Сайхан нөхөрлөл, үүрдийн андлалыг эрчүүд цэргийн хуарангаас олдог

Нийгэм, Эдийн засаг

Намрын жиндүү салхийг сөрсөн Монгол залуусын жигдхэн цээл уухай цэргийн ангийн хашаанд тогтохгүй, тэртээд орших толгодын оройгоор хөшиглөн, хөшилдсөөр давж байх шиг мэдрэмж төрөх нь сонин. Цэргийн уухайтай зэрэгцэн сэтгэл догдолж, дотор огших нь өөрийн эрхгүй сайхан... 

Хугацаат цэргийн албанаасаа халагдаж буй хүүхдүүдээ тосохоор ирсэн ар гэрийнхэнийг бараадасхийн зогсох надад ангийн захирагчийн, “...Эх орныхоо дархан хилийн торгон шугам дээр алба хаасан эр цэргүүд үүргээ нэр төртэйгээр биелүүлж, энэ талбай дээр бахархал дүүрэн зогсож байгаа золбоо төгөлдөр хилчидээ...” хэмээн эхлүүлсэн яриа нэг тодорч, нэг бүдгэрч сонсогдоно...”

Редакциас өгсөн үүргийн дагуу халагдаж байгаа цэргүүдийн сурвалжлага хийх хариуцлагатай ажилд хувиарлагдсан миний бие цэргийн ангийн хашаа руу ортлоо ямар газар очих гэж байгаагаа нэг их анзаараагүй ирсэнээ мэдэрч зогсохдоо, халагдаж байгаа цэрэг эрчүүдийн цаанаа л нэг золбоотой төрх өөрийн эрхгүй анхаарал татаж, огших шиг санагдана. 

2019 оны хоёрдугаар ээлжийн цэргүүд орон даяар халагдаж, Монгол орны хил хязгаарт хугацаат цэргийн алба хаасан цэргүүд нэгэн цагт нэгэн зэрэг халагдаж байгаа энэ мөчид халагдах цэргүүдийн уухай Монгол орон даяар цуурайтаж байгаа мэт санагдах нь сонин... 

Ийм нэгэн мэдрэмжийг тасдан, “Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа болсон эх орныхоо торгон хилийг эр биеийн өнгө жавхаа, идэр насны цог хийморь, ид хавын гайхамшиг бүрдсэн ийм сайхан залуучууд үеийн үед хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай учраас хэн ч халдашгүй ариун дархан байдаг юм. 

Хил хамгаалах байгууллага хилчид та бүхний хичээл зүтгэлээр 2020 оны зорилгоо амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мэргэжлийн гэрээт хилчдээр эгнээгээ тэлж улам өргөжин дэвжиж байгаа бөгөөд хугацаат цэргийн алба хаасан хилчид та бүхнээс Хил хамгаалах байгууллагадаа улиран цаашид гэрээтээр цэргийн албан хаагчаар ажиллаж, ажил амьдралаа холбох хүсэлтэй хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна...” хэмээн өгүүлэх Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн сургалт судалгааны зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Ууганбилэгийн үг намрын өглөөний нарыг дагуулан ангийн хашаанд цуурайтах ... 

Дашрамд хэлэхэд, Монгол Улсын 21 аймаг,  нийслэлийн есөн дүүргээс хугацаат цэргийн алба хаагчдыг татах, халах ажлыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны харьяа агентлагуудаас хамтран зохион байгуулдаг юм байна. 

Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд нийслэлийн есөн дүүргээс гадна, төвийн бүсийн  аймгууд, Архангай, Орхон, Дархан, Сэлэнгэд хугацаат цэргийн алба хаасан цэргүүд алба хаасан ангиудаасаа ирж, нэгдсэн журмаар харьяа аймаг руугаа нэгэн зэрэг нэг өдөр халагдан тараагддаг бол цэрэгт татагдахад мөн адил байдаг аж. Ялгаа нь тэд алба хаах анги салбаруудад хувиарлагдаж, тухайн анги салбарууд байгаа төвийн бүсийн орон нутгууд руу нэгдсэн унаагаар хүргэгддэг аж. 

Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн сургалт судалгааны зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Ууганбилэг, “манай нэг онцлог нь цэрэг халагдах төвөөр дамжихгүйгээр зэргэлдээ орших аймгуудаас цэргээ татаж авч болдог. Орон нутагт ч гэсэн энэ цаг мөчид цэрэг халагдах ажиллагаа явагдаж байгаа. Хил хамгаалах байгууллагад Орхон, Дархан, Сэлэнгэ, Архангай аймгаас ирсэн цэргийн албан хаагчид болон Улаанбаатар хотын есөн дүүргийн албаг хаагчдаа өөрийн тээврээр хүргэж өгдөг. Энэ жилийн хувьд орон нутгийн сонгуультай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг таталт цаг хугацааны хувьд хойшилж, 10 дугаар сарын 22-30-нд явагдахаар болсон. Цаашлаад сургалтын төвийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 2-нд эхэлж, үргэлжлүүлээд сарын анхан шатны бэлтгэл сургуулалтад оруулах албаны ажиллагаа эхэлж байгаа” гэсэн юм. 

Э.Бат-Эрдэнэ