Э.Ганболор: Хан-Уулын 21 дүгээр хороонд орон сууц худалдан авах гээд булаацалддаг, тийм л орчинг бүрдүүлнэ

Улс төр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-д 21 дүгээр хороонд нэр дэвшигч Э.Ганболорыг манай 

вэбсайт “Ярилцах танхим”-даа зочноор урилаа.

 

Хууль бусаар олгосон газруудыг чөлөөлж, хороондоо, иргэддээ зориулсан бүтээн байгуулалт хийнэ

-Та ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж,  иргэд сонгогчдынхоо санал бодлыг төрд хүргэж, тэдний дуу хоолой, холбох гүүр нь болж яваа хүн. Энэ удаагийн сонгуульд цоо шинэ хороог зорин, нэрээ дэвшүүлсний учир юу вэ?

-Манай Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо маань байгуулагдаад таван жил болж байгаа шинэ хороо. Энэ хороо буюу “Буянт-Ухаа-2” хороолол маань Олон улсын шинэ нисэх буудлаас Улаанбаатар хот руу орж ирэх замд нь хамгийн эхлээд нүдэнд тусч, нийслэлийн маань нүүр царайг харуулдаг.  Тэгэхээр энэ шинэ хороондоо дутуу орхисон ажлуудыг хийж гүйцээх, улам илүү ихийг хийх, бүтээх боломж байгааг олж харсан. Ер нь бол шийдэх, цэгцлэх асуудал маш ихээр хуримтлагдчихаж.  Өнөөдрийн байдлаар 21 дүгээр хороонд маань гэхэд л сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж маш муу байна. Ганцхан цэцэрлэгтэй, сургууль байхгүй . Хүүхдүүдээ Яармагийн 118 дугаар сургууль руу зөөж байна. Бага насны хүүхдүүдээ аваад ингэж автобус унаа хүлээж,зогсоно гэдэг маш хэцүү. Дээр нь хотоос нэлээд алслагдмал хороолол учраас унаа, нийтийн тээврийн асуудал маш хүнд, хүрэлцээгүй байна. Энэ бүгдийг хараад, судлаад АН-аас Г.Эрдэнэбаатар, бид хоёр энэ хорооноос нэр дэвшсэн. Манай Г.Эрдэнэбаатар бол шилдэг залуу боловсон хүчин. Яг хийж бүтээх насан дээрээ, шинэ сэргэг бүхнийг эрэлхийлж, олж харж чаддаг мундаг залуу байгаа юм. Энэ хорооны АН-ын үүрийн даргаар ажилладаг учраас хорооныхоо онцлог болон шийдэх учиртай тулгамдсан асуудал, хийх ажлуудаа маш сайн мэдэж байгаа.Энэ хорооллын маань дотоодод ч эн тэргүүнд шийдэх асуудал олон байна.Энэ бүхэн дээр бид хоёр гар сэтгэл нийлэн ажиллаж энэ бүх асуудлыг шийдэхээр зорьж байна.

-Та бүхэн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдвол энэ 21 дүгээр хороондхамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх вэ?

-“Буянт-Ухаа-2” хороолол дотроо мөн л автомашины зогсоол, гарааш алга. Хүүхдийн ганцхан жижиг тоглоомын талбайтай. Хүүхдээ салхилуулах, өндөр настангууд сууж амрах, тухлах, алжаал тайлах болоод хүүхдээ харж байгаа ээжүүд өөрийгөө сургаж боловсруулах өрөө танхимаас эхлээд хийх бүтээх, босгох ажил их байна. Түүнээс гадна 21 дүгээр хороо маань өөрийн гэсэн байргүй дээр нь өрхийн эмнэлэг, цагдаа гээд төрийн бүх л ажил үйлчилгээ эрхэлж буй байгууллага орон сууцны орцонд түрээсээр байрладаг. Энэ бүгдийг шийдэж байж эхний ээлжинд хорооныхоо иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж өгнө.

