Д.Сумъяабазар Хотын даргад зүтгэж байна

Улс төр

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал дөнгөж сая эхэллээ. Намын удирдлагын зүгээс хотын даргад нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Д.Батбаясгалан нарыг нэр дэвшүүлсэн гэх албан бус мэдээлэл байна.

Гэхдээ тэргүүлэгчдийн зүгээс хотын дарга, НИТХ-ын дарга нарт хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг сонгосны дараа нийслэлийн МАН хуралдах юм. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд болно.


МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 12.00 ЦАГТ ХУРАЛДАНА

Монгол ардын нам /МАН/-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2020.10.22/ 12.00 цагт хуралдахаар товложээ. Удирдах зөвлөл өчигдөр хуралдана гэсэн мэдээлэл байсан ч Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх талаар ярилцсан гэнэ.

Тиймээс өнөөдөр Удирдах зөвлөл хуралдахын өмнө 11.00 цагт Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, түүний дараа нийслэлийн МАН-ын хурал болох юм байна. Тус хурлаар хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох аж. Учир нь НИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 23-ны өдөр буюу маргааш хуралдах бөгөөд энэ хуралдаанаар НИТХ-ын даргыг томилох, хотын даргын нэрийг дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлогдоод байгаа юм.

Сонирхуулахад, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын зүгээс Хотын даргад хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайд дэмжээгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, нийслэлийг дөрвөн жил удирдах хүн нь улс төрийн хувьд, намдаа ч хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой гэж үзэж байгаа учраас Д.Сумъяабазарыг хотын даргад дэвшүүлнэ гэх яриа ч Тусгаар тогтнолын ордонд гарах болжээ.