Засгийн газар бага хүүтэй 120 сая долларын зээл авна

Улс төр

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.10.21) хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газар, Европын холбоо хоорондын төсвөөс санхүүжүүлэх төслүүдэд үйлчлэх татвар болон гаалийн зохицуулалтын хэлэлцээр батлах, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах төслүүдийг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Засгийн газар, Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд Европын холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөх юм.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50,8 сая еврог төслийг дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцож, 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан. Харин Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох ба 1,25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0,5 хувь, үйлчилгээний хураамж 0,75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа  30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монголд хэрэгжүүлж буй коронавирусийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан олгож байгаа бөгөөд 16 жилийн хугацаатай, үндэсний төлбөрөөс 3 жил чөлөөлж, 0,25 хувийн хүүтэй олгох зээл юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД:

-Чухал зээлийн хэлэлцээр байна. Яг хэзээ бодит ажил болж, манайд орж ирэх вэ? Орж ирснийхээ дараа коронавирустэй холбоотой зорилтын хүрээнд ямар ямар зүйлд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Коронавирус гарч байх үед дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд, санхүүгийн эх үүсвэрийг бэлэн байлгах бодлого барьж ажилласан. Цагийг нь тулгаж, өндөр хүүтэй бонд авах, арилжааны банкнаас зээлж авах сөрөг нөлөө үүсч магадгүй гэж гэрээ хэлцэл хийж байгаа. Энэ гэрээ УИХ-аар батлагдсаны дараа энэ ондоо багтаад авах боломж бий. Зориулалт нь төсвийн дэмжлэг байдлаар ашиглана. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-Богино хугацаанд 353 сая ам.долларын зээл авч байна. Айлаас эрэхээс авдраа уудал. Монгол Улсын эдийн засгийн аюул "Ковид-19"-ийн нэр дор яваад байна. Энэ УИХ-ын ажил эхэлснээс хойш 353 сая ам.долларын зээл авчээ. Энэ зээл цаашаа хэр их үргэлжлэх вэ?

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Коронавирусээс үүдэж ихэнх улс орнууд төсвийн алдагдалтай, хэний ч тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид ч гэсэн хямд эх үүсвэр бэлэн байлгах үүднээс хэлэлцээрүүд хийж байгаа. Зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьж ажиллаж байна. Энэ хүрээндээ зээлээ авч байгаа. Иргэд, аж ахуйн нэгж дээр очих дарамтыг бууруулах зорилгоор зээлийн хэлэлцээрүүд хийж байна. Дотооддоо 3 их наяд төгрөгийн бонд гаргалаа гэхэд хүүнд нь 700-800 тэрбум төгрөг төлсөн байгаа юм. Тиймээс маш бага хүүтэй эх үүсвэрүүдийг судалж, хэлэлцээр хийж байгаа. Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг УИХ баталсны дагуу арга хэмжээгээ авч, нийцүүлж ажиллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Монгол Улсын эзэмшиж байгаа хувь нь хэд вэ? Монгол Улсад ногдох дээд хязгаар хэд юм бэ? Маш их хэмжээний бонд гаргаж, 12 хувьтай байсныг сольсон гэж ойлгож байгаа. Яг түүнтэй адилхан мөнгө ч гэсэн 1,1 хувиар авч байгаа нь төсвийн дэмжлэг боловч бондын санхүүжилтэд олгож байгаа гэдэг агуулга нь зөв. Ийм хөнгөлөлттэй зээлийг бид авч байх ёстой. Хамгийн гол нь бид төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зээл аваад байна. Азийн дэд бүтцийн банк зөвхөн дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт олгодог ч коронавирустэй холбоотойгоор төсвийн дэмжлэг гаргасан учраас авч байна гэж ойлголоо. Цаашид бид дэд бүтцийн дэмжлэг дээрээ санхүүжилт авах боломжтой юу?

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Хаана хямд санхүүгийн эх үүсвэр байна, үр ашигтай зарцуулж байгаа эсэх, бодлого нь зөв эсэх нь л чухал. Ер нь бид коронавирусийн үед санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгохын тулд бусад улс орнуудаас зээл аваад явах нь зүйтэй. 1,1 хувийн хүүтэй зээл бол маш хямд үүсвэр. Хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0,25 хувь байгаа. 16 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс гурван жил чөлөөлөх зээл юм.

Коронавирустэй үед төсвийн алдагдал өндөр гарсан. Зарим нь алдагдлаа багасгах нь эдийн засгаа агшаадаг учраас улс орнууд эдийн засгаа яаж идэвхтэй байлгах вэ гэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, бидний хувьд ч ийм л арга хэмжээ аваад явж байна. Тиймээс зээлжих зэрэглэл буурахгүй байгаа нь бодлого алдаагүй л явж байгаа болов уу гэж бодож байна.

Байнгын хорооны гишүүд хариулт авч дууссаны дараа хэлэлцээрүүдийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.