-Та бүхний олж хараад хамгийн түрүүнд хийх энэ ажлууд иргэд сонгогчдын яах аргагүй хүсэн хүлээж байгаа асуудлууд мөн. Гэвч энэ бүхнийг шийдэхэд газар, зай талбай хэрэгтэй болно. Хорооны байр, цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг, гарааш, зогсоол барих газар энэ хороонд байгаа юм уу? Бас л зай талбай хомс юм шиг харагдаад байна.

-Энэ хорооны нутаг дэвсгэр дээр хууль бусаар олгосон газар маш их байна. Тэгэхээр ингэж хууль бусаар олгосон газрын асуудалтай нүүр тулж, судалж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласнаар газрыг чөлөөлж авах боломж юм. Ингээд чөлөөлж авсан газар дээрээ энэ бүхнийг барьж байгуулах бүрэн боломжтой. Дүүргийн Газрын албанд ажиллаж байсан туршлага, мэдлэг надад байгаа болохоор энэ асуудлыг бүрэн шийдэх гаргалгаа, гарц байгааг олж харсан. Ер нь манай 21 дүгээр хороо бол давуу тал ихтэй. Агаар, зам сайтай гээд... Тиймээс энэ хорооны оршин суугчид маань эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах учиртай. Орчин нөхцөлийг иж бүрэн шийдсэнээр 21 дүгээр хорооны орон сууцыг хамгийн өндөр үнээр булаацалдан авдаг болгох боломж байна гэж хараад би энэ хороонд нэр дэвшсэн. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд хийх ажил их байна аа.

-Түрээсээр олгосон орон сууцны хороолол болоод хорооны байргүй, сургууль цэцэрлэггүй гээд нэлээд ядмагхан байгаа хэрэг үү. Бас ч гэж энэ хороолол чинь шинэ биш. Гэтэл өнөөдөр байдал яагаад ийм байгаа хэрэг вэ. “Орон сууцанд оруулсан... гээд нэг их харж хандчихсан юм шиг  царайлаад энэ орчин 21 дүгээр хороогоо харин ч бүүр хөсөр хаясан” гэх гомдлыг олон иргэний амнаас сонслоо.

-Хөрөнгө мөнгийг шийдээгүйгээс зогсчихсон ажил маш их байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, автомашины зогсоол барих гээд эхлүүлээд хаячихсан. Одоо эхлүүлсэн тэр ажлыг хар л даа. Зүгээр л хэдэн краказ.

-Хотын төвөөс нэлээд зайдуу хороо. Тэгтэл одоо нийтийн тээврийн асуудал маш хэцүү байна гэсэн иргэд сонгогчдын санал Таны сонорт хүрсэн байж таарна. Энэ асуудлыг шийдэх ямар боломж байна вэ?

-Энэ 21 дүгээр хороонд амьдарч байгаа иргэд маань хотын төв ороход заавал автобус дамждаг. Гэтэл автобус унаа дамжаад явахад хэр их хугацаа зарцуулж, ямар ажил амжуулах вэ. Үнэхээр хэцүү. Хамаг цагаа замын түгжрэлд өнгөрүүлнэ. Тиймээс энэ хороолол руу нэмэлт маршрут, чиглэлийг яаралтай гаргаж өгөх асуудлыг холбогдох байгууллагаар шийдүүлэх учиртай.

Бас хороолол дотроо иргэний аюулгүй байдал талаасаа анхаарал татаж байгаа асуудал бол хулгай маш их байна. Маш

-Та одоо Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ замын түгжрэлийн асуудалд ямар байр суурьтай байна. Түгжрэлээс үүдэн учирч байгаа хор, хохирлыг олж харж, тооцож үзсэн эрх мэдэлтэн байдаг болов уу?

