Х.Баттулга: Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын зарчим

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  нийслэлийн 48 дугаар сургууль дээр саналаа өгсөн юм. Тэрбээр саналаа өгснийхөө дараа хэвлэлийхэнд хандаж үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА “Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дарга нараа сонгодог хариуцлагатай чухал сонгууль болж байна. Өдрийн 15.00 цагийн байдлаар нийт сонгогчийн ирц 35 хувьтай байгаа нь тун бага үзүүлэлт. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэд санал хураалтын цаг дуусахаас өмнө иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй. Сонгуульдаа оролцоогүй, сонгуулиар нийгмийнхээ харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох асуудлыг нэхэх нь учир дутагдалтай. Жишээлбэл, саяхан нийслэл дээр хүүхдийн автобусыг худалдаж авсан үнийн асуудалд маргаан гарлаа. Хэрэв НИТХ-ын төлөөлөгчид олон намын тогтолцоотой, хяналттай байсан бол ийм маргаан гарч иргэдийг талцуулахгүй. Тийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын зарчим. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийгээрэй гэж хүсье” гэсэн юм.