Спикер нь онгоцонд, эрхэм гишүүд нь гудамжинд гацсан УИХ

Улс төр

Иргэн хүн хэн боловч ажлаа тасалбал хариуцлага хүлээдэг. Захиргааны арга хэмжээ авахуулж “Ажлаас халахыг сануулна... Донгодуулна”. Эс бөгөөс авдаг цалингаас хасна. Энэ бол өнөөдөр мөрдөж байгаа Хөдөлмөрийн хуулиар авч байгаа арга хэмжээ. Тэгвэл УИХ танхимаараа ажлаа таслаад хэд хонолоо.

Монголын парламентын түүхэнд өмнө нь хууль тогтоогчид  Орон нутгийн сонгуульд ажиллахын тулд УИХ-ынхаа чуулганыг гацаасан түүх үгүй. Гэвч эрх баригч МАН ялалтыг ямар ч үнэ цэнээр хамаагүй авахын тулд сүүлийн хэд хоног улайрлаа. УИХ-д олонхи болсон эрхмүүд улаан цамц, малгай өмсөөд дүүрэг, хороодоор “Манай энэ залууг дэмжээрэй” гээд цэцэрлэгийн хүүхэд мэт хэдэн хүн дагуулж явахдаа үндсэн ажлаа тэр чигт нь орхигдууллаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулган хуралдаагүй.

 Хэлэлцэх асуудлын жагсаалт, хийх ажлын төлөвлөгөөний нь дагуу бол өчигдөр хоёр ч Байнгын хороо  хуралдах байлаа. Эрхэм гишүүд нь ирээгүй, ирц хүрэхгүй гэсэн шалтгаар бас л хуралдсангүй. УИХ яг хэзээнээс хуралдаж, эрхэм гишүүд хэзээнээс ажлаа хийж эхлэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь орон нутгийн сонгуульд аль нам хамгийн олон суудал авах вэ гэдгийг шийдвэрлэх санал хураалт маргааш болно.  Энэ өдөр бүх нийтээр амрах тул УИХ мөн ажиллахгүй. Харин маргааш нь буюу баасан гараг ажлын өдөр ч сонгуулийн дүн хэрхэн гарснаас хамаарч, УИХ-ын үйл ажиллагаа үргэлжлэх эсэх шалтгаалах болоод байна.

Уг нь УИХ-д МАН 62 суудал эзэгнэж буй. Байнгын хороо нь 19 гишүүнээс бүрддэг. Хуульд зааснаар Байнгын хорооны хурал зарлагдахад хамгийн багадаа 10 гишүүн ирэхэд ирц  50 хувийн босго давж, хуулийн төслийг хэлэлцэх боломжтой  болдог. Харин өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд 10 гишүүн ч оролцох боломжгүй байгаа нь хууль  тогтоогчид тэр дундаа эрх баригчид УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн хайнга хандаж буйн нотолгоо юм.

УИХ-ын гишүүдийн үндсэн ажил бол хуулийн төслүүд дээр ажиллаж, хэрэгжиж буй хуульдаа хяналт тавих болохоос биш аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр хэн сонгогдохыг зааж, зөвлөдөг улс төрийн зааварлагч биш.  Хэрвээ  хууль батлах сонирхолгүй, анхан шатны нэгжүүдэд ажиллах сонирхол байсан юм бол яах гэж УИХ-д сонгогдов.

Шинэ парламентад хийх ажил ч олон байна. Монгол Улсын 2021 оны төсвийн төсөл, 2021 онд баримтлах Төрийн мөнгөний бодлогуудаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагуулж, шинэчлэх шаардлагатай олон төсөл шил шилээ даран хүлээгдэж байна. УИХ-ын намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар хийх ажлынхаа тухай танилцуулахдаа нийт 140 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн. Гэтэл хэлсэн үгээ өөрөө ч мартав бололтой, "Хүннү эйр" компанийн онгоцны нислэгийг гурван цаг гацаан, хүнд өвчтэй хүмүүсийг ч хөлдөө чирэн, орон нутгийн сонгуулийн ажил хийж яваа мэдээ чих дэлссэн.  Үндсэн ажлаа хийдүүлэн,   онгоц гацааж олон түмнийг чирэгдүүлж явахаар ирцээ бүрдүүлж, ажлаа хийхэд анхаардаг спикертэй болох юм сан.  

 Я.Монгол