-Хоёр жилийн өмнө Нисэх, Яармагийн чиглэл ингэж түгжирдэггүй байх үед нь би ИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд дүүргийнхээ удирдлагуудад хэд хэдэн удаа саналаа хэлж байсан. “Энэ замын ачаалал дийлдэхээ болино оо. Анхаарч, асуудлыг шийдмээр байна” гээд. . Саналыг маань их сайхнаар хүлээж авсан мэт дүр үзүүлээд шийдсэн, хөөцөлдсөн ажил, алхам байхгүй л өнөөдрийг хүрлээ.Энэ асуудлыг заавал  улсын төсөв хараад тийшээ асуудлын бурууг чихээд гарц шийдлийн мухардалд орох шаардлага байхгүй. Хамтын ажиллагаатай гадаад улс орнуудаас хөрөнгө мөнгийг босгох боломж байна гэж харж байгаа. Нисэхийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар байдлаар шийдэх боломж байна гэж харж байгаа, миний хувьд. Мөн энэ чиглэлийн хамгийн хөдөлгөөн ихтэй газарт нүхэн гарц буюу туннель барья. Ингэхгүй бол замын түгжрэл, иргэдийн аюулгүй байдал улам хүндэрнэ.

 

Түрээсийн мөнгийг орон сууцны үнэд оруулж тооцохгүй байгаа асуудлыг бүрэн шийдүүлнэ

-“Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд сонгон шалгаруулалтаар өөрөөр хэлбэл нарийн шалгуураар сонгогдон орсон оршин суугчид өнөөдөр маш их гомдолтой байх юм. Энэ гомдол юунаас болоод үүсэв? Ер нь бол энэ орон сууцыг иргэддээ түрээсээр олгох асуудлын анх АН л санаачилсан шүү дээ?

-Тийм ээ, 2012-2016 онд Эвслийн Засгийн газар анх“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан гэрээ ёсоор бол оршин суугч нь түрээсэлж байгаад  тодорхой хугацааны дараа орон сууцаа өөрийн өмч болгож авах журамтай байсан. Гэтэл 2016-2020 оноос эхлээд түрээсийн төлбөрийг орон сууцны үнэ өртөгт огт оруулан тооцохгүйгээр орон сууцны төлбөр төлөхийг шаардаж байна. Энэ асуудал дээр иргэд, оршин суугчид маань их бухимдалтай байгаа.

-Өнгөрсөн жил буюу УИХ-ын сонгуулийн өмнө бол НОСК-оос оршин суугчидтай гэрээ байгуулахдаа эхний хэдэн жил төлсөн түрээсийн мөнгөө орон сууцны үнэд шингээх эсвэл дан түрээслээд явах гэсэн бас нэг ялгаатай байсан санагдана?

-Одоо тэр гэрээ, журмаа зөрчөөд нугалаа гаргаж, иргэдийг бухимдуулаад байна. Түрээсийн мөнгийн байрны үнэд оруулахгүйгээр одоо бол байрны үнийн 30 хувийг урьдчилж төлөөд, Ипотекийн зээлэнд хамрагд гэсэн шаардлага л тавьж байна. Ингэж Түрээсийн орон сууц хөтөлбөрийн ач хологдол, утга өнөөдөр бүрэн алдагдчихаад байна. Энэ асуудлыг бүр илүү сайн судлан холбогдох төрийн байгууллагуудтай уулзаж, ИТХ-аараа дамжуулан, шийдүүлж өгөхөд бүх анхаарлаа хандуулна. Тэр байтугай, түрээсийн мөнгөө цаг хугацаандаа төлсөнгүй гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байрнаасаа хөөгдөж гарсан гэх мэдээлэлч байгаа. Энэ асуудлыг нэлээд тууштай судалж, оршин суугчдын эрхэнд халдсан бусармаг үйлдлийг зогсооно.

-Өнөөдөр энэ түрээсийн орон сууцанд хэдэн айл амьдарч байна?

