Б.Пүрэвдорж: Надад зориулж хууль батлах гэж байна, олонх болохоороо хамгийн түрүүнд хүчингүй болгоно

Улс төр

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Дэгийн тухай хуульд гишүүн хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол танхимаас гаргах, ингэхдээ тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасдаг байсныг асуудлыг хэлэлцэж дуустал гэх мэтээр өөрчлөхөөр тусгажээ.

Энэхүү өөрчлөлтийг АН, МАН, бие даагч гээд намын харьяалал харгалзахгүйгээр буруушааж байгаа юм.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Түүний хувьд яг энэ заалтын дагуу хариуцлага хүлээж байсан удаатай. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Надад зориулж хууль баталж байгаа юм байна. Та бүхэн цөөнхийг үг хэлүүлэхгүй байх л хууль баталж байгаа юм байна. АН олонх болсон тохиолдолд энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Бид олонх 5 минут үг хэлж байхад цөөнх 6 минут үг хэл гэдэг хууль батална. Цөөнхийн эрх баталгаажиж байж, олонхийн эрх баталгаатай хангагдаж байдаг юм. Та нар цөөнхийн эрхийг хааж, ЖДҮ, тендер хулгайлдаг. Наанаа гоё юм ярьдаг хэр нь цаанаа асуудалд холбогддог хүмүүстээ яаж хариуцлага тооцох юм бэ” хэмээн эсэргүүцсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "АН, МАХН, бие даагч гээд 14 нөхөрт зориулаад л хөөж гаргана, та нар аятайхан бай гээд л хөөж гаргах талаар яриад байгаа юм шиг санагдаад байх юм. Надад эсвэл тэгж санагдаад байна уу. Хөөж гаргаж яах нь вэ. 14 амьтныг хөөж гаргаж яах нь вэ. Та нараас бол хөөгдөнө гэж байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Эрх баригч намаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Дэг зөрчигчид хариуцлага тооцох асуудлыг бөөрөнхий ярьж байна. Энэ асуудал цөөнх рүүгээ хандсан л заалт болох гээд байна. Үүний цаана нэг гишүүний биш тойргийн иргэдийн асуудал байгаа гэдгийг харах хэрэгтэй. Ард иргэдийн үгийг хаадаг, боодог байж болохгүй” гэдгийг хэлсэн юм.

Харин хууль санаачлагчдын зүгээс уг хуулийн заалт нь өмнө байсан хатуу заалтыг зөөллөж, илүү уян хатан болгосон төдийгүй гишүүний үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх чиглэлд илүү сайжруулсан заалт болохыг тайлбарлаж байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн “саад учруулж, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг хуралдааны танхимаас гаргана” гэснийг “саад учруулах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдааны танхимаас гаргана” гэж
18.6 дахь хэсгийн “энэ хуулийн 18.5-д засан хариуцлагын хугацааг нэмэгдүүлэх үндэслэл болохыг хуралдаан даргалагч гишүүнд сануулна” гэснийг “тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах хариуцлага оногдуулах үндэслэл болно “ гэж
45-р зүйлийн 45.4 ддэх хэсгийн “24 цагийн” гэснийг “ажлын 2 өдрийн” гэж өөрчлөхөөр тусгажээ.