмөрийн бодлогоор солихгүй бол энэ байдал цаашид улам дордоно. Халамж тэлнэ.