Оюутолгойн ТУЗ-д Н.Багабанди үлдэж, хоёр шинэ хүн томилогдов

Улс төр

Засгийн газраас 2020 оны есдүгээр сарын 14-нд  Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарласан.

ТУЗ-ын гишүүдэд тавьсан шаардлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь Санхүүгийн шинжилгээ хийх, уг чиглэлээр баг гаргаж, ажиллуулах, Гүний уурхайн чиглэлээр судалгаа хийх, Олон нийттэй харилцах гэсэн гурван чиглэлээр сонгон шалгаруулахаар байсан юм.

Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалтад нийтдээ 47 хүн материалаа ирүүлжээ. Үүнээс хоёр хүнийг сонгож, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийн томилов. Харин одоогийн ТУЗ-ийн гишүүн Н.Баганбандийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

Н.БАГАБАНДИЙГ УЛС ТӨРИЙН ТОХИРОЛЦООГООР ҮЛДЭЭВ

“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй. Үүнээс зургаа нь хөрөнгө оруулагч тал, гурав нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлдөг. “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга нь Г.Батсүх байгаа бол ТУЗ-ийн бусад гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Түмэнцогт нар ажиллаж байсан юм. Харин тэдгээрээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээр үлдээх улс төрийн тохиролцоо хийгджээ. Н.Багабандийн хувьд 2016 онд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон юм. Энэ удаад Монголын талын гурван ТУЗ-ын гишүүнийг бүгдийг нь солино гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан ч намын дарга У.Хүрэлсүхийн хувьд Н.Баганбандитай “гар барьсан” учраас түүнийг суудалд нь хэвээр үлдээх тохироо хийж, ийн хоёр шинэ гишүүнийг томилжээ.

Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТУЗ-Д ӨӨРСДИЙН ХҮНЭЭ ТАВЬСАН УУ?

Шинээр томилогдсон хоёр гишүүний хувьд  АНУ-д Morgan Stanley компанид ажилладаг Э.Баясгалан, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нар томилогдсон. Э.Баясгалангийн хувьд АНУ-д амьдарч байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнэ сайд онлайнаар ярилцлага хийж, ТУЗ-д тавигдах шаардлага хангаж байгаа эсэхэд нь биечлэн оролцсон гэх мэдээлэл байна. Э.Баясгалангийн хувьд нас залуу ч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн давуу талтай гэнэ. Түүнээс гадна Э.Баясгаланг Моннис группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатарын хамаатан гэх мэдээлэл ч бий.

Харин З.Ган-Очирын хувьд “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Уул уурхайн салбар, улс төрийн хүрээнд “Аспайр Майнинг” компанийн тодорхой хувийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Тэрбээр энэ компанийн тодорхой хувийг эзэмшдэг, уул уурхайн салбарт ашиг сонирхолтой учраас ийн өөрийн хүнээ томилсон гэх. З.Ган-Очирын хувьд ШУТИС-ийг төгссөн, Канадын Break Water resources, “Майн Инфо” зэрэг компаниудад ажиллаж байсан. 2005-2010 оны хооронд Алтай гоулд ХХК-ийн захирал, “Аспайр Майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. Мөн З.Ган-Очир нь 2015 онд ИЗНН-аас Уул уурхайн яамны дэд сайдад нэр дэвшиж байсан удаатай.

Ямар ч гэсэн шинээр сонгогдсон хоёр ТУЗ-ийн гишүүдийг томилж, Н.Багабандинтай нийлж, Монголын талыг тэд төлөөлөхөөр боллоо. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, хэлэлцээрийн ширээнд суух асуудал яригдаж байгаа энэ үед улсынхаа эрх ашгийг илүүд үзсэн шийдвэрүүдийг гаргах байх гэсэн хүлээлт олон нийтэд бий.