​Хангарьдыг ‘Эрдэнэс Монгол’, ‘Тавантолгой' худалдаж авна

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "Хангардь" ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарласан. Яармагт барьж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр ашиглалтад ороход бэлэн болсон учраас хуучин байраа дуудлага худалдаагаар зарах аж. Гэхдээ дуудлага худалдааг нийтэд зарлахгүй бөгөөд зөвхөн төрийн болон төрийн өмчийн компаниудад зарна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлсэн. 

Тэрээр “Төрийн өмчид байгаа нийслэлийн тодорхой байруудыг зарж байгаа. Тухайлбал, Автобус-3, “Хангарьд” ордон гээд олон байр бий. Эдгээр байрыг борлуулж санхүүгийн эх үүсвэр болгож байгаа. “Хангарьд” ордныг тодорхой хязгаарлалттайгаар дуудлага худалдаанд оруулж байгаа. Тодруулбла, зөвхөн нийтэд биш төрийн болон төрийн өмчтэй компаниудад санал болгож байгаа юм. Төсөвт 30 гаруй тэрбум төгрөг оруулахаар танилцуулагдаж байсан” гэсэн юм.

“Хангарьд” ордныг хараахан зараагүй байгаа ч “Эрдэнэс Монгол’Тавантолгой” ХХК худалдаж авахаар болсон гэсэн мэдээлэл байгаа. Учир нь тус байрыг төрийн болон төрийн өмчийн компанид зарах шийдвэр гаргасан учраас хувийн аж ахуйн нэгж худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй. Нөгөө талаар "Эрдэнэс Монгол", "Тавантолгой" ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Дээрх хоёр компани хоёулаа түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс "Хангарьд" ордныг дээрх хоёр компанид зарах бололтой. 

Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, цутгамал бетон араг бүтээцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн цасад, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар юм. Нийт 9774.7 мкв талбайтай бөгөөд 10 машины гарааштай. Дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.423.400.000 төгрөг бөгөөд дэнчин болгож 10 хувь буюу 4.342.340.000 төгрөгийг нийслэлийн төрийн санд байршуулах юм байна. Дуудлага худалдаа 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11.00 цагт нийслэлийн захиргааны тавдугаар байрны Иргэний танхимд болох юм.