-“Буянт-Ухаа-2” хорооллын 1000 өрхөөс 500 нь түрээсийн орон сууцанд амьдарч байгаа юм.  Оршин суугчдын маань олонхи нь залуу гэр бүл. Хүүхдүүд нь бага насных. Тэгээд бас өндөр настнууд амьдардаг. Тэд маань бас хүүхдүүдийнхээ хүүхдийг харах “албатай”. Ингээд харахаар хүүхэд, ахмадуудад зориулсан талбай, танхим, залуу гэр бүл сурч боловсрох, амьдралдаа тустай дэмтэй сургалтанд хамрагдах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байгааг олж харсан. Манай намынхан энэ асуудлыг бүрэн шийдэх гарц, шийдлээ ярилцаж олоод явж байна.

-Эвслийн Засгийн газар түрээсийн орон сууцанд иргэдээ хамруулах хөтөлбөрийг амжилттай эхлүүлж, хэрэгжүүлж байсан тухай оршин суугчид ярьж байна. Гэтэл “Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч МАН арай өөр хувилбар гаргаж ирээд, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн ач холбогдол нэр хүндийг унагачлаа. Одоо орон нутгийн сонгуульд энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн гурван нам эвсэн оролцож байна.  Тиймээс “Түрээсийн орон сууц” хөтөлбөр одоо нэг жинхэнэ гольдролдоо орж, “Орон сууцаа худалдаж ав” гэж мөнгө нэхэхгүй болов уу гэсэн иргэдийн хүлээлт, горьдлого их байна?

-Манай гурван нам нэгдсэн нь маш зөв алхам гэдгийг сонгогчид маань аль хэдийнэ олж харсан байна. Эвслийн Засгийн газар санаачлан, хэрэгжүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрөө зөв гольдролоор үргэлжлүүлэн иргэд, оршин суугчдадаа ашигтайгаар шийдэж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломж бүрэн байгаа. Энэ асуудлыг Нийслэлийн Орон сууцны компани гэх газар яг яаж хэрэгжүүлээд байгааг судална. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тодорхой стандарт журам нь өнөөдөр маш бүрхэг байна. Энэ асуудлыг бүүр төр, засгийн бодлогын төвшинд шийдэх ёстой. Зөвхөн Хан-Уул дүүргийн энэ хороолол ч биш улсын хэмжээнд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин манай “Буянт-Ухаа-2” хороолол маань “Түрээсийн орон сууц”-ны жишиг хороолол нь болох учиртай. Гэхдээ өнөөдөр бүх ажил, амьдрал болохгүй, бүтэхгүй байгаа мэтээр ойлгож, ярихыг хүсдэггүй. Миний хувьд Улаанбаатар хотынхоо ирээдүйг маш сайхан, гэрэл гэгээтэйгээр хардаг. Бид ирээдүйгээ харж, маргаашаа бүтээх ёстой юм. Тиймээс АН ид хийж, бүтээх ирэн дээрээ яюж байгаа залуусаа НИТХ-д нэрийг дэвшүүлсэн. Манай Хан-Уул дүүргээс НИТХ-д нэрийг дэвшүүлсэн Б.Амартүвшин, Б.Билэгт хоёр бол сэтгэл, сэтгэлгээгээ ажил хөдөлмөр рүү чиглүүлчихсэн, тийм мундаг залуус. Хөдөлмөр хүний бий болгодог гэдэг шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрлөж, аливааг хийж бүтээдэг залуусаа дэмжиж чадвал бид илүү ихийг, илүү сайн сайхныг бүтээж, эрүүл аюулгүй орчинд ая тухтай ажиллаж, амьдрах боломжоо бүрдүүлэх  юм. Энэ дашрамд НИТХ-д нэр дэвшигч Б.Амартүвшин, Б.Билэгт хоёртоо амжилт хүсье.

-Баригдаад таван жил болсон хороолол гэхэд”Буянт-Ухаа-2”-т хийсэн бүтээсэн босгосон юм ховор байна шүү. Иргэдийн амьдрах орчин ая тух үнэхээр муу байгаа нь юутай холбоотой вэ?

-Манай дарга нар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамрагдсан оршин суугчдаа эмзэг бүлгийнхэн гэж ойлгоод бүүр анхаарлынхаа гадна орхиод байгаатай холбоотой.

 

Монголбанкны, гаалийн, татварын, ИБМ-ийн гээд бүх мэдээллийг иргэддээ буруу, худлаа өгдөг

-Та удаа дараагийн сонгуулийн ялагдлыг юутай холбож ойлгодог вэ?

- Олон шалтаг, шалтгаан байгаа. Яривал даанч урт. Товчхондоо бол манай сонгогчдыг мэдээллийн хомсдолд оруулж төөрөлдүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголбанк, гааль, татвар, ИБМГ-аас зориуд худал мэдээллээр дарж байна. Иргэд маань төрийн энэ хуурамч мэдээллийн балгаар буруу мэдээлэл, буруу ойлголтоор яваад байгаа юм.

Энэ байдлыг хэрхэн залруулах билээ?

-Энэ бол эрх баригчдын хийж байгаа ажил. Сурсан, дадсан бусармаг арга нь болохоор хэн нэгэн залруулахад хэцүү. Харин сонгогчдын маань сонголт энэ бүх бусармаг байдалд цэг тавьж чадна.

Ялагдлын бас нэг шалтгаан бол сонгогчдын саналын луйвар.

 -Яг луйвардах боломж байдаг юм уу. Хий хардалт яваад байдаг юм биш үү?

-Хамгийн том луйвар нь царцааны нүүдэл. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг сонгогчоор 4-5 тойрог дамжаад санал өгүүлчихсэн баримт сонсч л байсан. Тэмдэглэгээ байхгүй. ИБМ нь эрх баригчдын гарт байгаа болохоор нэг санал 100 000-200 000 төгрөг гээд үнэлгээ тогтоочихож. Уг нь иргэн сонгогч бол өнөөдрийн хэдэн төгрөгийг биш маргаашийнхаа сайн сайхныг бодох хэрэгтэй юм.

-Сонгогчдын саналыг худалдаж авахаас гадна нэр дэвшигчийн саналын тоог хуваах гээд бас хөндлөнгийн хүн гаргаж тавьдаг болсон юм биш үү? Тухайлбал, энэ жишээг ХҮН нам дээр их ярих боллоо.

-Өнөөдөр байдал яг л тийм байгаа. Мөрийн хөтөлбөр зорилт, хүнийхээ хувьд сонгогчдоос хамгийн сайн үнэлгээ авч яваа нэгэн рүү мөнгөөр худалдаж авсан нэр дэвшигч илгээж байна. Тэр нь юу ч хийхээс буцахгүй. Гүтгэх гүжирдэх... болэнүүхэнд. Мөнгө хүнийг ингэж эвдэж, мөнгөөр сонгуулийн дүн, сонгогчдын саналыг эргүүлж байгааг өөрчлөх цаг болсон.

-Та залуу хүн. Ярилцлагынхаа төгсгөлд залуустаа ханаж юу гэж хэлмээр байна.

-Өнөөдөр манай залуус бэлэнчлэх сэтгэлгээ рүү эргээд орчихлоо. Хийж бүтээх ид сайхан насандаа гар хумхин суугаад яах юм бэ. Амьдралдаа, улс орондоо өнгө нэмээд ажил хий, бүтээ. Хийсэн бүтээснээ эргээд харах хичнээн сайхан гээч. Өнөөдөр чин сэтгэлээсээ ажилд, хөдөлмөрт дуртай, цалингийн төлөө бус хийж бүтээхийн төлөө явж байгаа хэдэн сайхан залуутай хамт ажиллаж байгаадаа би их урамтай, баяртай явдаг. Хийж бүтээх сэтгэлгээ маань ном, юм уншихаас төрдөг юм шиг санагддаг. Сайн унш, сайхан ажилла, залуус аа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье